“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Наян долдугаар бүлэг
НАМРЫН ЖИХҮҮНД ЯТГА ЧАВХАДСААР ЭЛЭГ ЗҮРХ ЭМТЭРЧ, НОМЫН ШИРЭЭНД ШИГДЭН СУУСААР АЛБИН ГҮЙДЭЛД ДАЙРАГДАВ
Өгүүлэх нь: тэндээс ирсэн эхнэрийг Дай Юй дуудан оруултал тэрбээр мэнд мэдээд, нэг бичиг барив. Дай Юй: “Энүүнд цай өг” гээд Бао Чайн захиаг задлан үзвэл, ингэж бичжээ.
Орой гарч, дорой төрсөн миний хийморь доройтож дэргэдээ эгч дүүгүй, дээр байгаа ээж минь насжиснаас гадна арслан чоно өдөр шөнөгүй урхиран ульж, аюул зовлон ар араас нь нөмрөн дайрч азарган бороо дээр дээрээсээ асган цутгажээ. Шөнө турш нойргүй эргэн хөрвөн хэвтэхүйеэ, сэтгэл зүрхний шимшрэхийг яахин тэсвэрлэж чадна вэ. Санаа таарсан сайхан найз минь яахин элэг эмтрэхгүй байж чадна вэ. Эргэцүүлэн санавал хайтан цэцгийн цуглаан байгуулж, намрын ээлжийн цагт, наймалж амтлан, удвалыг магтаж цэнгэн жаргажээ. “Хорвоод оморхон ганцаар сэрийгээд, хэнтэй нуугдан сууна вэ? Хуарлан дэлгэрэх нь адил бөгөөтөл хэрхэн ийнхүү хожимдов” хэмээх хос мөрийг чинь санаад, хоёр биеийн учрал тохиолд яахин санаа алдахгүй байж чадах вэ. Санаа сэтгэлийн дотор дэн дунтай болсон тул хэдэн бадаг шүлэг, дөрвийн зэргийг ч бичлээ. Арга барагдаж, ааш алдарсандаа биш, аюулхай цээжний энсрэл юүгээ л унгалуулсан гэж бодоорой.
Эрин цагийн ээлжинд гуньж атал намрын сэрүүн оров
Өрх гэрийн доройтолд гутарч атал хагацахын зовлонд учрав
Энэрэл ихэт ээжийнхээ энэлэл гаслалыг яая.
Энэллийг тайлж ядахдаа элэг зүрх минь түгшинэ
*
Намрын хонгор салхинд үүлэн сүүдэр навталзаж
Навч цэцэг хярвайгаад галуу шувуу ганганана
Энэ бие минь хожим аль тийш болохыг
Элдэвчлэн бодохлоор элэг уушиг эвхэрнэ.
*
Хорво хилэм гүн бүрдэнд нуугдаж
Хун, тогоруу олом, гарамд нарлана
Хуйхаа маажин асуувч таг дуугүй
Хурмаст тэнгэр, хөрст дэлхий минь ээ
Хэн миний үүрдийн зовлонг мэдэх вэ?
*
Сансарын оёдол сэмжрэн униартаж хамаг биеийг жихүүцүүлээд
Сарны гэрэл ташин бууж, цагийн хэмнүүрт тусжээ
Санаа амаргүй хоёр нүд дурайгаад
Сэтгэлийн зовлонгоо чамд бичлээ.
Дай Юй шүлгүүдийг уншиж дуусаад тэсгэлгүй уяран зовж “Бао эгч өөр хүнд илгээлгүй, ганц надад ирүүлснийг бодвол бас “Цэцэн нь сэргэлэнгээ хайрласан” санаа болой гээд санаа алдан сууж байтал гадаа хүмүүс ярилцах дуун гарч “Линь эгч гэртээ байна уу” гэх сонсогдов. Дай Юй уншиж байсан захиагаа эвхэн, цааш тавиад, “Хэн бэ” гэтэл Тань Чүнь, Шян Юнь, Ли Вэнь, Ли Чи нар ороод ирэв. Тэднийг мэнд мэдээд суусны дараа Шюэ Янь цай барив. Энэ тэрхнийг ярилцаж суутал Дай Юй тэр жилийн “Удвалын шүлгийг” санаад Бао эгч, эндээс явснаас хойш хоёрхон удаа эргэж ирсэн. Сүүлдээ бүр ирэхээ байсан нь сонин юм. Түүнийг ирүүлэх, эсэхийг би нэг оролдоно гэсэнд Тань Чүнь инээмсэглэн:
-Ирэхгүй яахав даа. Лавтай ирнэ. Одоохондоо бол бэргэн нь ааш зан муутай, Има насжиснаас гадна Шюэ ахын учир бас байна. Бао эгч хамаг юмыг хариуцаж байгаа. Юуны нь урьдын адил зав чөлөө байхав… гэж хэлтэл салхи гарч шарласан навчнууд цонхны тавцанд буув. Төдөлгүй салхи намдтал сайхан үнэр анхилав. Тэд “Энэ чинь юуны сайхан үнэр вэ” гэсэнд Дай Юй: “Гавирын үнэр бишүү” гэсэнд Тань Чүнь: “Линь эгч мөн л өмнө газрын үгээ хэлж байна. Энд есөн сард юуны нь гавир цэцэг байхав” гэсэнд Дай Юй инээж:
-Нээрэн тийм шүү дээ. Тэгэхдээ л адилхан санагдаад… гэтэл Шян Юнь:
-Гуравдугаар эгч чи бас ингэж хэлэх хэрэггүй. “Нуур дүүрэн лянхуа цэцэг, намрын сүүлийн анхилам гавир” гэж бичсэнээ мартаа юу. Одоо өмнө оронд хэнз гавир дэлгэрч байгаа. Чи үзээгүй байх. Хожим чи өмнө оронд очвол олж үзнэ дээ… гэсэнд Тань Чүнь инээж:
-Би өмнө оронд очиж яах юм бэ. Би түүнийг хэдийн мэднэ. Та нар дэмий мэргэлэх хэрэггүй гэсэнд цаадуул нь жуумалзан инээв. Дай Юй:
-Охин дүүгийн энэ үгийг би хэлж мэдэхгүй. Энгийн ярианд “Явахгүй гэсэн замаар гурвантаа явна” гэдэг. Өнөөдөр энд байвч маргааш хаа байхыг мэдэхгүй. Жишээ нь, би бол өмнө газрын хүн байтлаа яагаад энд байна вэ гэсэнд Шян Юань алга ташин:
-Гуравдугаар эгч өнөөдөр Линь эгчид гартжээ. Линь эгч өмнө газраас энд ирснээр барахгүй, бид нар ч гэсэн адилгүй. Угаас хойт газрын хүн ч бий. Бас өмнө газрын удамтай мөртөө хойт газар төрж өссөн хүн ч бий. Өнөөдөр бүгдээр энд цугларснаас үзэхэд, хүн бүрд хувь ерөөл бий. Орон нутаг, хүнд тус тусын тавилан байдаг гэв. Цөм хүлээн зөвшөөрөх мэт толгой дохив. Тань Чүнь инээнэ. Ийнхүү тэд баахан ярьж суугаад явахад нь Дай Юй үүд хүртэл үдэв. Цаадуул нь: “Одоо болно. Салхи авбал дэмий” гэцгээв. Дай Юй үүдэнд зогсохдоо найрсаг хэдэн үг хэлээд тэднийг хаалгаар гартал хараад, буцаж өрөөндөө ороод суутал, хоногийн шувуу шугуйдаа эргэж, унах наран баруунаа хаяалджээ. Шян Юний ярьсан өмнө газрын яриаг санагалзаж: “Эцэг эх минь байсан бол… хаврын цэцэг, намрын саран, тунгалаг сайхан ус, өндөр сүрлэг уул нуруу, хорин дөрвөн гүүр, зургаан төрт улсын үлдэгдэл, өмнө орны өнгө үзэмжээс гадна… боол, бараа бологчид хүндлэн өргөж, хамаг явдал сэтгэлчлэн бүтээд, үг ярианд ч хичээх зүйлгүй… сийлмэл тэрэг, зурмал онгоцонд сууж, улаан ногоон орхиул бүрхүүл өлгөөд хамгийн эрхэм нь би байжээ… Одоо айлын гэрийн зайд багтан сууж, хэдий хайр халамжид байвч үс хялгасны төдий осол гаргаж болохгүй… Чухам урьд төрөлдөө ямар их нүгэл үйлдээд одоо энэ мэт өнчрөн ганцаардаж байгаа юм бол. Үнэхээр Өмнөд Тан улсын сүүлчийн эзэн Ли Юйгийн хэлсэн шигээр “Эцэг өдөр бүр нулимсаараа нүүрээ угааж байна” гэгч л болж байна” гэж бодоод мэлрэн уйлав. Зы Жюань энэ байдлыг нь хараад, түрүүний өмнө газрын яриа сэтгэлийг нь хөдөлгөжээ гэж багцаалаад: “Авхай нар ирээд баахан ярьж суусан тул манай авхай ядарсан байх. Нэг аяга шарсан махтай цагаан ногооны шөлөнд баахан сам хорхой нэмээд, нялх хулсны салаа, улаан ногоо бага сага хийж авхайд авчирч өг. Авхай дуртай юм” гэж Шюэ Яниар гал тогооны хүнд хэлүүлэв. Тэгээд: “Авхай дуртай биз” гэж асуусанд: “Болно” гэв. Зы Жюань нэмж: “Шүлхий тутарганы шингэн будаа чануулсан” гэсэнд цаадах нь: “Шингэн будааг тэдэнд хэлэх хэрэггүй, хоёулаа эндээ чаная” гэв. Зы Жюань: “Тийм ч байхаа, өөрсдөө чанасан дээр. Гал тогооны гэр нэг их цэвэр биш шүү. Би шөлийг цэвэр хийгээрэй гэж Лю эхнэрт хэлүүлсэн. Тэгсэн чинь, тэр бүхнийг бэлтгээд гэртээ Оу эр охиноороо чануулж байгаа гэсэн байна” гэв. Дай Юй: “Би тэднийг бохир гээд байгаа биш. Өчнөөн удаан өвчтэй хэвтээд, тэднийг л түшиж байлаа шүү дээ. Одоо бас шөл хоол гэж маяглавал хүн илүү үзэх байхаа” гэснээ нүдэндээ нулимс гүйлгэнүүлэв. Зы Жюань: “Энэ бол авхайн илүү сэжиг. Авхай бол Лао тайтайгийн зээ шүү. Түүний алган дээрх эрдэнэ. Хүн, авхайн өмнө нүүр олох гээд чадахгүй байхад, яаж илүү үзэж чадна вэ” гэв. Дай Юй толгой дохиод:
-Чиний саяын нэрлэсэн Оү эл гэгч чинь, дээр үед Бао Юйгийн дэргэд байсан Пан Гуаньтай найз байсан охин мөн үү гэж асуусанд цаадах нь: “Яг мөн” гэв. Дай Юй:
-Одоо авчирч оруулах гэж байгаа юу гэсэнд цаадах нь:
-Магадгүй. Өвдөөд баахан саатсан байх. Бие нь сайжиртал Чин Вэний хэрэг гараад бас хойшилсон байх гэсэнд Дай Юй:
-Тэр охин чинь нилээд цэвэрхэн төрсөн юм билээ гэв. Энэ зуур эмгэн шөл авчирсан тул Шюэ Янь тосон авав. Эмгэн: “Энэ шөлийг түүний охин Оү эр хийсэн. Нийтийн хоол хийдэг том тогоонд хийгээгүй гэж Лю бэргэн, авхайд хэлээрэй гэсээн” гэв. Тэдний яриаг дотор сонссон Дай Юй: “Тогооч бэргэнийг ядраачихлаа” гэж хэлэгтүн гэж эмгэнд хэл” гэв. Шюэ Янь, Дай Юйгийн аяга тавгийг ширээнд тавих зуураа “Манай өмнө газраас авчирсан таван халуунтай ногоо байна. Тос цуутай холиод авчирвал болох уу” гэж асуусанд “Болно. Тэгэхдээ ихдүүлэв” гэв. Шингэн будаа авчрав. Цаадах нь хагас аяга хоол идэж хэдэн халбага шөл оочоод идэхээ болив. Хоёр шивэгчин аяга таваг хурааж ам зайлж, гар угаах юм авчиртал: “Зы Жюань утлага нэмсэн үү” гэж асуув. Цаадах нь: “Одоо нэмье” гэв. Дай Юй: “Та нар энэ шөл, будааг идэцгээ. Амт нь зүгээр юмаа. Бас цэвэрхэн ч байна. Би өөрөө очиж утлага нэмье” гэсэнд цаадуул нь гарцгаав. Дай Юй утлага нэмэн тавиад, нэг дэвтэр бичиг авч уншихаар суув. Гадаа салхи сэнгэнэн, модны навч сэржигнэн, саравчинд өлгөсөн хонх ч хангир жингэр хийж эхлэв. Шюэ Янь орж ирээд Дай Юйг асарсанд: “Одоо тэнгэр хүйтрэх нь ээ. Эртийд би та нарыг нимгэн нэхий хувцсыг ил гаргаж өлгө гэж хэлсэн. Өлгөсөн үү” гэж асуув. Цаадах нь: “Цөмийг гаргаж өлгөсөн” гэсэнд “Алив чи, нэгийг авчраад надад нөмөргөөтөх” гэв. Шюэ Янь, нэг боодол нэхий хувцас авчирч дэлгээд, өөрөө сонго гэв. Хувцас дотор нэг дурданд боодолтой юм байхаар нь задалж үзвэл, дээр үед Бао Юй өвчтэй байхдаа, илгээсэн алчуур, түүний бичсэн шүлэг байх бөгөөд дээр нь нулимсны мөр гарсан нь мэдэгдэж байв. Дотор нь бас хайчилж хаясан заарын хавтага, дэвүүрийн сав, Бао Юйгийн билигт хашийн цацаг байв. Хувцсыг гаргаж өлгөхдөө Зы Жюань эдгээр юмсыг авдар дотроос олоод, алга бялуузай гэж бодоод энэ баглаанд хавчуулсан юм байжээ. Эдгээрийг Дай Юй үзмэгц, хувцас өмсөхөө ч мартан нөгөө хоёр алчуурыг бариад шүлгийг харж мэлрэн суув. Харж, харж доголон нулимс унагав. Зы Жюанийг харахад түүний дэргэд Шюэ Янь баахан хувцас барьчихсан гайхширан зогсож байв. Хайчилсан заарын хавтага, хэдэн хэсэг болсон дэвүүрийн сав, огтолсон билигт хашийн цацаг зэрэг ширээнд харагдана. Дай Юй, бичигтэй хуучин алчуур бариад уйлж сууна. Энэ нь үнэхээр:
Цөхсөн хүнд мохсон учир таарч
Хуучин мөрөөр шинэ нулимс урсчээ.
Зы Жюань хараад хуучин учрал сэргэж, урьдын явдлаа санасныг мэдээд, ятгаад нэмэргүйг ойлгоод, арга буюу инээмсэглэн:
-Авхай минь, эднийг үзэж юү хийнэ дээ. Эд нар бол хэдэн жилийн өмнө Эр Е, авхай та хоёр бага байхдаа гэнэт эвдэрч, гэнэт эвлэж байсны инээдтэй явдал шүү дээ. Одоо бол эв эетэй байгаа болохоор энэ мэтийн юмс хараад, иймээ тиймээ бодож юугаа хийнэ гэв. Ийм үг хэлээд түүнийг тайтгаруулчихна гэж Зы Жюань бодсон боловч Дай Юй ийм үг сонсоод, анх ирсэн үеийн Бао Юйгийн хуучин явдлыг санаж, бүр их уйлав. Зы Жюань: “Шюэ Янь хүлээгээд байна. Авхай дуртайгаа аваад нөмөр” гэсэнд цаадах нь барьж байсан алчуураа тавив. Зы Жюань шалавхан түүнийг нь шүүрч аваад хавтага мэт юмсыг хураав. Дай Юй нэг зувцаа авч нөмрөөд, гонсойсоор гарч үүдний өрөөнд орж суув. Түүний ширээн дээр Бао Чайн шүлэг харагдана. Дай Юй түүнийг авахуулж хэдэнтээ уншаад шүүрс алдан: “Учрал тохиол адилгүй боловч уярал гунил нь адил юмаа. Би бас дөрвөн бүлэг уянга найруулж, ятгын аялгуутай тааруулан чавхдаж дуулах болгоод маргааш хуулан илгээж, түүний уянгатай нийлсүгэй” гэв.
Тэгээд Шюэ Яниар бийр, зууруул авчруулан, ширээн дээр тавиулаад, бэх идүүлэн, бийр сажлуулж дөрвөн бадаг шүлэг зохиов. Бас ятгын номыг сөхөж, “Цахирмааг үзсэн минь”, “Эрдэмтнийг мөрөөдсөн минь” гэх хоёр аялгууг сонгож, өөрийн зохиосон уянгатай тааруулав. Дахин бүгдийг хуулж Бао Чайд хүргүүлэхээр бэлтгээд Шюэ Янийг дуудаж авдар дотроос өөрийн авчирсан богино ятгаа гаргуулж хөвч утсыг нь хөглөн, хурууны эрдмийг баахан боловсруулав. Дай Юй угаас цэцэн сэргэлэн хүн бөгөөд өмнө газар байхдаа, сурч оролдож байсан тул хэдий их хөндийрсөн ч хэдэнтээ чавхадмагц гар нь дасжээ. Цааш нь хэдэнтээ чавхдаж байтал шөнө орой болов. Зы Жюань ятгыг нь хурааж аваад унтуулсныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Бао Юй өглөө эрт босоод, угааж самнан, Бэй Минийг дагуулаад бичгийн гэр рүү явж байтал Мюэ Юй өөдөөс нь инээсээр ирээд: “Эр Е, өнөөдөр таны зол болжээ. Да е бичгийн гэрт байхгүй. Бүгдэд чөлөө тавьсан” гэв. Бао Юй: “Нээрэн үү” гэсэнд цаадах нь: “Итгэхгүй байна уу. Тэр Сань Е, Лань агь хоёр буцаад ирсэн шүү дээ” гэв. Энэ үед Жя Хуань, Жя Лань хоёул бяцхан зарцаа дагуулан, юм ярьсаар хүрч ирээд гараа унжуулан зогсов. Бао Юй: “Та хоёр яагаад буцаад ирэв” гэсэнд Жя Хуань “Да е өнөөдөр ажилтай учир маргааш ир гэсэн” гэв. Бао Юй явж Жя Мү Жя Жөн нартай мэндлээд хүрээлэндээ ирсэнд Ши Рэнь: “Яагаад хүрээд ирэв” гэж асуусанд болсон явдлыг хэлээд төдөлгүй гадагш гарах гэв. Ши Рэнь:
-Хаачих гээд яарчихав. Хичээлгүй бол сайхан амрахгүй юү… гэсэнд цаадах нь тонгойж зогсоод: “Чиний хэлж байгаа зөв. Гэвч ганц өдрийн чөлөө олдсон дээр жаахан тойрч, наадъя л даа. Яахав чи, намайг өрөвдөж болно” гэсэнд Ши Рэнь байдлыг нь хараад инээд нь хүрч: “За яахав, дураараа болтугай” гэв.
Түүнийг үүд рүү явтал хоол аваад ирэв. Тэрбээр арга буюу идэхээр суув. Яаран хэд үмхээд аягаа түлхэж, амаа зайлаад Дай Юйгийн гэр рүү явав. Хашаанд, алчуур өлгөж байгаа Шюэ Янийг хараад: “Авхай хоолоо идсэн үү” гэсэнд цаадах нь: “Хоол сонирхохгүй байна. Өглөө босоод жаахан шингэн будаа идээд… одоо яг үүрэглэж байна. Эр Е гадуур тойрч явж байгаад эргээд иртүгэй” гэв. Бао Юй арга буюу эргэхэд хүрэв. Хаачий даа гээд эргэлзэн байтал Ши Чүньтэй ойрд уулзаагүйгээ санаад, тийш явав. Цонхны бүрхүүл сөхөгдөөгүй, гадуур хүн үзэгдэхгүй байхаар нь үдийн нойр авч байгаа байх гэж санаад буцъя гэж байтал дотроос нэг юмны чимээ сонсогдов. Зогсоод чагнав. Дахиад писхийх дуу гарав. Тэгтэл нэг хүн: “Чи эндэх хүүгээ түлхэх нь, тэндхийг хайхрахгүй гэсэн үг үү” гэсэнд сая шатар тоглож байгааг ойлгов. Гэвч хэний дуу болохыг таньсангүй. Тэгтэл Ши Чүнь: “Юунд айх вэ. Чи ингэж идвэл би ийшээ явна.Чи дахиад ингэж идвэл би тэгээд иднэ. Бас нэг алхам байхад хэрхэвч хааж чадахгүй” гэхэд нөгөө хүн: “Би ингээд идчихвэл чи яах юм” гэв. Ши Чүнь: “Эвий, бас нэг ийм нүүдэл байгааг анзаарсангүй” гэв. Бао Юйд их танил дуу шиг санагдсан боловч эгч дүүсийн нь дуу биш байв. Эднийд гадны хүн байх ёсгүй гэж бодоод сэмээрхэн орхиулыг сөхөн орвол, өнөөх Лун Цүй Аний “Бошгын гаднах хүн” Мяо Юйг хараад цочоож чадсангүй. Шатар тоглогч хоёр ч түүнийг анзаарсангүй. Бао Юй дэргэд нь зогсоод тэр хоёрын эрдмийг харна. Мяо Юй доош харсаар: “Чи энэ тэмээгээ авахгүй гэж байна уу…” гэж асуусанд Ши Чүнь: “Авахгүй. Яах нь вэ. Энэ доторх хүүнүүд чинь цөм хоригдсон тул би юунаас айх юм” гэв. Мяо Юй “Чи битгий сагсуур. Сайн харж бай” гэсэнд Ши Чүнь: “Би зайлаад явчихвал, чи яах юм бэ” гэтэл цаадах нь инээмсэглэж, захын хүүгээ түлхэж, Си Чүний хүүг идчихээд инээн: “Үүнийг “Өнчин хүүгийн шалаа” гэдэг юм” гэв. Си Чүнийг хариу дуугарах гэтэл хажууд нь зогсож байсан Бао Юй тэсгэл алдан хадганан хөхрөв. Тэр хоёр их цочив. Ши Чүнь: “Чи яаж байна. Чимээ ч үгүй орж ирээд, хүн цочоодог чинь… чи хэзээ ирсэн бэ” гэсэнд Бао Юй: “Би түрүүнд орж ирээд, тэмээгээ булаалдахыг чинь харсан” гээд Мяо Юйтэй мэндлэв. Тэгээд Мяо Юйгуай бясалгалын орноос бараг гардаггүй билээ. Өнөөдөр яаж орчлонд буув даа” гэж асуув. Цаадхын нь царай улайж, дув дуугүй бөхийн шатраа харна. Бао Юй эвгүй ааш гаргаснаа мэдүүт царайчлан инээмсэглэж,
-Гэрээс гарсан хувраг хүн, манай хөдөөгийн эгэл хар хүнтэй адилгүй болой. Хамгийн гол нь сэтгэл нь төв. Төв болохоороо хурц болно. Хурц болохоороо оюун билиг сайн… гэтэл Мяо Юй, Бао Юйг нэг хяламхийн харснаа, шатраа шагайв. Хацар нь улайв. Түүнийг тоохгүй байгааг мэдээд Бао Юй чимээгүй суув. Ши Чүнь: “Дахиад тоглоё” гэсэнд цаадах нь: “Дараа тоглоё” гээд босож хувцсаа зассанаа эргээд суув. Тэгснээ, Бао Юйг харж “Хаанаас ирэв” гэж эв хавгүйхэн асуув. Цадаах нь, түүний дуугарахыг хүлээн, өөрийн хэлснийг тайлна гэж бодож байсан боловч гэнэт “Энэ чинь, энүүний тарнийн битүү үг биш байгаа” гэж бодуут дуугарч чадсангүй. Мяо Юй инээмсэглэж, Ши Чүнь рүү харсанд цаадах нь бас инээж:
-Хоёрдугаар ахаа, үүнийг хариулахад ямар хэцүү байна вэ. “Ирсэн газраас ирэв” гэж үргэлж хэлдгийг мэдэхгүй юү. Энүүнд нүүрээ улайлгаад, танихгүй хүнтэй уулзсан мэт байх хэрэг юү байна вэ гэв.
Түүнийг ингэж хэлэхээр, Мяю Юйгийн зүрх түгшиж нүүр нь халуу оргисон тул их улайсан байх гэж бодоод эвгүйцэв. Тэгээд босож “Их удаан суулаа. Одоо сүмдээ очъё доо” гэв. Ши Чүнь түүний зан аашийг мэдэх тул суу гэж шалсангүй. Гадаах хаалга хүртэл үдэв. Цаадах нь инээж: “Энд чинь ойрд ирээгүй болохоор, энэ муруй сарий замаар буцахдаа төөрөх юм биш байгаа” гэхэд нь Бао Юй: “Би замчилж явбал болох уу” гэсэнд Мяю Юй, “Надад ахдах л юм. Яая гэхэв, түрүүлээд явдаа” гэв. Тэд тэндээс яваад Шяо Шян гуаньд ойрттол дин дан гэж дуун сонсогдов. Мяо Юй“Ятганы дуу хаанаас гарч байна вэ” гэж асуув. Бао Юй: “Линь охин дүү ятга чавхдаж байгаа байх” гэв. Цаадах нь: “Тэр бас түүнийг чадах уу. Би урьд нь сонсоогүй юм байна” гэсэнд Бао Юй, түүний ятгын ном үзүүлж тайлбарласныг яриад “Хоёулаа очиж үзэх үү” гэж асуув. Мяо Юй: “Эртнээс ятгыг сонсдогоос биш үздэггүй л гэдэг шүү” гэв. Бао Юй инээгээд: “Би өөрийгөө эгэл хар хүн гэж хэлсэн шүү…” гэв. Тэр хоёр хүрээлэнгийн гадаа очоод, чулуун дээр сууж ятга чагнав. Ятгын аялгуу үнэхээр уян тод сонсогдоно. Түүний намуухан дуулахыг сонсвол:
Исгэрэх салхи сэржигнэн хуугиж, намрын сэрүү оров
Энсрэн дуулах сайхан хүн, мянган газрын алс
Эх нутаг юугаа саравчлан харавч ер үзэгдэхгүй
Энгэр, өвчүү юүгээ дэвттэл хашлага түшин уйлна гэжээ.Жаахан зогсосхийснээ залгаад,
Уулын цаана ус, усны цаана уул
Унтах тасалгааны цонхонд гэгээн саран тунарчээ
Орхиулын дотор урван хөрвөвч тэнгэрийн оёдлыг харсаар
Уян махбод, нимгэн цамцтай жихүүн шүүдэрт чичирнэ… гэж дуулаад зогсов. Мяо Юй“Саяын Э толгойгоор холбосон нь нэгдүгээр бүлэг болой. Энэ О толгойгоор холбосон нь, хоёрдугаар бүлэг болжээ. Дахиад чагная” гэв. Төдөлгүй
Нэг насны чинь учир явдал санаснаар болохгүй
Энэ биеийн минь учрал тохиол уйтгар гунигаар дүүрчээ
Хоёр хүний санаа сэтгэл яв цав нийлсэн тул
Хуучны заншлаар энэлэл шаналлаа мартан амар явсугай. Түүнийг сонсоод Мяо Юй“Энэ бол бас нэг дахилт болжээ. Хорсол гунил нь яасан их юм бэ дээ” гэсэнд Бао Юй: “Би хэдий мэдэхгүй боловч аялгуу нь их л уянгатай сонсогдлоо” гэв. Өрөөнд ятгаа хөглөх нь сонсогдоно. Мяо Юй: “Гол хөг нь нарийджээ. Уяралт аялгууг гаргаж чадахгүй байж мэднэ”… гэтэл гэрт бас л дуулж эхлэв.
Орчлонгийн хүн үнэхээр, хумхын тоос мэт
Урьд төрлийн хийсэн үйлийн үр мөн болой
Үйлийн үрээ эдлэхэд уйлан гашуудах юун
Үнэн цагаан сэтгэл яахин саран мэт байна!
Түүнийг сонссоноо, Мяо Юйгийн царай барсхийж, юунд бас гэнэт бинждуун гаргана вэ. Аялгуу нь үнэхээр алт хашийг ч хайлуулна. Даанч хэтэрчээ… гэтэл Бао Юй: “Хэтэрвэл яах вэ” гэж асуув. Мяо Юй“Удаан тэсэж чадахгүй” гэв. Тэгтэл писхийн дуугарав. Гол утас нь тасарсан ажээ. Мяо Юй яаран босоод явах гэтэл Бао Юй: “Ямар байна вэ” гэж асуув. Цаадах нь: “Хожим өөрөө мэднэ. Чи ч олон юм ярих хэрэггүй” гэж хэлээд явав. Бао Юйд сэжиг төрөөд И Хун Юаньдаа буцсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Мяю Юйг харихад, хөгшин чавганц угтаж аваад сүмийн үүдийг дарж, баахан сууснаа “Тяны уншлагыг “нэг удаа уншив. Мяо Юй хоолоо идээд, хүж шатаан, бурханд мөргөөд, чавганцыг “Амартугай” гээд явуулав. Өөрөө олбог суудалдаа суугаад элдэв бодлыг тэвчин, нэг сэтгэлээр наманчлан залбирч амарлингуй номын ариун оронд оров. Суусаар гурван жингийн үе болтол дээвэр түрчигнэх шиг болсонд, хулгайч ирэв үү гэж бодоод номын суудлаас бууж, дуганаас гарч харав. Тэргэл сарны тунгалаг гэрэлд үүлэн сүүдэр хүүшилнэ. Энэ хэр төдий л сэрүүн ороогүй тул хашлага түшин хэсэг зогсов. Тэгтэл дээвэр дээр хоёр муур гараад ээлжлэн бархиралдах сонсогдов. Мяо Юй гэнэт Бао Юйгийн өдөр хэлсэн үгийг санаад, өөрийн эрхгүй зүрх нь түгшив. Тэгэвч дуганадаа орж суудалдаа суугаад бясалгаж эхэлсэн боловч сэтгэл нь тайвширч өгөхгүй түмэн агтны төвөргөөн сонсдох мэт болж, бясалгалын суудал нь ч дайвалзаж, бие нь сүмдээ байхгүй болов. Маш олон вангийн ач, гүнгийн хөвгүүд ирж, түүнийг буулган аваачих гэж, хэд хэдэн зууч эхнэр түүнийг түлхэж татан түшиж тулсаар тэргэнд гаргатал тэр явахгүй гэж ягжийв. Төдөлгүй бас хулгай дээрэм түүнийг булаах гэж илд далайн шахан сүрдүүлбэл “Амь авар” гэж бархирав. Сүмийн олон чавганц түүний дуугаар цочин сэрээд, гал авчран гэрэл гаргаж үзвэл, Мяо Юй хоёр гараа алдалж, амнаасаа хөөс бургиулан хэвтэж байлаа. Сандралдан дуудаж сэрээвэл, хацар нь улайгаад, нүд нь дугариглан “Бурхан барьдсадваа намайг хамгаалж байсан цагт танай муусайн дээрэмчид яаж чадах вэ” гэж хараав. Бүгдээр ухаан сүнсгүй айж: “Бид нар энд байна. Хурдан сэртүгэй” гэж дуудсанд Мяо Юй: “Би гэртээ харина. Та нарын дотор сайн хүн байвал намайг гэрт хүргэж өг” гэв. Нэг хөгшин чавганц: “Энэ чинь, чиний суудаг гэр шүү дээ” гээд бусад чавганц нараа хонсим барьсадваад даатган, залбируулаар явуулав. Төлгө бэлгэ үзэж савх сугалбал, баруун урд булангийн эм шулмас оршжээ гэв. Тэдний дундаас нэг нь “Зөв байна. Да Гуань Юань хүрээлэнгийн баруун урдах буланд ер хүн сууж байгаагүй тул билгийн уур лав байна” гэсэнд цай ус барин яарцгаав. Энэ чавганц бол өмнө газраас дагаж ирсэн бөгөөд Мяю Юйг бусдаас илүү асарна. Тэрбээр Жяны орон дээр Мяо Юйг тэврэн сууна. Цаадах нь: “Чи хэн бэ” гэж асуусанд чавганц “Би байна” гэв. Цаадах нь нарийвчлан шинжиж хараад: “Өө чи байсан юм уу” гээд чавганцыг чанга тэврэн, дуу тавин уйлж:
-Чи бол миний эх шүү дээ. Чи одоо намайг аврахгүй бол би үхлээ гэж хэлэв. Чавганц түүнийг дуудан сэрээж, энд тэнд нь нухлан дарж өгнө. Мөнөөх чавганц цай авчирч өгсөнд уугаад үүр гэгээрэхийн алдад сая унтав. Чавганц өглөө эмч залж түүнийг үзүүлэв. Тэд судас барив. Зарим нь их бодсоноос хэтэрч дэлүү нь гэмтэж гэнэ. Зарим нь цусны халуун бадарч гэнэ. Зарим нь ад чөтгөр наалдав гэнэ. Бас зарим нь халуун хүйтэн хямарсан гээд дор дороо өөр юм хэлэв. Дараа нь нэг эмч ирж үзээд “Номд суусан уу” гэж асуув. Чавганц “Суусаар ирсэн” гэв. Эмч”Энэ өвчнийг өчигдөр гэнэт олов уу” гэсэнд чавганц шууд “Тийм ээ” гэв. Эмч “Албин гүйдэл дайрчээ” гэсэнд бүгдээр “Одоо яах вэ. Зүгээр болох уу” гэж асуусанд эмч:
-Золоор, номд удаан суугаагүй учир хөнгөн байна. Эдгэрнэ… гээд эмийн жор бичив. Эмч “Нэг л уух эм бичсэн. Тэгээд зүгээр болно” гэв.
Энэ үед гадуур золбинтон гүйдэг зайдан эрчүүл үүнийг сонсоод зүйл зүйлийн цуурхал тараав. Тэд “Ийм залуу бага хүн яаж тэсэж чадав? Бас ийм өнгө зүстэй, ийм авьяаслаг сэргэлэн хүн, хожим хэний гарт орж, хэний завшаан болохыг мэдэхгүй” гэж ярьцгаана. Хэдэн өдрийн дараа Мяо Юйгийн өвчин засарсан боловч ухаан мэдрэл нь бүтэн сэргэж чадсангүй, элий балай байв.
Нэг өдөр Ши Чүнийг гэртээ байж байтал Цай Бин орж ирээд: “Чи Мяо Юй багшийн учрыг сонссон уу” гэж асуусанд цаадах нь: “Тэр ямар учиртай болоов” гэж зөрүүлж асуув. Цай Бин,
-Өчигдөр би, Шин авхай их найнай хоёрын ярилцахыг сонсвол, авхайтай шатар тоглосон тэр өдөр, гэнэт гүйдэлд дайруулж, дээрэмчдэд олзлогдлоо гэж бархирчээ.Одоо болтол сайн болоогүй гэнээ. Энэ чинь, сонин юм бишүү гэж асуув.
Ши Чүнь дуугараагүй боловч дотроо: “Мяо Юй хэдий ариун боловч улаан тоосноос ангижирч чадаагүй юм байна. Би энэ мэтийн айлд заяагдаад гэрээс гарахад бэрх болсон нь яасан харамсалтай вэ. Би гэрээс гарвал юуны ад чөтгөр наалдаж чадах вэ. Элдэв бодлыг тэвчвээс алив хэрэг амарлина” гэж бодов. Ийнхүү сонин сүжгээр бишрэн наманчилтал, бодь мөр олсон мэт болоод, нэг шад ерөөл уншив.
Хонсим хорвоогийн мөнх бусыг
Хувь зохиол гэж яахин болно вэ?
Хоосон ертөнцийн зүй мөн тул
Хоосны хаалганд далласаар амой… гэж уншаад шивэгчнээр хүж асаалгаж, хэсэг зуур нам гүм суугаад, шатрын ном эргүүлж Кун Рун, Ван Жишинь нарын зохиолыг үзвэл “Хөндий мад”, “Сүлжээ мад” төдий л гайхалтай биш “Хөндий булангийн арван хоёр түүхийг” бас амар ойлгохгүй. Ганцхан “Ганган тав” нь овоо сонирхолтой мэт санагдав. Тийнхүү шинжлэн сууж байтал, хүрээнд орж ирэх хөлийн чимээ сонсогдож “Цай Пин хаана байна” гэж дуудав. Хэн болохыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!
Холбоотой мэдээ