Монголын морин спорт, уяачдын холбооноос “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан. ‘Дүнжингарав’ наадмаар соёолон насны морьд шөнөөр уралдаж, мөн мориноос унасан хүүхдийн тоо 16 хүрснээс, нэг хүүхэд Гэмтэл, согогийн үндэсний төвд эмчлүүлсэн зэрэг олон асуудал дагуулж байгаа.
Тус уралдааны зохион байгуулах хорооны комиссын дарга Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн хурдан морины “Дүнжингарав” уралдаан зохион байгуулалтын хувьд маш муу болсныг иргэд шүүмжилж байна. Таныг уралдааны сүүлийн өдөр согтуу байсан гэдэг мэдээлэл гарлаа. Эндээс яриагаа эхлэе?
-Уралдааны хоёр дахь өдөр их нас, соёолон насны морьдын уралдаан болсон. Их насны морины уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машин явснаас тоосжилт үүсч үзэгдэх орчин хүнд болсон. Тиймээс соёолон насны уралдааныг маргааш нь уралдуулах санал тавьсан ч уяачид хүлээж аваагүй. Миний бие сүүлийн өдөр согтуу байгаагүй ээ. Үүнийг албан ёсоор хэлье. Уралдааны үеэр маш их хүндрэл гарсан. Соёолонг явуулахгүй байх талаар ярилцаж, индэр гарч хэлсэн байгаа. Харамсалтай нь, уяачид өдөртөө багтааж явуулахыг хүссэн. Ингээд уралдааныг нар жаргахаас өмнө амжуулахыг хичээсэн байгаа. Говьд нар жаргах юм бол эрт харанхуй болчихдог. Соёолонгийн түрүү морьд барианд орж ирэхэд гэгээтэй байсан.
-Соёолон морьдын уралдааны үеэр маргаантай асуудал гарчээ. Одоог хүртэл айргийн тавд орсон морьдыг бүрэн зарлаагүй байна. Хэзээ зарлах вэ?
-Би дээр хэлсэн. Их насны морьдын дараа тоосжилт болж, багагүй хугацаанд цаг алдах үе гарсан. Соёолон мордохын өмнө монгол, эрлийзийг ялгах ажил сунжрах байсан учраас уралдааны дараа үүнийг шийдье гэдгийг уяач нартай тохиролцож мордуулсан. Соёолонгийн бай шагналыг өгч чадаагүй. Бай шагнал болон бүртгэлийн цувааг хотод авчирсан байгаа. Уралдааны журманд эрлийз морьдыг уралдуулахгүй гэдэг журамтай. Үүний дагуу соёолон насны морьдыг ирсний дараа эрлийз морьдыг хасаад зургаад орсон морь айргийн тавд орсон байгаа. Хэрвээ эрлийз морь уралдаад айрагдсан бол хасна гэдгийг журманд заасан.
-Энэ удаа та комиссын даргаар томилогдон ажилласан. Уралдааныг гуравдугаар сарын 18-ны цэргийн баяраар уралдуулах нь зөв байсан уу?
-Монголын морин, спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурал хоёрдугаар 22-д болж, уралдааны товыг гаргасан. Цас багатай, дулаан газрыг сонгоод Говьсүмбэр аймгийн Баянталд явуулах нь зөв юм байна гэдэг шийдвэрт хүрсэн. Бид гуравдугаар сарын 18-д уяачдын хүсэлтээр уралдааныг зохион байгуулсан. Надад энэ удаагийн уралдааны комиссын даргаар ажиллах ээлж таарсан. Холбооны тэргүүлэгч гишүүд ээлжлэн комиссын даргаар ажилладаг байгаа.
Хамгийн түрүүнд санаа зовж байгаа зүйл бол морьноос унасан хүүхдүүдийн асуудал байна. 300 гаруй хүүхдээс 16 хүүхэд мориноос унасан. Эдгээр хүүхдээс гурвыг нь Улаанбаатар хотод авчирч эмнэлэгт үзүүлсэн. Тархины гэмтэлтэй нэг хүүхдийн зургийг авч эмчилгээ хийлгээд эмнэлгээс гаргасан байгаа.
-Уралдааны үеэр эмнэлэгийн тусламж үйлчилгээ хүрээлцээтэй байж чадсан уу?
-Говьсүмбэр аймгийн найман эмч, хоёр машинтай ажилласан. Мөн Хүүхдийн байгууллагад хяналтыг хийж, бүртгэлийн ажил болон бүхий л ажилд тусалсан. Бид бүхий л боломжтой зүйлийг хангаж өгсөн.
-“Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоол албан ёсоор гарсан уу?
-Энэ жил Засгийн газрын тогтоол гараагүй. Урьдын уралдаанууд тогтоолтой гардаг байсан болохоор зохион байгуулалтад асуудал гардаггүй байсан. Хаврын төвийн бүсийн “Дүнжингарав” уралдаан уяачдын цолон дээр их нэмэр болдог. Тиймээс уяачид болон иргэд энэ уралдааныг хүсэн хүлээдэг. Уралдааны гол зорилго бол 12 наснаас доош насны хүүхдийг уралдуулахгүй гэсэн Засгийн газрын тогтоолыг барьж ажилласан.
-Бэртсэн нэг хүүхэд 11 настай байсныг та бүхэн өчигдөр мэдсэн. Гэтэл яагаад ийм асуудал гарав?
-Энэ асуудал дээр Хүүхдийн төлөө байгууллага болон уяачдын холбоо ажиллаж байна. Бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн 11 настай хүүхдийн нэр зөрсөн. Яагаад энэ хүүхэд уралдаанд оров гэдгийг шалгаж, тухайн уяачид хариуцлага тооцох асуудал гарна. Анхнаасаа энэ хүүхдийн нэр, нас зөрсөн байсан. Хүүхдийн төлөө байгууллагад бид уралдаан болохоос өмнө бүх хангамжийг өгч бүртгэлийн ажлыг хянуулсан. Хүүхдийг шалгах явцад бага насны хүүхдүүд уралдах гэж байсныг болиулсан. Бүртгэлийг нарийн хийж, хурууны хээ, цээж зураг зэрэг бүхий л шаардлагатай бичиг баримтыг нэхсэн. Хүүхдийн бүртгэл шөнө дунд үргэлжилсэн. Маргааш нь уралдааны өмнө ч хүүхдийг дахин бүртгэлийг баталгаажуулсан байгаа.
-Хариуцлагын талаар юу гэж бодож байна вэ?
-Монголын морин, спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурал удахгүй болно. Энд уралдааны талаар ярилцлаж, зохион байгуулах комиссын хариуцлагын асуудал шийдэгдэнэ.
-Морин спорт, уяачдын холбооны зүгээс тойруулгын морин уралдааныг явуулж болдоггүй юм уу? Тавдугаар сарын нэгнээс өмнө уралдаан болохгүй гэдэг Засгийн газрын тогтоол байдаг. Яагаад энэ уралдааныг хийх болов?
-Тойруулгын уралдаан үндэсний уралдаанаас өөр. Үүнийг хөгжүүлэх талаар яригдаж байна. Олон улсын морин уяачдын холбооны гишүүн байгууллага учраас цаашид хөгжүүлэх бодолтой. 12-оос дээш насны хүүхдийг мордуулья, хүүхдэд зориулалтын хувцсыг өмсүүлье гэдгийг хатуу баримталсан байгаа. Энэ уралдааныг холбооны зүгээс олон жил амжилттай зохион байгуулсан учраас тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрийг гаргасан. Хаврын уралдаанд 12-оос доош насны хүүхдийг уралдаанд оролцуулахгүй гэсэн Засгийн газрын тогтоолыг барьж ажилласан.
-Хүүхдийн байгуулагаас та бүхэнд хүүхдийн аюулгүй байдлын талаар зөвлөмж хүргүүлсэн үү?
-Бидэнд хүүхдийн аюулгүй байдлын талаар зөвлөмжийг өгсөн. Уралдааны үеэр удирдамж, зөвлөмжийг уяачдад хүргүүлсэн байгаа. Хүний эрхийн комисс үүн дээр ажиллаж, хяналт тавьсан.
-Зөвшөөрөлгүй машинуудыг яагаад явуулсан юм бэ?
-Албан ёсоор зөвшөөрөлтэй найман машин байсан. Гэтэл тухайн уралдаан болох үеэр машины тоо эрс нэмэгдэж, энд тэндээс машин морь дагах болсон. Баянтал сум тал газар. Их насны морьдын уралдааны үеэр 100 гаруй машин дагасан байсан.
Эндээс болж уяачид, наадамчидтай ярилцан машины асуудлыг цэгцлэхгүй бол соёолонг явуулахгүй гэдгийг хэлсэн байгаа. Соёолонг маргааш нь уралдуулах сонирхол байсан ч хоноглох газраас эхлээд асуудал байна гэсэн уяачдын санал, хүсэлтийг авч уралдуулсан. Морь мордоход 17.00 цаг болсон байсан. Морь эргэхэд нартай гэгээтэй байсан. Бүх зүйлийг аль болох шуурхай явуулахыг хичээсэн. Тиймээс уралдаад ирсэний дараа эрлийз, монголоор нь ялгахыг уяачид зөвшөөрсөн.
-Их тоос болсоны улмаас үзэгдэх орчин бага байжээ. Гэтэл морь машин мөргөсөн гэдэг мэдээлэл байна?
-Их насны уралдааны үеэр ийм зүйл болсон. Их тоосонд дунд машин морь мөргөсөн мэдээлэл комисст ирсэн. Мориноос унасан хүүхэд машин мөргөсөн гэдгийг хэлсэн. Цагдаагийн байгууллагад морь мөргөсөн машиныг олохыг хүссэн ч олдоогүй. Үнэхээр санаанд оромгүй машин байсан. Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр үзэгчийн тоо 40 мянгад хүрч, машин 15 мянган орчим байсан гэсэн.