"Нууцад хамрагдсан мэдээллийг нууцаас гаргах амар ажил биш"

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

"Нууцад хамрагдсан мэдээллийг нууцаас гаргах амар ажил биш"

"Нууцад хамрагдсан мэдээллийг нууцаас гаргах амар ажил биш"

ОХУ-ын  “Росгеолфонд”-ын архивд хадгалагдаж буй Монголын нутаг дэвсгэрт 1950-1990 онд хийсэн геологийн судалгааны ажлын тайлан, материалуудын эхний хэсгийг Монголын талд хүлээлгэн өгчээ. Үүнийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт өнөөдөр /2018.3.21/ хүлээлгэн өглөө.  Геологийн судалгааны ажлын тайлан, материалд 61 CD материал багтаж байгаа ажээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 


-Тайлан, материал олонд нээлттэй байх уу?

-Ер нь геологийн хайгуулд мэдээлэл хамгийн чухал. Мэдээлэл дээр үндэслэн геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулж буй компани үйл ажиллагаагаа төлөвлөдөг. Энэ мэдээлэл байхгүй тохиолдолд ажлыг шинээр хийдэг. Хайгуулын мэдээлэл маш үнэтэй. Геологийн хайгуулд мөнгө босгох маш хүнд байдаг. Орд нь тодорхойгүй газар хайгуул хийх нь маш эрсдэлтэй. Манай улсын хувьд геологийн хайгуулын ажлыг ОХУ-тай хамтран хийж, мэдээлэл нь Орост хадгалагдаж байсан. Энэ мэдээлэл манай улсад хэрэгтэй байсан ч бид түүнийг авч чаддаггүй байсан. Одоо энэ мэдээлэл манай улсад үнэ төлбөргүйгээр шилжиж ирж байгаа нь уул уурхайн хөгжилд томоохон нэмэр болно.

Геологийн судалгааны ажлын тайлан, материал нээлтэй байх эсэх нь тодорхой журамтай. Журмын дагуу ажиллана. 

-Судалгааны материалыг Монголд авчрах ажил хоёр орны Засгийн газар хооронд олон жил яригдсан гэж байна. Олон жил яригдсан шалтгаан юу байсан вэ?

-Зөвлөлт холбоот улс эдгээр материалыг нууцад хамруулсан байсан. Аливаа улс нэгэнт нууцад хамрагдсан мэдээллийг нууцаас гаргах нь амар ажил биш. Манай улсын зүгээс энэ асуудлыг байнга тавьж байсан. Оросын санхүүжилтээр хийгдсэн мэдээлэл ч монголын газар нутаг дээр хийгдсэн тул бид энэ мэдээллийг авах эрхтэй, манай улсын хөгжилд хувь нэмэр болно гэж үзэж буйгаа олон жил мэдэгдсэн.

-Хоёр орны хамтран хийсэн хайгуулын эхний хэсгийн материал гэж байна. Үлдсэн хэсэг нь хэзээ орж ирэх бол?

-61 CD  материал ирж байна. Үүнийг хэвлээд гаргах юм бол хэдэн хуудас материал болно. Өөр нэмэлт материал Оросын талаас авахаар бид ажиллаж байгаа. 

-Эдгээр хайгуулын ажилд хэдэн төгрөг зарцуулж байсан бол?

-Тухайн үед жил бүр геологийн хайгуулын төсвийг ЗХУ болон манай улс гаргаж, хамтран хайгуул хийж байсан. Тэр төсвийн хэмжээнд хэмжигдэнэ. Энэ бүхэн мөнгөөр хэмжигдэх зүйл биш. Гэхдээ энэ ажлыг хийхдээ төсвөөс маш их хэмжээний мөнгө зарцуулж энэ мэдээллийг бий болгосон. Энэ нь маш их хэмнэлт бий болгосон. Хаана хайгуул хийж болох, хаана хийгээд хэрэггүйг мэддэг болсон.  

Р.РЕНЧИНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж