Каролина Костнер богино үзүүлбэрийг тэргүүллээ | News.MN

Каролина Костнер богино үзүүлбэрийг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Каролина Костнер богино үзүүлбэрийг тэргүүллээ

Каролина Костнер богино үзүүлбэрийг тэргүүллээ

Италийн Милан хотноо эхлээд буй уран гулгалтын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй богино үзүүлбэрийн дүн гарлаа. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд нийт 37 тамирчин өрсөлдсөн бөгөөд богино үзүүлбэрт эхний 24-т багтсан тамирчид чөлөөт үзүүлбэрт шалгарч үлдсэн.

Эдгээр 37 тамирчныг 31 настай дэлхийн аваргыг зохион байгуулагч орон Италийн шилдэг тамирчин К.Костнер 80.27 оноогоор тэргүүлжээ. Энэ нь Итали бүсгүйн карьертаа авч буй богино үзүүлбэрийн хамгийн өндөр оноо болсон юм. 2014 оны Сочигийн олимпийн хүрэл медальт, 2012 оны дэлхийн аварга К.Костнер богино үзүүлбэрээр хамгийн өндөр оноо болох 77.24 оноог 2014 оны дэлхийн аваргаар авч байжээ. Ямартаа ч сүүлчийн удаа дэлхийн аваргадаа оролцож буй К.Костнер хүчтэй өрсөлдөгчид болох А.Загитова, К.Осмонд, С.Мияхара, К.Далеман нарын шилдгүүдийг ардаа орхиж чадлаа. Энэ нь түүнийг дэлхийн аваргаас медаль хүртэх боломжийг өндөр болгож байна.

Эмэгтэй ганцаарчилсан богино үзүүлбэрийн ТОП-10 тамирчин:

  1. К.Костнер (Итали) – 80.27 оноо
  2. А.Загитова (Орос) – 79.51 оноо
  3. С.Мияхара (Япон) – 74.36 оноо
  4. К.Осмонд (Канад) – 72.73 оноо
  5. М.Сотскова (Орос) – 71.80 оноо
  6. Г.Далеман (Канад) – 71.61 оноо
  7. Б.Теннелль (Америк) – 68.76 оноо
  8. В.Хигучи (Япон) – 65.89 оноо
  9. М.Нагасу (Америк) – 65.21 оноо
  10. Л.Хендрикс (Бельги) – 64.07 оноо

Шилдэг 10-т Оросын 2, Канадын 2, Америкийн 2, Японы 2, Италийн 1, Бельгийн 1 тамирчин шалгарсан. Богино үзүүлбэрт А.Загитова бага зэрэг тэнцвэрээ алдсан бол К.Осмонд үзүүлбэрийн үеэр унасан нь оноо хасагдах шалтгаан болж өгсөн. К.Осмонд хэдийгээр 1.35 оноо хасуулсан ч эхний 3-т багтаж чадаагүй. Харин А.Загитовагийн үзүүлбэрийн дараа 81 оноогоор тэргүүлсэн ч эцсийн мөчид шүүгчид 79.51 оноо өгсөн. Гэхдээ К.Осмонд болон А.Загитова нарын хувьд чөлөөт үзүүлбэрээр өндөр оноо авч медалийн тавцанд гарах чадвартай тамирчид юм. Эмэгтэй чөлөөт үзүүлбэр маргааш буюу баасан гаригт болсноор энэ удаагийн дэлхийн аваргын медалийн эзэд тодорно.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж