Генералууд дуулж бай!!!

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Генералууд дуулж бай!!!

Генералууд дуулж бай!!!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 19-нд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Жишээ нь, одоо дөрвөн генералын цолыг хураах гэж байна. Би дөрөв дэхийг нь жич зарлая. Одоохондоо хэлэхгүй. Эрүүгийн хуулиар шийтгүүлсэн гурван генералын цолыг удахгүй хураана. Энэ бол хуульд заасан учраас хурааж байгаа юм” гэв. Энэ талаар ярихдаа Дүнжингаравын уралдааны бичлэгийг үзэж байгаад түүнтэй холбогдуулан үргэлжлүүлж ярьсан, мөн уяачдын цолыг хураах асуудалтай хамтатгаж хөндсөн болохоор “уяач генералын цолыг хураах нь” гэсэн таамаг ч төрүүлсэн. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйл- “Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх”-ийн нэг дэх хэсэгт “Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна” гэж заасан байдаг.

Харин цолоо хураалгах дээрх дөрвөн генерал хэн хэн юм бол? “Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргидог” гэгчээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хийсэн энэ мэдэгдэл Монгол Улсад генерал цолтой нийт 181 хүн, тэдгээрээс амьд сэрүүн байгаа 97, бүр нарийвчилбал ажил үүрэг гүйцэтгэж яваа 35 генералыг түгшээгээд авав бололтой.

Эхлээд ял шийтгэл хүлээж байсан генералууд нь хэн байж болохыг эргэн харцгаая.

Хошууч генерал М.Жаргал. ЗХЖШ-ын Ар талын газрын даргаар ажиллаж байсан, БХЯ-ны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан тэрбээр бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, Дүүргийн I прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо хэргийг хянан яллах дүгнэлт үйлдээд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн нэгэнтээ шүүх хурал дээр согтууруулах ундаа хэрэглэж орж ирсэн учраас хурлыг хойшлуулж, шүүхийг үл хүндэтгэсэн учраас цагдан хорьж байсан талаар өдөр тутмын хэвлэлүүд мэдээлж байсан. Мөн түүнд холбогдох өөр нэгэн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Дүүргийн II прокурорын газарт шилжүүлсэн байна. Шүүхийн шийдвэрийн санд М.Жаргалд холбогдох хэргийг 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж таслан шийдвэрлэсэн байдаг.

Бригадын генерал Т.Дашдэлэг. ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа Улсын нөөцийн газрын дарга асан Ж.Бямбаноров, иргэн М.Сэргэлэнбаатар нартай хамтран байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “МИГ-21” онгоцны моторыг БНАСАУ-д 679.800 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар нэг тэрбум орчим төгрөгөөр худалдахыг завдсан хэрэгт холбогдсон юм. Түүний энэ үйлдэлд нь анхан шатны шүүх 2014 оны нэгдүгээр сарын 6-нд гурван жил таван сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Улмаар дээрх мөнгийг Ж.Бямбаноров, М.Сэргэлэнбаатар нараас гаргуулан тус улсын Ардын Зэвсэгт хүчний харьяа “Ылмир” компанид олгохоор шийдвэрлэсэн. Бригадын генерал Т.Дашдэлэг ШШГЕГын харьяа хорих 411 дүгээр ангид ял эдэлж байсан бөгөөд  2015 оны хоёрдугаар сард буюу цагаан сарын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хүрээнд уучлал үзүүлсэн байдаг.

Хошууч генерал Ч.Амарболд. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан түүнийг “долдугаар сарын 1-ний үймээний үед хэлмэгдүүлсэн гэж салбарынхан нь үздэг ч шүүхээс Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар “Захирагч эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр 6.6 жилийн ял сонсож, батлан даалтаар хугацаанаасаа өмнө суллагдаж байсан билээ. Харин өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод суух консулын албан үүргийг хүлээн авсан байдаг.

Мөн ОБЕГ-ын дарга асан, хошууч генерал П.Даш 2014 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр суллагдсан. Тэрбээр ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн улсын нөөцөөс их хэмжээний мөнгө завшсан хэмээн  гурван шатны шүүхээс буруутгаж,  3.6 жилийн хорих ял сонсч ялаа бүрэн эдэлсэн байдаг.

Зарлаагүй дөрөв дэх нь уяач байж болзошгүй гэж дээр дурдсанчлан хоёр таамаг дэвшүүлэхэд эхнийх нь ММСУХ-ны удирдлагын багт багтдаг, Батлан хамгаалахын дэд сайд асан, хошууч генерал С.Баасанхүү байж болох юм. Гэхдээ гэм буруутай нь тогтоогдвол шүү дээ.

Эндээс харахад эрхэм генералууд маань төрийн эрх мэдэлд, тэр тусмаа улс төрийн замаар, төрийн өмч хариуцсан ажил хийхээр л буруутаад байдгийг өнгөрсөн цаг хугацаанд харлаа.

Мөн нууц задруулсан хэрэг гэж аюултай хэрэг байдаг юм байна. Шүүх хурал нууцаар болно. Тэнд хэн хэлмэгдэж, эс хэлмэгдэж буйг мэдэхэд амаргүй. Тухайлбал, 2000 онд Ж.Баатар генералд бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, нууц задруулсан гэх үндэслэлээр долоон жилийн ял шийтгэсэн байдаг. Хэрэв ял шийтгүүлсэн генерал цолтон байж болохгүй гэж үзвэл тэр ч мөн үүнд хамаарах нь.

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2012 оны хавар  генералуудын өдрөөр 22 генералд хаус барьж өгч, эдлэн газар өгөхөөр болсон талаар мэдээ түгж баярласан, муулсан олон “коммент” цуглуулж билээ. Хожим нь буюу гурван жилийн дараа 2015 оны арванхоёрдугаар сард УИХ-ын чуулганы танхимд одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ “Энхбаяр аа, чиний “Санзай” дахь генералуудын нэрээр барьсан байшинг хөндөөгүй шүү” гэх утгатай зүйл хэлж олныг цочирдуулж билээ. Үнэн хэрэгтээ Монгол Улсын зэвсэгт хүчинд залуу нас, бүхий л амьдралаа зориулж, тэр дундаа XX зууны хүйтэн дайны үед хүнд бэрхийг ачаандаа үүрсэн цэргийн дээд цолтой 20 гаруй ахмадад хүндэтгэл  үзүүлж, нийгмийн асуудалд нь анхаарал хандуулсан нь тэр байж. УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа гаргасан санаачилгын дагуу “Санзай”-д газар олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд тухайн үеийн Сангийн яам санаачилж, үе үеийн Батлан хамгаалахын сайдууд 23 генералынхаа асуудлыг бага багаар шийдээд явж байсан нь тэр аж. Нэг генералын амины орон сууцанд 50 орчим сая төгрөг гэж төсөвлөгдсөн энэ санаачилга гүйцэд хэрэгжээгүй л яваа гэдэг.

Мөн генералуудын цолны нэмэгдэл болон хуульд заасан хангамжийг эдлүүлэхэд бидний харах цалингийн хүснэгт бага тоо харуулдаг ч үл үзэгдэх цалин, хангамж, удаан ажилласны болон цолны нэмэгдэл, амьдрал ахуй, хэтэвч данс руу нь ахиухан өнгийвөл сар бүр юу ч идэж уухгүй, хувцас хунар, боловсрол, эрүүл мэнддээ огт зарцуулахгүйгээр хадгалсан ч худалдаж авахад арай л хүч хүрэхээргүй үнэтэй хаус, зуслангаас эхлээд олны нүднээ илт харагдах, ямар арга  замаар гэнэт буюу онцгой их хэмжээний хөрөнгө цуглуулав гэдэг асуудал анхаарал татсан хэвээрээ байна. Эцэст нь хэлэхэд “Алтан мөрдөстнүүд минь авлигаас хол байгаасай”. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж