Улсын төсвийн 25 хувийг уул уурхай бүрдүүлдэг

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Улсын төсвийн 25 хувийг уул уурхай бүрдүүлдэг

Улсын төсвийн 25 хувийг уул уурхай бүрдүүлдэг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Монголын эрдэс баялаг-уул уурхай 2018” чуулга уулзалт өнөөдөр /2018.03.22/ Төрийн ордонд боллоо. Чуулга уулзалтаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө сурталчлах үүднээс анх удаа зохион байгууллаа.

Чуулга уулзалтад БНХАУ, ОХУ, Казакстан зэрэг 10 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “Уул уурхай бол нийгмийн дэмжлэг, аж ахуйн нэгжийн идэвхтэй үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар бөгөөд салбарын бодлого чиглэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой байлгах, мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд зөв ойлголт өгөх, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал билээ. Миний бие хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримталж байна” гэдгээ онцлов.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж буй юм.

Чуулга уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ойрын хугацаанд дөрвөн том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа талаар танилцууллаа. Тухайлбал, “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ төсөлд ойролцоогоор 700 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа юм байна. Төсөл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний үе шатны уул уурхайн салбарын бүтээн байгуулалт хийгдэж дуусчээ. Одоо төслийн хоёрдугаар үе шатны бэлтгэл ажлуудыг хангахаар ажиллаж байгаа гэнэ. Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2025 он хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. УУХҮЯ-аас танилцуулж буй дараагийн төсөл бол ‘Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр” төсөл. Энэ төслийг “Бэрэн групп” ХХК-ийн хэрэгжүүлэх бөгөөд 24,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Түүнээс гадна Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөлд 2,1 тэрбум төгрөг, Нүүрснээс шингэрүүлсэн хий гаргаж авах төсөлд 2,5 тэрбум ам.доллар тус тус шаардлагатай байгаа юм байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар Монголд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулагчдад ямар боломж байгаа, Засгийн газар ямар бодлогоор хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Мөн “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компаниудын танилцуулгыг хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Чуулган маргааш буюу гуравдугаар сарын 23-ны өдөр үргэлжлэх юм. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж