Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр (2018.03.21) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариуг авсан байна.
Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Монгол Улс БНКУ-тай 1992 онд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн улс төрийн яриа хэлэлцээр идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байгаа 18 гэрээ, хэлэлцээр байдаг бөгөөд цаашид 10 орчим баримт бичгийг байгуулахаар ажиллаж байна. Улс төрийн хувьд ямар нэгэн маргаан, зөрчилтэй асуудал байхгүй бөгөөд Төв Азийн бүс нутаг дахь манай улсын чухал түнш орны нэг гэж үздэг.
Манай улс Киргиз Улстай түүх, соёлын эртний гүн бат хэлхээ холбоотой. Монгол, Киргиз нь нүүдлийн соёл иргэншилтэй учир нүүдлийн мал аж ахуй, гэр ахуй, хувцас хэрэглэл, хоол хүнс гэх мэт аж ахуй, хэл, ёс заншлын адил төстэй олон нийтлэг зүйлтэй. Хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд харилцан визгүй зорчдог.
Цаашид Киргизээр дамжин энэ бүс нутгийн улсуудыг хамарсан тив дамнасан эдийн засгийн том төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд манай улс оролцох, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Туркменистан, Иранд манай үндэсний бүтээгдэхүүнийг экспортлох, эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлох томоохон гарц суваг болох боломжтой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.