Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны гишүүд дундаа “сэлгээ” хийх зорилгоор ротаци буюу дотоод сонгууль зохион байгуулж буй. 2016 оны сонгуульд ялагдсаныхаа дараа намын шинэчлэл эхлүүлж, шинэ сонголт, шинэ бүтцээр 2020 оны сонгуульд бэлтгэж буй. Үндэсний бодлогын хороо 410 гишүүнтэй бөгөөд үүний 30 хувьд нь дахин сонгууль явуулж байгаа юм. Ротаци хийхдээ харгалзан үзэх гол зүйл нь намын үйл ажиллагаанд оролцсон эсэх байх өгөөд мөн тухайн гишүүнд намын удирдлагын зүгээс дүн тавьж байхаар шинэ дүрэмдээ тусгажээ. Дүрэмд зааснаар сонгуулийн өмнөх жил дотоод сонгууль явуулж болохгүй гэсэн заалтын хүрээнд энэ жилийн хийж буй сонгуулийн нүргэнээр АН-ын дарга С.Эрдэнэ намын үйл ажиллагаанд оролцдоггүй, идэвх сул гишүүдээ “хөөж” амжив. Хэдийгээр тэд дахин нэр дэвшиж, Үндэсний бодлогын хороонд нэр дэвших эрхтэй гэх боловч энэ удаад АН-ын лидерүүд нь явлаа гэсэн яриа улс төрийн хүрээнд бий болов.
С.Баярцогт: Намайг хөөх шийдвэрийг маш шуурхай гаргасан
Хамгийн сүүлд гэхэд АН С.Баярцогтыг намаасаа албан ёсоор хөөснөө зарласан. Харин түүний хариуд нь намаасаа хөөгдсөн С.Баярцогт ‘Ардчилсан намын гаргасан шийдвэр бол маш эмгэнэлтэй. Намайг нэг ч удаа дуудаж, уулзаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол бүх ардчилсан улс орны зарчим. Манай намын удирдлага ийм дуулиан, шуугианыг далимдуулж, маш богино хугацаанд намайг хөөсөн. Энэ бүхэн яван явсаар дарангуйлал болдог. Ардчилсан нийгэмд алдаж, онож, хөгжиж дэвшиж, шүүмжлүүлэх зүйлтэй явж байна. Гэхдээ үндсэн суурь зарчмаа бид хамгаалах ёстой. Хамгийн үндсэн суурь зарчим бол хүний эрх, хувийн өмч, шашин шүтлэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал. Энэ асуудлуудыг хавчиж боож эхэлбэл ардчилсан нийгмийн суурь ганхана’ гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ч.Сайханбилэг, А.Бакей нар нэрээ татжээ
Харин түүний өмнө ротаци нэрээр Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал нарт ирэх сонгуульд нэр дэвших боломж олгосонгүй. АН-ын дүрмээр бол Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдож чадаагүй бол УИХ-ын сонгуульд оролцох эрхгүй гэсэн заалттай. Тиймээс Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Н.Батбаяр, С.Батчимэг, С.Баярцогт, Баабар нар ирэх 2020 оны парламентын сонгуульд оролцох боломжгүй болох нь. С.Эрдэнэ даргадаа “хөөгдсөн” гишүүдээс Ч.Сайханбилэг Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бүртгүүлсэн ч өөрийн хүсэлтээр нэрээ татсан байна. УИХ-ын гишүүн асан А.Бакей дотоод сонгуульд оролцохоор бүртгүүлсэн ч нэрээ татсан байна. Харин Үндэсний бодлогын хорооноос хасагдсан УИХ-ын гишүүн асан Б.Болорын хувьд энэ удаад Архангай аймгийн чөлөөт суудалд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлжээ. Мөн Олимпийн аварга Н.Түвшинбаяр даагаа нэхэх гэнэ. Тэрбээр Үндэсний бодлогын хорооны чөлөөт суудлын гишүүн байгаад хасагдсан юм. Тэгвэл энэ удаад чөлөөт суудалд дахин өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлжээ.
Энэ удаагийн Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдох сонгуульд 120 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Харин тэднээс 90 хүнийг сонгоно. Дотоод сонгуулийн санал хураалт эхлээгүй, эцсийн шийдвэр одоогоор гараагүй байна.
Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр нэр өгсөн гишүүдийн нэрсийг танилцуулж байна.
Ш.ЧИМЭГ