Италийн К.Костнер сүүлийн удаа дэлхийн аваргад өрсөлдөнө | News.MN

Италийн К.Костнер сүүлийн удаа дэлхийн аваргад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Италийн К.Костнер сүүлийн удаа дэлхийн аваргад өрсөлдөнө

Италийн К.Костнер сүүлийн удаа дэлхийн аваргад өрсөлдөнө

Өнөөдөр Италийн Милан хотноо уран гулгалтын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэж байна. Тус тэмцээнд олимпийн хошой мөнгө, дэлхийн хошой аварга Оросын Е.Медведева оролцохгүй. Харин олимпийн шинэхэн аварга А.Загитова, Пёнчаны олимпийн багийн хүрэл медальт АНУ-ын М.Нагасу, Пёнчаны олимпийн наадмын багийн алт, ганцаарчилсан төрлийн хүрэл медаль, дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын К.Осмонд, дэлхийн аваргын мөнгөн медальт Японы С.Мияхара, Пёнчаны олимпийн багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Теннелл, олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хошой мөнгө, 3 хүрэл медальт зохион байгуулагч орны тамирчин К.Костнер нарын шилдгүүд өрсөлдөнө. Өнөөдөр тэмцээний эхний өдөр нээлтийн үйл ажиллагаа болон эмэгтэй богино үзүүлбэр, хосын богино үзүүлбэр явагдана.

Энэ удаагийн дэлхийн аваргын алтан медалийн төлөө гол өрсөлдөөн А.Загитова болон Канадын К.Осмонд нарын дунд өрнөх магадлалтай. Учир нь өнгөрсөн Пёнчаны олимпийн наадамд дээрх хоёр тамирчин бусдаасаа харьцангуй өндөр оноо авч байсан. Тэр дундаа А.Загитова богино үзүүлбэрт дэлхийн рекордыг тогтоож 82.92 оноогоор тэргүүлсэн байдаг. Олимпийн наадмын үеэр Канад тамирчин К.Осмондод шүүгчид харьцангуй өндөр үнэлгээ өгч байсан гэсэн шуугиан гарч байсан бол энэ удаа К.Осмонд өөрийгөө харуулах, А.Загитоватай өрсөлдөх хэмжээнд байгаа гэдгээ батлан харуулах хариуцлагатай тэмцээний өмнө ирээд байна. Харин энэ удаагийн наадамд дэлхийн аваргыг зохион байгуулагч эзэн орон Италийн шилдэг тамирчин К.Костнер сүүлийн удаагаа мөсөн дээр гарах гэж байна. Өдгөө 31 настай К.Костнертэй мөсөн талбай дээр өрсөлдөж байсан Оросын И.Слуцкая, А.Сотникова, Японы М.Асада, М.Эндо, Канадын Ж.Рошетт, АНУ-ын Ш.Коэн нар аль хэдийнээ зодог тайлсан. Мэдээж сүүлчийн удаа, тэр дундаа эх орондоо дэлхийн аваргад оролцож буй К.Костнер медалийн тавцанд гарч элэг нэгтнүүддээ бэлэг барих хүсэлтай байгаа болов уу?

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж