Оюутолгойн гэрээ сайн уу, муу юу?

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээ сайн уу, муу юу?

Оюутолгойн гэрээ сайн уу, муу юу?

Оюутолгойн гэрээг тойрч суугаад монголчууд хоёр талцаад есөн жил болж байна.  Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйл,  УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 40, 2009 оны  долдугаар сарын 16-ны өдрийн 57, Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 308 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас эрх олгосноор Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт,  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар ‘Рио Тинто’-той 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээ тойрсон сайн, муу гэх шүүмжлэл тайлбар одоо ч өрнөж, улс төр, эдийн засгийнхны анхаарлыг татсаар байгаа. Тиймээс Оюутолгойн гэрээтэй холбоотой, шүүмжлэл тайлбаруудыг хүргэж байна.


С.Баяр:

-Оюутолгой Монголын төсөвт хамгийн их татвар төлж байгаа компани. 40 жилийн өмнө байгуулсан Эрдэнэт, дөрвөн жилийн өмнө байгуулсан Оюутолгой Монголын эдийн засгийг нуруундаа үүрч байна. Төсөвт төлсөн мөнгөөр нь тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсөө Монгол Улс тавьж байна. Түүний дотор Ц.Даваасүрэн, С.Болорчулуун нарын цалин бас эндээс тавигдаж байгаа байх./УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнээс/

Ц.Нямдорж:

-“Оюутолгой төслийн хоёрдугаар шатны хэрэгжилтийг цааш үргэлжлүүлэх ёстой. Хэдэн жил Оюутолгойгоор оролдох гэсэн юм. Эрх барьж буй хүчин, зарим улстөрчид Оюутолгойгоор популизм хийж, УИХ- д орж ирсэн. Одоо зарим улстөрч увайгүй үйлдлээ зогсоохгүй байна /УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнээс/

З.Энхболд:

-Оюутолгойн ордыг ашиглах асуудлаар УИХ холбогдох шийдвэрийг гаргасан. Оюутолгой орд эдийн засгийн эргэлтэд орж, бүтээгдэхүүнээ экспортолж байна. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөг хөрөнгө оруулагчтай хамтран баталсан нь зах зээлд эерэг дохио өглөө. Одоо Оюутолгойн далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтыг Монгол Улс хүлээж байна. /УИХ-ын дарга байхдаа тавьсан итгэлээс /

С.Баярцогт:

-2009 онд бид чөмгөө дундартал зүтгэж, Оюутолгойн гэрээг байгуул­сан. Сайн гэрээ болсон гэж дүгнэдэг. Мэдээж дэлхий дээр төгс гэрээ байгуулагдах нь ховор. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн байдаг. Засгийн газар одоо хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн асууд­лаар хэлэлцээр хийж байгаа. Үе үеийн Засгийн газар Оюутолгойн чиглэлд ажилладаг. Бид хоёр том хөрштэй. Аливаа улс эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа. Манайх ч ийм үзэл баримтлалтай. Оюутолгойн гэрээ бол гуравдагч хөрш орны хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Маш их ажлын байр, хөрөнгө оруулалт, ноу-хау, соёл дагуулж ирсэн. Тийм учраас Оюутолгойн гэрээг хүчингүй болгоод, өөр тоглогч оруулж ирэх сонирхол хэнд байж болох вэ.

Ц.Даваасүрэн:

-2009 онд уг гэрээг батлахыг эсэргүүцсэн долоон гишүүний нэг болж байлаа. Үүнээс болж намаасаа хүртэл хөөгдөж, бие дааж УИХ-д дэвшин сонгогдож байв. Өнөөдөр өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно.

Улс орныхоо эрх ашгийг хохироож хэдхэн хүн гаднынхан дагаж баяждаг энэ буруу жишгийг алга болгож байж монгол түмний амьдрал дээшилнэ. Үүнийг зогсоохгүй бол хэзээ ч Монгол Улс хөгжихгүй, иргэдийн маань амьдрал өөдлөхгүй. Зогсоохын төлөө эцсээ хүртэл явна аа. Ирэх 2020 оны сонгуулиар үүнийг сайн бодож, урвагчдыг унагаж яллах ёстой. /2018 оны гуравдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагаас/

Ч.Хашчулуун:

-Оюутолгой гэж дэлхийн хэмжээний том төсөл хэрэгжиж байгаа учраас бид олон улсын зах зээлд бонд гаргаж мөнгө босгосон. Оюутолгой төсөл хэрэгжихээс өмнө манай эдийн засаг өнөөдрийнх шиг 12 тэрбум ам.долларынх байгаагүй. Маш жижигхэн, гурав, дөрвөн тэрбум ам.долларын л эдийн засаг байсан. Бүр цаашлуулаад 2003 оны эхээр гэж яривал ердөө 1.2 тэрбум долларын эдийн засаг байлаа. Сүүлийн арван жилд арав дахин өссөний гол шалтгаан нь Оюутолгой төсөл. Оюутолгой төсөл амжилттай хэрэгжиж эхэлсний дараагаас нүүрсний салбар эрчтэй хөгжсөн. Дараа, дараагийн мега төслийн суурь бүрдсэн. ТЭЦ-5, төмөр замын бүтээн байгуулалт гэж ярьдаг болсон маань Оюутолгойтой холбоотой. Мега төслүүд байгаагүй бол Монгол гэдэг улс мал аж ахуй, аялал жуулчлалаасаа багахан мөнгө олдог жижигхэн орон хэвээр орших байсан /2015 онд хэвлэлд өгсөн ярилцлагаас/

С.Ганбаатар:

-Оюутолгойн луйврын гэрээний талаар би 14 жил ярьж байна. Энэ гэрээг хийхдээ анхнаасаа эх оронч сэтгэлээр хандсан бол өнөөдөр монголчууд Норвеги шиг сайхан амьдрах байлаа. Энэ боломжийн төлөө өнөөдөр сэрсэн бол яамай даа. юутолгойн уул уурхайн гэрээ зогсчих юм шиг бодож магадгүй. Зогсоосон ч Монголын талд ямар алдагдалтай юм. “Рио-Тинто”-гийн гэрээнээс ашиг хүртдэг улстөрчид л хохирч магадгүй.  С.Ганбаатар гэдэг хүн нэг кг зэс ч авах гээгүй. Үр дүн нь Монгол орон өргүй болно. Монголд ажлын байр бий болно. Одоо бид яаж амьдарч байгаа билээ.Сургуульгүй, ажилгүй, ядуу, тэтгэврээ нэмж чадахгүй, цалингаа тавьж чадахгүй байна. Хэрэв Оюутолгойн гэрээг засч чадвал энэ бүх зовлон эдгэрнэ.

Ч.Сайханбилэг:

-Улс эх орноо боддог л юм бол өнөөдөр улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Одоо Оюутолгойг зүгээр л орхих хэрэгтэй ийм цаг ирсэн. Эрдэнэт үйлдвэртэй адилхан Оюутолгой гэдэг ийм том бүтээн байгуулалт, энэ том үйлдвэр маань өөрөө үргэлжлүүлж ажиллах шаардлагатай болсон. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон.

Д.Загджав:

-Авлига өгсөн нь тогтоогдвол манайх 34 хувиа 100 хувь болгох боломжтой. Энэ дуусдаггүй, их маргаан нь Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын үүд хаалгыг хааж, төрд итгэх ард түмний итгэлийг бууруулж байгаа нь тодорхой. Цаашлаад энэ асуудлыг улс төрийн өшөө авалтдаа ашиглаж нэр бүхий улс төрчид нийгмийг хагаралдуулж байгаа нь ноцтой үр дагавартай болоод байна. Энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол хоосон хардлага сэжиг нь Оюу Толгой ХХК-ийн ажилд ч саадтай байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил сунжирч хойшилсноос болоод тус компанийн ашиг орлого 2017 онд 22 хувь буурлаа гэсэн утгатай мэдэгдэл тэд хийсэн байна билээ./2018.3.21-нд хэвлэлд өгсөн ярилцлагаас/

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж