Сангийн сайд асан С.Баярцогтын данс руу 8.2 сая евро шилжүүлсэн дансыг битүүмжилсэн талаар Швейцарийн прокурорын газраас өгсөн мэдээллийг “Ройтерс” агентлаг дамжуулсан нь Монголын улс төр, эдийн засгийнхны анхаарлыг татаж байна. Энэхүү мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн асан С.Баярцогт өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, тайлбар өгсөн билээ. Ингэхдээ нэгэн анхаарал татсан мэдээлэл өгсөн 8.2 сая еврог түүнд Монголын нэртэй бизнесмен зээлүүлсэн гэх мэдэгдэл.
Тэрбээр, “Ройтерс” агентлаг дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллага. Гэвч мэдээлэл хэт субьектив дүгнэлттэй мэдээ байсан. Харин тэр мэдээлэл доторх хоёр тоо үнэн байсан. Миний бие 2006 онд таягтай, хөлөө гэмтээж, зургаан сар хэвтэрт байсан. Тэр үед би улс төр байхгүй бол би юу хийж болох вэ гэж их бодсон. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийж чадна гэж бодож, найз нартайгаа болон Монголын нэр бүхий бизнесменээс зээл авсан. Ингээд 8,2 сая еврогийн зээл авч Швейцарт нээлгэсэн дансандаа хийлгэсэн. Үүний дараа эдийн засаг хямарч, тэр зээлээ буцааж татсан. Энэ компани хаагдахад данс, тооцоо нь дууссан” гэсэн юм.
Түүний энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор С.Баярцогтод 8.2 сая евро буюу 10 сая ам.доллар зээлсэн тэр бизнесмен хэн бэ гэсэн асуулт тавигдаж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд бол 8.2 сая евро их мөнгө биш.
С.Баярцогт мэдлэг боловсролтой, хар багаасаа улс төрд зүтгэсэн, залуугаасаа төрийн сайд, дарга хийж явсан. MCS группын ерөнхийлөгч Ж.Оджаргалтай найз, одоо ч тэд сайн харилцаатай байдаг талаар улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Тэрбээр энэ талаараа нэгэн ярилцлагадаа “Би MCS-тэй ямар ч холбоогүй. Ж.Одтой хойно хамт сурч байсан, оюутан цагийн найзууд. Ж.Оджаргалтай хамт сагс тоглодог, үзэл бодол ойр. Бизнес эрхэлдэг, олны танил, нэр хүндтэй найзууд олонтой. Тэглээ гээд яах юм бэ, найз нөхдөөсөө татгалзах ёстой юу. Тэд бол Монголыг авч явж байгаа бизнесменүүд. Би харин ч тэдгээр хүмүүсээр бахархдаг” талаараа дурдаж байсан. Тиймээс С.Баярцогтод 8.2 сая евро зээлсэн хүн Ж.Оджаргал болов уу гэсэн хардлага ч байгаа. Гэхдээ Ж.Оджаргалын хувьд оффшорт данстай гэх баримт олдоогүй. Ройтерсийн мэдээгээр бол С.Баярцогтод мөнгө шилжүүлсэн гэх оффшор дансыг одоогоор битүүмжилсэн гэж Швейцарийн прокуророос мэдээлсэн гэх.
Тэгвэл С.Баярцогтод их хэмжээний мөнгө зээлсэн Монголын том бизнесмен нь магадгүй Петровисийн Ж.Оюунгэрэл байх гэж таамаглах хүн цөөнгүй. Ж.Оюунгэрэл нь Панамын аралд оффшор данстай талаар мэдээллийг тэрбээр үгүйсгээгүй. “Миний хувьд айж ичээд нуугаад байх юмгүй. 10-аад жилийн өмнө “Бату майнинг” гэдэг олон лиценз эзэмшдэг уул уурхайн компанийн хувьцааг аваад удалгүй буцааж зарсан” гэсэн тайлбар өгч байсан. Өнгөрсөн 27 жилийн турш бизнес хийж, Монголын хамгийн том нефть, нефтийн бүтээгдэхүүн борлуулдаг “Петровис” группын хувь эзэмшигчийн хувьд 8.2 сая евро С.Баярцогтод зээлсэн байлаа гэхэд ‘Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү, хэнд ч хамаагүй’ шүү дээ.
Нөгөө нэг таамаглалын эзэн бол УИХ-ын гишүүн Сү.Батболд. Улс төрд орохоосоо өмнө Монголын толгой бизнесийн нэг байсан. Монголчууд бүгд түүнийг мэднэ. Түүний эхлүүлсэн бизнес одоо ч амжилттай яваа. Тэрбээр оффшорт данстай гэх дуулианд холбогдсон.
С.Баярцогтын оффшор данс руу 8.2 евро шилжүүлсэн компани бол ‘Бату Майнинг’ байх магадлалтай гэсэн нэг хардлага байгаа. Тус компани 2003 онд байгуулагдсан. Анх байгуулагдахдаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байдаг. ‘Бату Майнинг’ ХХК нь гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд бүртгүүлсэн. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл биш. Учир нь, аливаа улсад компани байгуулах нь тухайн үед Монгол Улсын аль ч хуулиар хориглоогүй, бүх зүйл хуулийн дагуу ил тод нээлттэй байсан талаар УИХ-ын гишүүн Сү.Батболд нэгэнтээ мэдээлж байв. Мөн Ройтерсийн мэдээлэлд Швейцарийн прокуророос С.Баярцогтын дансанд мөнгө шилжүүлсэн данснаас дипломат паспортоор мөнгө гаргахыг оролдсон учраас битүүмжилсэн тухай дурдагдсан байсан. Дипломат паспорттой, тухайн үеийн баян бизнесмен гэхээр Сү.Батболд байх магадлал хамгийн өндөр байна.
С.Баярцогт Швейцарь, Монголын хуулийн байгууллага хамтран шалгалт явуулж байгаа нь үнэн мөнийг эцэслэхэд хэрэгтэй гэдгийг өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон. Тэрбээр энэ явдлаар кино зохиол хүртэл бичиж болохыг хэлсэн. С.Баяр, С.Баярцогт нарыг ‘Оюутолгой’-н гэрээг үзэглэсэн гэж буруутгадаг ч үнэн хэрэгтэй тухай үеийн парламент Рио Тинтотой хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Өнөөдөр ‘Оюутолгой’-н гэрээ алдаатай, авлига авсан өгсөн хэмээн хардаад байгаа зарим улстөрчид ч тухайн үед УИХ-ын гишүүн байсан, гэрээг батлах кноп дарж байсан нь ч худлаа биш. Хэрэвзээ УИХ-аас зөвшөөрөл олгоогүй бол энэ төсөл мэдээж хөдлөхгүй байсан болов уу.
Б.БАТ