Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдаан өнөөдөр /2018.03.21/ Төрийн ордонд боллоо.
Хамтарсан хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Туркийн талаас Шадар сайд Хакан Чавушолу нар тэргүүлэн оролцсон юм. Энэ удаагийн хуралдаанаар Монгол, Туркийн эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын харилцааны нөөц бололцоог ашиглах, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд хоёр тал онцгой анхаархаар тохиролцжээ.
Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл, Туркийн экспорлогчдын нийгэмлэг, худалдааны танхимын холбоодтой хамтарч ажиллахаар боллоо. Энэ хүрээнд хоёр талын хамтарсан хуралдааныг энэ онд зохион байгуулж, чөлөөт бүс байгуулах туршлага хуваалцах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
Хуралдааны төгсгөлд ярилцан тохирсон асуудлыг тусгасан протоколд төлөөлөгчдийн тэргүүн нар гарын үсэг зурлаа.
Ш.ЧИМЭГ