Загвар өмсөгч Б.Билгүйтэй: Надад аз таарсан

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч Б.Билгүйтэй: Надад аз таарсан

Загвар өмсөгч Б.Билгүйтэй: Надад аз таарсан

Энэ удаагийн ярилцлагын зочноор БНСУ-ын J&B продакшны бүтээл “Хар бороо” уран сайхны киноны гол дүр Б.Билгүйтэйг урилаа. Тэрбээр Бангкокын их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр төгсөж, өдгөө Тайландад төвтэй АНУ-ын “Medical Departures” компанид дижитал маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байна. Б.Билгүйтэй нь Тайланд улсад найман жил загвар өмсөгчөөр ажиллаж BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндийн нүүр царайгаар тодорч байжээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Таныг эх орондоо ирээд удаагүй байхад ярилцсандаа баяртай байна. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу. Намайг Буянхишигийн Бэлгүйтэй гэдэг. Би одоогоор Тайланд улсад найм дах жилдээ ажиллаж амьдарч байна. 18 настайдаа Тайландын Бангкок хот руу суралцахаар явсан. Их сургуулиа компьютер график, мультимедиа чиглэлээр дүүргэсэн. Одоогоор Тайландад төвтэй АНУ-ын Medical Departures компанид мэргэжлээрээ ажиллахын хажуугаар загвар өмсөгч, жүжигчнээр ажиллаж байна.

-Тайландыг зорихоос өмнө таныг Монголын усан спортын шигшээ багийн тамирчин гэдгээр зарим хүмүүс мэдэх байх?

-Тийм шүү. Би багаасаа л усан спортоор хичээллэж эхэлсэн. 11 настайдаа шигшээ багт ороод Азийн “Доха” наадамд оролцож байсан. Мөн 2007 онд дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон.

-Та загвар өмсөгч. Хамгийн анх тайзан дээр хэрхэн гарч байв? Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-Загварын салбартай холбогдсон түүх минь их энгийн л дээ. Гадаадад олон монголчууд суралцахынхаа хажуугаар ажиллаж байна. Тэр жишгээр Тайландад очоод цагийн ажил хийгээд хоол, байрныхаа мөнгийг залгуулна гэж бодсон. Гэтэл эсрэгээр Тайландад бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад цагийн ажил хийгээд мөнгө олно гэсэн ойлголт бараг байгаагүй л дээ. Тухайн үед ажил хийж мөнгө олох юмсан гэсэн бодол маш ихээр төрж байсан. Тэгээд дөнгөж очсон хүн тайланд, англи хэлээр шууд ойлголцоно гэж юу байхав. Тийм болохоор ажил олно гэдэг надад их хүнд санагдсан. Миний эргэн тойрны танилууд хэлэхдээ “Чи загвар өмсөгч болж чадна, хэлний бэрхшээлтэй эсэх чинь тийм ч чухал биш. Чиний гадаад төрх л чухал. Чи оролдоод үзвэл яадаг бол” гэж хэлдэг байсан. Надад ч бас санаанд буугаад байсан л даа. Тэгээд өөртөө итгээд үзье гээд л шийдсэн. Хамгийн анх 2010 оноос эхлэн Тайландад загвар өмсөж эхэлсэн. Нийтдээ найман жил загвар өмсөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 250 гаруй реклам, зураг авалтуудад оролцсон.

-Таны гол дүр бүтээсэн “Хар бороо” кино өнөөдөр нээлтээ хийлээ. Киноныхоо үйл явдлын талаар товчхон ярьж болох уу? Кинонд юуны талаар өгүүлэх вэ?

-Манай киноны зохиол хоёр жилийн өмнө бичигдсэн. Их шинэлэг зохиолтой гэж бодож байгаа. Солонгост олон монголчууд хар ажил хийгээд хөлөө олохын тулд тэмцэж байна. Тиймээс тэнд амьдарч ажиллаж буй хүмүүсийн үнэн төрхийг харуулсан. Өөрөөр хэлбэл Монгол залуусын харь оронд хийж буй тэмцлийг харуулахыг зорьсон доо. Надаас гадна хоёр монгол залуу хамтарч  энэ кинон дээр ажилласан.

-Монголдоо ирээд ажиллаж, амьдрах бодол бий юу?

-Байлгүй яах вэ. Гадаадад амьдраад нэлээн удчихлаа. Найм есөн жил гэдэг богино хугацаа биш. Үнэнийг хэлэхэд Монголдоо өнөө маргаашгүй ирээд суурьшихыг их боддог.

Гэхдээ анх яагаад гадаадын оронд том зорилго тээж очсон билээ. Тэр бодол минь л намайг өдий хүртэл гадаадад байлгаад байна. Ер нь хоёр жилийн дараа гэхэд Монголдоо ирж бүрэн суурьшина гэсэн бодолтой байгаа.

-Таны тоглосон анхны уран бүтээл гэв үү?

-Тийм. Надад аз таарсан л даа. Энэ киноны зохиол хоёр жилийн өмнө бэлэн болчихсон байсан. Гол дүрд хэнийг тоглуулах талаар судалгаа их хийгдсэн. Би яагаад энэ киноны гол дүрд тэнцсэн бэ гэхээр нэгдүгээрт, миний гадаад төрхийг гол дүрд тохирно гэж үзсэн. Хоёрдугаарт, миний гаднынхантай ажиллаж ирсэн туршлага, гуравдугаарт, хэлний чадвар дөхөм болсон байх. Энэ кинон дээр англи, монгол, солонгос хэлээр ярьсан. Энэ бүхнийг минь харгалзан үзээд намайг гол дүрээр сонгосон юм болов уу.

-Монголын уран бүтээлчдээс эсвэл, гаднын уран бүтээлчдээс киноны санал ирж байна уу?

-Тайландад байхад олон ангит кинонд тоглох санал ирж байсан. Гэхдээ би татгалзсан. Хэдийгээр би “Тай” хэлээр ярьж чаддаг ч гэсэн уран сайхны киноны хэмжээнд 100 хувь аялгагүй ярина гэдэг надад түвэгтэй санагдсан.

-Кинонд тоглоход танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Дүрийн хувьд надад яг тохирсон дүр гэж бодсон. Кинонд гадаадад тэмцэл хийж байгаа залуусын тухай гардаг. Би өөрөө гадаадад олон жил болж байна. Энэ амжилтад хүрэхийн тулд их хүч хөдөлмөр гаргасан. Хүний нутагт сайн муу олон хүмүүстэй таарна. Энэ бол байдаг л зүйл. Мэдээж кинонд тоглоход сандрах, тэвдэх, зэрэг олон асуудал тулгарсан. Харин бэрхшээлтэй санагдсан зүйл нь гэвэл олон хэл дээр жүжиглэж байгаа болохоор үгээ бэлтгэх, аялгагүй ярихад их төвлөрсөн. Загвар өмсөх, жүжиглэх хоёр адилхан юм шиг боловч хоорондоо асар ялгаатай. Загвар өмсөхөд гол нь камерын өмнө гоё гарах байдаг. Жүжиглэлт бол тэр дүрийг бүтээнэ гэдэг утгаараа ялгаатай санагдсан.

-Монголынхоо кино, жүжгийг хэр их үздэг вэ?

-Сүүлийн үеийн уран бүтээлүүд маш гоё болчихсон байгаа шүү дээ. Монгол кинонуудаас “Маш нууц”, “Ар хударга” зэрэг киног үзэж байсан. Тайландад надад монгол найз байдаггүй. Тэгээд гэрээ санахаараа монгол дуугаа сонсоно, киногоо үзээд л суучихдаг.

-Монголын залуус гаднын зах зээлд танигдах боломж хэр байна вэ?

-Мэдээж их байгаа. Гэхдээ монгол хүнээс асар их ажиллагаа шаардана. Яагаад гэхээр Азидаа танигдахын тулд наад зах нь хэлний бэрхшээлүүдийг даван туулсан байх ёстой. Тэгж байж л тэдгээр хүмүүстэй өрсөлдөнө.

-Та мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

-Хамгийн ойрын мөрөөдөл бол би Азидаа танигдах. Мөн Бээжин эсвэл Парисын Милан хотод загвар өмсөхийг хүсэж байна. Би Тайландад хөлөө олох гэж хоёр жил болсон. Дөнгөж загвар өмсөж эхлэхэд надад хэн ч зааж зөвлөөгүй. Тэглээ гээд би шантарч байгаагүй л дээ. Тийм учраас над шиг мөрөөдөлтэй залууст өөрийнхөө туршлагаас хуваалцаж арга замыг зааж  өгөхийг хүсдэг. Бүр холын мөрөөдөл гэвэл мэргэжлээрээ ажиллаж хувийнхаа компанийг үргэлжлүүлэхийг хүсэж байна.

-Энэ хугацаанд өөрөөрөө бахархах эсвэл шантарч байсан үе бий юу?

-Шантарч байсан үе зөндөө бий л дээ. Эхэндээ шал дэмий өөртөө зохихгүй юм эхлүүллээ гэж бодож байсан. Анх их сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ ажилд ороод  тэнэг юм уу  гэж хэлүүлээд халагдаж байсан тохиолдол бий. Гэхдээ тэр бүхэн минь надад сургамж болсон. Ямар ч хүн төгс биш шүү дээ. Алдаа болгоноосоо суралцсаар байгаад үр дүнд нь амжилтад хүрж байна. Одоо мэргэжлээрээ ажиллаад таван жил болчхож. Ийм хол явна гэж бодож байгаагүй. Энэ бүхний ард мэдээж, миний гэр бүлийнхэн байсан. Аав ээж хоёр минь их дэмжинэ. Миний фен болчихсон сууж байгаа.

-Та одоогоор гэр бүл зохиож амжсан уу?

-Одоохондоо гэр бүл зохиох талаар бодож амжаагүй л явна. Гэр бүл зохионо гэдэг том хариуцлага шүү дээ. Хүүхэдтэй болбол насан туршийн хариуцлага үүрнэ. Залуу хүмүүсийн сайхан зүйлс нь юу вэ гэхээр зоригтой байх хэрэгтэй. Бид нарт алдах юм байхгүй. Залуу насандаа өөрийнхөө ур чадварыг сорьсон бүхий л зүйлийг хийж үзэх хэрэгтэй. Миний бодлоор амьдралыг зуун хувь төлөвлөж болддоггүй. Юу ч тохиолдож болно шүү дээ. Тиймээс одоо гэр бүлтэй болбол хангалттай хариуцлагатай байж чадна.

-Тоглосон киногоо үзэхэд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Би мэргэжлийн жүжигчин хүн биш шүү дээ.  Хэдийгээр өөрөө тоглосон ч гэсэн үзэж байхдаа дотор сонин болоод уйлмаар ч юм шиг гол зурж байсан. Эхэндээ өөрийгөө хараад бага зэрэг голсон.

-Хэзээ Тайланд руу буцах вэ?

‘Энэ сарын сүүлээр л буцах төлөвлөөгөөтэй байна. Шуудхан хэлэхэд буцахыг хүсэхгүй байна. Одоо нас яваад тэр үү улам л эх орондоо байгаад баймаар санагддаг болжээ.

-Ярилцсанд баярлалаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж