"Ухах газар, ухахгүй газар гэж тусдаа байгаа"

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

"Ухах газар, ухахгүй газар гэж тусдаа байгаа"

"Ухах газар, ухахгүй газар гэж тусдаа байгаа"

Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн зүүн талд тусгай хамгаалалттай газар нутагт иргэн О.Одсүрэн нь ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын суурийн газар шорооны ажил явуулж байна гэсэн иргэний өгсөн мэдээллийн дагуу тус газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын алба, Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ албан хаагчид ажиллажээ. 

  Биднийг Зайсан толгойн зүүн талд 12.00 цагийн үед очиход ганц экскаватор,ухсан том хар нүх л торойн харагдаж байлаа.

Хэдийгээр Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр /2018.03.21/ дээрх газрын үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай тогтоол гаргасан ч иргэн О.Одсүрэн нь тус тогтоолыг зөрчин үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан юм. Иймээс ЦЕГ-ын зүгээс зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж буй иргэн О.Одсүрэнгийн багаж, хэрэгслийг хураан авчээ. 

Бодит байдал дээрээ суурьшлын бүс болсон байгаа биз дээ

Нөхцөл байдалтай танилцсан БОАЖЯ-ны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал хэлэхдээ,

“Өнөөдөр прокурорын дүгнэлт хүртэл гарсан байхад дээрх газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд  явуулж л  байсан. Одоогоор БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт баруун аймагт ажиллаж байгаа. БОАЖ-ын сайдыг ирэхээр бид энэ асуудлыг сайдын түвшинд авч ярилцана.

Хэн ч байсан хууль биелүүлэх ёстой. Мэдээж бүтээн байгуулалтыг зураг төслийнх нь дагуу хийж бололгүй л яах вэ. Гэхдээ ухах газар, ухахгүй газар гэж тусдаа байгаа.Чингистэй уул, Зайсан толгой, Соёмбо уулыг яагаад ухаад байгаа юм. Өнгөрсөн жил Соёмбо уулыг ухаж байхад бид шууд газар ашиглах эрхийг цуцлуулсан. Одоо энэ Зайсан толгойн зүүн талыг ч мөн адил цуцлуулна. Албан байгууллагууд болон  хувь хүмүүс анх төслөө өгөхдөө гоё тохижуулна, нийслэлийн иргэдийг амарч зугаацуулах орчныг бүрдүүлнэ гэж газар ашиглах эрхээ авдаг. Гэтэл барилгаа барьсан хойно барилгын зориулалтаа өөрчлөөд орон сууц барьж байгаа тохиолдол олон байгаа. Бид хууль зөрчсөн хүмүүсийн газар ашиглах эрхийг цуцлаад  Нийслэлийн засаг даргын тамгын газарт хандаж, дээрх газруудад тохижилтын  ажлыг хийлгүүлнэ. Зайсан толгойг тусгай хамгаалалтай газар гэж байгаа боловч бодит байдал дээрээ суурьшлын бүс болсон байгаа биз дээ” гэв.

Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авна

Энэ асуудлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын мэргэжилтэн Н.Эрдэнэбилэгээс тодрууллаа. 

-Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

– 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэдийн зүгээс Зайсан толгойн зүүн талд  зөвшөөрөлгүй барилгын газар шорооны ажил явуулж байна гэх гомдол ирсэн. Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор дээрх газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. Зөрчлийн хэрэг нээж шалгаж байна. Зөрчлийн тухай хуулиараа зөрчлийг арилгуулаад, торгуулийн арга хэмжээ авч, газрыг нөхөн сэргээлгэнэ.

-Албан шаардлага хэзээ хүргүүлсэн бэ?

-Өчигдөр /2018.03.20/ иргэдээс гомдол ирүүлсний дагуу бид газар дээр очиж, танилцсан. Харин өнөөдөр дахиад бичгээр албан шаардлага хүргүүлж байгаа. Биднийг ирэхэд барилгын ажил үргэлжилж байсан.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, О.Одсүрэн нь УИХ-ын асан Л.Гүндалайгийн хамаатан бөгөөд О.Одсүрэнгийн шүүх хурал дээр Л.Гүндалай суусныг хэлж байлаа.

Энэ асуудалтай холбоотойгоор “2014 онд Зайсангийн аманд барилга барих нь хэрээс хэтэрлээ хэмээн тус хэсэгт амьдарч байсан гэр хорооллын 500 гаруй иргэдийн төлөөлөл сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж байсан юм. Энэ үеэр Л.Гүндалайгийн эгч Л.Оюундалайгийн хүү О.Одсүрэн нь иргэдийн орон гэрийг хүч хэрэглэн буулгаж, газрын дээрмийг хийж байгаа” гэх мэдээллийг өгч байсныг эргэн сануулъя.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж