Мьянмарын Ерөнхийлөгч Тин Чяу эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорч буйг тус улсын Засгийн газраас өнөөдөр /2018.03.21/ мэдэгджээ.
Тин Чяу бол Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч гэгдэж асан Ан Сан Су Чигийн дотны найз нарын нэг юм. 2016 онд Мьянмарын парламентын сонгуульд Ардчиллын төлөө үндэсний лигийн тэргүүн Ан Сан Су Чигийн нам үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Тин Чяу Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангараг өргөсөн юм.
Мьянмарын Үндсэн хуульд гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэн Ерөнхийлөгч болох эрхгүй тул Ан Сан Су Чи Төрийн зөвлөх болж, түүний дотны найз Тин Чяу Мьянмарын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Тин Чяугийн огцорсон тухай мэдэгдэл Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чи Мьянмарын угсаатны цөөнх рохинжа иргэдийн эсрэг явуулж буй харгис бодлого, мөрдлөг хавчлагаас болж олон улсын зүгээс шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан үетэй давхцаж байгаа ажээ.
Зургаан сарын хугацаанд Исламын шашинт 700,000 гаруй рохинжа иргэн мөрдлөг, хавчлагаас зугтан, эх орноосоо дүрвэн гарсныг НҮБ Мьянмарын цэргүүдийн явуулж буй угсаатны цэвэрлэгээ гэж үзэж байгаа юм.
Гэвч Мьянмарын цэргийн эрхтэн дархтнууд үүнийг үгүйсгэж ирсэн юм. Дэлхийн улс орнууд Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чиг угсаатны цэвэрлэгээ явуулж буй цэргийн үйл ажиллагааг зогсоох бүү хэл дэмжин, хамгаалж байгаа хэмээн буруутгаж байгаа юм.
Эх сурвалж:CNN