Хөвгүүд түрүү булчирхайн үрэвслээр өвчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Хөвгүүд түрүү булчирхайн үрэвслээр өвчилж байна

Хөвгүүд түрүү булчирхайн үрэвслээр өвчилж байна

Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг залуучууд, өсвөр үеийнхэн эзэлдэг. Гэтэл тэдний дунд бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт өндөр хувьтай байгааг судалгаагаар тогтоосон. Дүүрэг бүрт өсвөр үед ээлтэй клиник ажиллаж байгаа. Энэ төвүүдэд харьяа дүүрэг харгалзахгүй залууст үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байна. Харамсалтай нь, Монголын залуус бэлгийн замын өвчнөөр өвчилснийхөө дараа л эмнэлгийн байгууллагад ханддаг гэж эмч мэргэжилтнүүд хэлж байлаа.

Оюутны хотхоны дунд байрладаг өсвөр үе залууст ээлтэй клиникээр орлоо. Залууст зориулсан сурталчилгааны хуудсыг ханандаа өлгөжээ. Жилдээ энэ төвөөр 5000 гаруй  хүн үйлчлүүлдэг байна.  

Үдийн 13 цагт очиход тус клиник төвд ямар ч хүн байсангүй. Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 онд гаргасан судалгаанд бэлгийн замын халдварт өвчний тохиолдол 20-29 насны залуусын дунд өндөр бүртгэгдсэн аж. Мөн зонхилон тохиолдох БЗХӨ-ын 10 мянган хүн ам дахь тохиолдлын түвшин 2016 онд тэмбүүгийн өвчлөл 1485 тохиолдлоор, заг хүйтэн 600 тохиолдлоор буурсан бол трихомониаз 333 тохиолдлоор өсжээ.

2016 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр нийт үр хөндөлт хийлгэсэн тохиолдлын таван хувийг 20-иос доош нас, 20-34 насны охид, эмэгтэйчүүд 70.7 хувийг эзэлж байна. 2016 оны байдлаар БЗХӨ-өөр өвчлөгсдийг насны ангиллаар авч үзвэл 11.9 хувийг 15-19 насныхан, 29.3 хувийг 20-24 насныхан эзэлж байна. Харин 2017 оны судалгаа энэ гуравдугаар сард гарах аж. 

Иймээс өсвөр үе залуусын нөхөн үржихүйн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг мэдээлэл олгох шаардлага тулгарч байна.


Залуус өвчнөө оношлуулахгүй дур мэдэн эм ууж байна

Энэ тухай НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаатай цөөн хором ярилцлаа.

-Өсвөр үе залуусын дунд бэлгийн замын өвчлөл их байгаа талаар сүүлийн үед их ярих боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай залуус бэлгийн замын халдварт өвчин гэхээр гуравхан өвчин мэддэг. Үүнд нь тэмбүү, заг хүйтэн, ХДХВ орж байгаа юм. Тэгтэл бэлгийн замын өвчин олон янз шүү дээ. Бэлгийн хомхой, умайн хүзүүний хавдар зэрэг гуч гаруй төрлийн халдварт өвчин нянгаар үүсгэгдэж байгааг мэдэхгүй явж байна. Бэлгийн замын халдварууд нь ихэнхдээ хавсарч өвчилдөг. Дангаараа тэмбүүгээр өвчилнө гэж хэзээ ч байдаггүй. Залуусын дунд ихэвчлэн бэлгийн замын өвчнийг дур мэдэн эмчилдэг тохиолдол түгээмэл байна. Тухайлбал, бэлгийн замын өвчлөлийн шинж тэмдэг  илрэнгүүт шууд л эмийн санчаас дур мэдэн эм авч уудаг. Энэ нь зөвхөн тухайн өвчний илэрч буй шинж тэмдгийг дарж буй болохоос биш өвчнийг бүрэн эдгээж байгаа гэсэн үг биш. Эмчлэхгүй удаан явбал архаг хэлбэртээ шилжин удаан явснаас үргүйдэл, умайн хүзүүний гуурсан хоолойны бөглөрөл, үрийн сувгийн бөглөрөл үүсгэдэг. Үүнийг залуус тэр бүр мэдэхгүй байна.

-Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин залуужих боллоо. Энэ юутай холбоотой вэ?

-Оюутан залуусын дунд эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаа нь бэлгийн замын өвчлөлийг ихэсгэж байна. Тэр дундаа архидан согтууралт, баяр ёслол, зугаа цэнгэл, олныг хамарсан үдэшлэг хэчнээн их байх тусам төдий чинээ тохиолдлын бэлгийн харилцаа ихэснэ. Тохиолдлын бэлгийн хавьтал нь олон сөрөг үр дагавартай. Залуусын дунд бэлгийн замын өвчлөлтэй холбоотой олон ташаа ойлголт байдаг. Тэр нь юу вэ гэвэл БЗХД-өөр өвчнөөр өвчилсөн бол дархлаа тогтдог гэх мэтчилэн. Гэтэл бэлгийн замын өвчин бактери нянгийн гаралтай үүсгэгддэг тул дахиад ч өвдөж болно. Залуучуудад бэлгэвчийг хэрхэн ашиглах, жирэмслэлтээс хэрхэн хамгаалах талаар хангалттай мэдээлэл бий. Гэхдээ бодит байдалд өөрийгөө хамгаалах дадал зуршил байхгүй байна.

-Судалгаанаас харахад өсвөр үеийнхний 70 хувь нь үр хөндөлтөд орж байсан гэсэн дүн гарчээ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм шүү. Манайхаас явуулсан судалгаанд 5300 залуусыг хамруулсан. Үүнээс 15-34 насны охид эмэгтэйчүүдийн 75 хувь нь үр хөндөлтөд орж байсан гэсэн дүн гарсан. ХДХВ-ийн 252 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр халдвар авсан хүмүүсийн хүйсийн харилцаагаар авч үзвэл 80 хувь нь эрчүүд байна. Тиймээс залуучуудын зан үйлийг л өөрчилмөөр байгаа юм. Энэ асуудалд эцэг эхчүүд ч гэсэн хүүхдэдээ цаг гаргаж нөхөн үржихүйн асуудлаар ярилцах хэрэгтэй.

Эмч бүсгүй ийн ярилаа. Монголчууд охидын бэлгийн боловсрол эрүүл мэндэд их анхаарч хөвгүүдээ орхидог. Тэгвэл хөвгүүдэд ч гэсэн бэлгийн боловсрол хэрэгтэй. Бэлгийн боловсрол дутмаг, эцэг эх энэ тал дээр хөвгүүдтэйгээ ярилцаж, анхаарал тавьдгүйгээс  тэд бэлгийн замын халдварт өвчин тусах эрсдэл дунд байна. Үүний нэг нь ХДХВ-ийн тохиолдлын дийлэнх нь эрчүүд гэдгийг бүр тодотгоё.

Өсвөр үе залуучуудад ээлтэй клиникийн эмч, эрхлэгч  Л.Хулан

Өсвөр үе залуучуудад ээлтэй клиникийн эмч, эрхлэгч  Л.Хулан Яг манай эмнэлгийн хувьд оюутан залуустай түлхүү ажиллаж байгаа. Өнгөрсөн өвөл оюутнуудын дунд БЗХӨ-ны судалгаа явуулсан. Энэ судалгаанд нийтдээ 450 гаруй оюутнуудыг хамруулсан. Уг судалгаагаар хоёр оюутан бэлгийн замын халдварт өвчтэй гэсэн хариу гарсан. Охид эмэгтэйчүүдийн дунд нянгийн гаралтай үтрээний үрэвсэл түгээмэл илүү байна. Харин хөвгүүдийн дунд түрүү булчирхайн үрэвсэл их ажиглагдах боллоо. 

Манай эмнэлэгт ихэвчлэн 15-24 насны оюутан залуус ханддаг. Жилдээ гэхэд 5000 гаруй оюутнуудад үнэ төлбөргүй, үзлэг шинжилгээ хийж байна. Мөн манайх хувь хүний нууцыг чандлан хадгалж залууст чиглэн ажилладаг онцлогтой. Ихэвчлэн шинжилгээнд хамрагдсан оюутнуудаас заг хүйтэн, тэмбүү, бэлгийн үү гэх мэт өвчнүүд түгээмэл бүртгэгддэг. Зарим нь хүндэрсэн шатандаа орж ирдэг л дээ. Миний ажигласнаар залуучуудад бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдээлэл байгаа. Гэвч эргээд өөрсдийгөө хамгаалах дадал хэвшил дутмаг байна’  гэж мэдээллээ. 

Баянгол дүүргийн иргэн Г.Лхамсүрэн

Баянгол дүүргийн иргэн Г.Лхамсүрэн ‘Бэлгийн замын халдварт өвчний талаарх ойлголтыг ихэвчлэн сошиалаас авдаг. Ер нь энэ төрлийн мэдээллүүд манай үеийнхэнд хомс байдаг л даа. Ерөнхий боловсролын сургуульд байхад эрүүл мэндийн хичээл ордог байсан. Харин одоо эрүүл мэндийн хичээл орохгүй болохоор өсвөр үеийнхэн мэдээлэлгүйн улмаас эрсдэлд орж байна’ гэв. 

Хан-Уул дүүргийн иргэн М.Хүслэн

Хан-Уул дүүргийн иргэн М.Хүслэн ‘Сүүлийн үеийн залуусын дунд бэлгийн өвчлөлийн талаарх мэдээлэл дутмаг байдаг. Уг нь арван жилд хичээл ордог байсан. Бид нар хичээл гээд тэр талын асуудлыг тоодоггүй. Тэгж хайнга хандаж байгаад өвчин авах тохиолдол их байгаа шүү дээ’ гэв. 

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж