Чикаго сүүлийн 10 жилд анх удаагаа плэй-оффын гадна үлдлээ | News.MN

Чикаго сүүлийн 10 жилд анх удаагаа плэй-оффын гадна үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Чикаго сүүлийн 10 жилд анх удаагаа плэй-оффын гадна үлдлээ

Чикаго сүүлийн 10 жилд анх удаагаа плэй-оффын гадна үлдлээ

2008-2009 оноос хойш тогтмол плэй-оффт шалгарахдаа 3 удаа стэнлийн цомыг өргөсөн Чикаго Блэйкхаукс баг сүүлийн 10 жилд анх удаагаа плэй-оффын гадна үлдлээ. Өнөөдөр өөрсдийн “United Center” ордондоо Колорадо Эвеланш багийг хүлээн авч 1-4 харьцаатай хожигдож улирлын нийт 44 дэх хожигдоо хүлээсэн. Ингэснээр Чикаго Блэйкхаукс баг Өрнөд бүсэд 74 тоглолтын дараах байдлаар 69 оноотойгоор 15 багаас 13-т бичигдэж байна. Үлдсэн тоглолтуудад бүгдэнд нь хожил аваад ч плэй-оффт шалгарах боломжгүй болсон. Иймд Чикаго Блайкхаукс багийн хувьд энэ улирлын плэй-офф мөрөөдөл болж байна.

Чикаго Блэйкхаукс баг 2008 оны 10 сард Ж.Кенневиллийг багийнхаа ахлах дасгалжуулагчаар томилсон. Шинэ дасгалжуулагч Ж.Кенневилль шинэ багтаа ирээд багийн гол тоглогчид болох Д.Кейт, Б.Сибрүк, К.Крауфорд, мөн залуу тоглогч Й.Тэйвз болон П.Кейн нар дээр суурилсан шинэ багийг бүрдүүлж багийг удирдсан эхний улиралдаа плэй-оффт шалгарч бүсийн финалд шалгарсан. Ингээд дараа жил нь багийнхаа 49 жил хүлээсэн стэнлийн цомыг авчирч чадсан. Ж.Кенневиллийн удирдсан Чикаго Блэйкхаукс баг Өрнөд бүсийн шилдэг баг болохоос гадна түүний багаас олон шилдгүүд төрөн гарсан. Гэвч “Салхит” хотын баг энэ улирлыг эрт өндөрлүүлэх болж байна. Хүчирхэг Чикаго Блайкхаукс багийг ийн плэй-оффын гадна үлдэхэд олон шалтгаан байгаа байх. Гэхдээ олон шалтгаан дундаас сүүлийн жилүүдэд хийсэн солилцоо наймааны бодлого, тэр дундаа П.Кейнтэй маш хүчирхэг довтолгооны хослолыг үүсгээд байсан Орос залуу А.Панаринг явуулсан нь алдаа байж болох юм.

Б.БЯМБАБАЯР

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж