Протекционизм эрчээ авахад Монгол хожих уу

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Протекционизм эрчээ авахад Монгол хожих уу

Протекционизм эрчээ авахад Монгол хожих уу

Худалдан авагчдын сонгох эрхийг боомилдог протекционизм эрчээ авч байна

Монгол зэрэг үйлдвэрлэл хөгжөөгүй, валютын ханш болон түүхий эдийн үнийн савлагаанд өртөмтгий орнуудад алсдаа сөргөөр нөлөөлж мэдэх эрсдэл дэлхий нийтэд тулгараад байна. Манай гарагийн эдийн засгийн нөлөө бүхий гүрэн АНУ-ын удирдагч дотоодын зах зээлээ хамгаалах бодлого явуулж буй нь Европын холбоо, БНХАУ болон ИХ 20 гэх мэт хүчнүүд олон улсын чөлөөт худалдааны системийн аюулгүй байдлын асуудлыг хөндөхөд хүргэлээ. Дональд Трамп ган болон хөнгөн цагааны импортдоо өндөр татвар ногдуулж, цаашид Европын автомашин үйлдвэрлэгчдэд ч зах зээлээ хаахаар зэхэж байгаа нь Европын холбооны эгдүүцлийг төрүүлсэн. Мөн аль ч улсын хувьд худалдааны мөнхийн түнш гэгдэж ирсэн БНХАУ болон АНУ-ын хоорондын эдийн засгийн харилцаа ч хурцдаж эхэллээ. Өдгөө томоохон хэвлэлүүд энэ хоёр гүрний дунд үүссэн худалдааны дайныг жинхэнэ дайн болж мэднэ хэмээн бичиж байна.

Өнгөрсөн хоёр өдөр Аргентины Буэнос-Айрес хотод чуулсан ИХ 20-ийн орнуудын сангийн сайд болон төв банкны удирдлагууд ч Дональд Трампын протекционист бодлого эдийн засгийн өсөлтөд нь сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилсон. Харин үүсээд буй нөхцөл байдалд хамгийн их санаа зовж буй нь Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)- ын тэргүүн Роберто Азеведо юм. Тэрбээр “АНУ ган болон хөнгөн цагаанд импортын өндөр татвар ногдуулж, худалдааны протекционист бодлого баримталж байгаа нь дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоонд аюул учрууллаа” хэмээснийг хэвлэлүүд онцлов. Гэхдээ одоо л хэн хүнгүй санаа зовж эхэлснээс биш дэлхийн худалдааг хумих алхмууд хэдэн жилийн өмнөөс эхтэй. 2014 онд ОХУ-ын эсрэг тавьсан Европын холбооны хориг, Пхеньяны эсрэг НҮБ-ын хориг мөн Их Британи Европын холбооноос гарахаар болсон нь бүгд улс төрийн сэдэлтэйгээр дэлхийн худалдааг хумьсан алхмууд юм. Эдгээрээс Монгол Улс хожсон нь ч бий бас сүйхээлж чадаагүй хоцорсон нь ч байгаа. Тухайлбал, Пхеньян хоригийн улмаас өмнөд хөршид нүүрс экспортолж чадаагүй нь Монголын хувьд нүүрсний экспортоор төсвийн цоорхойгоо нөхөх боломж олгосон. Харин Европын холбооны тавьсан хориг ОХУ-ыг Хятадтай улам ойртоход хүргэсэн ч замд нь байгаа Монгол сүйхээлж ашиг хүртэж чадсангүй. Одоо манай ноолуур, алтны гол худалдан авагч Их Британи Европын холбооноос гарах үйл явц албажихад тус улстай худалдааны нөхцөлөө дахин тохирох шаардлага тулгарч буй. Чөлөөт худалдааны эсрэг өрнөж буй эдгээр үйл явц Дональд Трамп Ерөнхийлөгч болсон даруйдаа Транс-Номхон далайн чөлөөт худалдааны хэлэлцээрээс татгалзаж, Умард Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг чичлэх хүртэл ингэтлээ олныг сандаргаж байсангүй.

Тэгвэл Дэлхийн II дайнаас хойш чөлөөт худалдааг манлайлж, илүү үүрэг хариуцлага үүрч явсан АНУ эл зарчмаас ухарснаар чөлөөт худалдааны тогтолцоо ганхах эрсдэл бий юу. Үүнд нэр хүндтэй хэвлэлүүд бас шинжээчид “тийм” гэдэг хариулт өгч байна. Нээлттэй зах зээлийн ачаар хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт эрчимжсэнээс гадна хөгжиж буй болон буурай орнуудын ядуурал, өлсгөлөнг тарифын болон тарифын бус хөнгөлөлтийн аргаар бууруулж чадсанаараа чөлөөт худалдааны систем нь гавьяатай. Ялангуяа, Энэтхэг, Хятад гэх мэт орнуудад нийгмийн шинжтэй аливаа асуудлыг шийдвэрлэхэд чөлөөт худалдааны оролцоо их байсан гэдгийг Economist сэтгүүл онцолжээ. Тэгээд ч дэлхий нийт харилцан хамааралтай болсон цаг үед дангаарших бодлого хол явахгүй гэдгийг тус сэтгүүл хөндсөн байна. Дэлхийн 193 орон худалдаанд эрх тэгш оролцох талбар болдог чөлөөт худалдааны систем үгүй бол баян орнууд нэн түрүүнд импортыг бууруулах бодлого баримталж, хөгжиж буй болон буурай орны экспортод тарифын хязгаарлалт тогтоох нь ойлгомжтой аж. Энэ нь экспортын тусламжтай хөгжиж байгаа орнуудад цохилт болж, үйлдвэрлэл зогсож, цалин багасаж, худалдан авах чадвар буурна. Тарифын хязгаарлалтын улмаас өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, валютын ханш өсөхөд нэн түрүүнд хохирч үлдэх нь нийгмийн доод хэсэг. Гэхдээ баян гүрнүүд уснаас хуурай гарахгүй. Дотоод зах зээлээ хамгаалах нь эргээд дотоодын үйлдвэрлэл монополь болж хувь хүмүүс сонголт хийх эрх чөлөөгүй болно гэсэн үг юм. Тиймээс худалдааны чөлөөт систем нь манайх шиг өрсөлдөх чадвар султай, аж үйлдвэржээгүй орнуудад хямд өртгөөр эрэлт хэрэгцээгээ хангах давуу тал олгож байсан юм. Европын холбооны зах зээлд Монгол Улс 7200 нэр төрлийн бараа нийлүүлэх эрхтэй байдаг нь бас л чөлөөт худалдааны тогтолцооны давуу тал.

Худалдааг хумих бодлогоос Монгол хожсон нь бий, бас сүйхээлж чадаагүй хоцорсон нь ч бий

Харамсалтай нь, дэлхийн худалдааны одоогийн нөхцөл байдлыг зэвсэглэлээр хөөцөлдөж байсан “Хүйтэн дайн”-ы үетэй зүйрлэж байна. ХУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор Д.Уламбаяр “Улс орнууд харилцан протекционизмаар хөөцөлдсөнөөр олон улсын худалдаа хумигдахаас гадна олон улсын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд маш том аюул болно” хэмээв. Тэрбээр мөн “удирдагчийн хувь хүний зан төлөв гадаад бодлогод их нөлөөлдөг. Тухайлбал, А.Гитлер, И.Сталин нарын зан төлөв дэлхийн түүхийг өөрчлөх хүчтэй байсан бол Дональд Трампын АНУ-ыг агуу болгохын тулд явуулж буй протекционист бодлого ч дэлхийн худалдааны тогтолцоонд нөлөөлж буй”-г онцолсон юм.

Нөгөөтэйгөөр, угийн худалдаачин ард түмэнтэй хиллэдэг манай улсын хувьд АНУ-ын протекционизмыг давуу тал болгон ашиглах боломж бий. АНУ Транс-номхон далайн түншлэлийн хэлэлцээрээс татгалзсан нь үнэн хэрэгтээ өмнөд хөршид худалдааны том орон зай бий болгосон хэрэг байв. Дэлхийн ДНБ-ий 40 хувийг бүрдүүлдэг, хүн амын 17 хувийг эзэлдэг, амьдралын чанар сайтай энэ зах зээлд Хятад улс далим алдахгүй АНУ-ын байр суурийг эзлэхээр хэдийн хөдөлж эхэлсэн. Дундаж давхаргын худалдан авалт саарсан Хятадын хувьд эдийн засгийн дараагийн тогтвортой өсөлтийг авчрах зах зээл бол Номхон далайн 12 орон гэдэг нь маргаангүй үнэн. Хятадын эдийн засаг хэдий чинээ тогтвортой өснө дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ хийгээд эрэлт тэр хэмжээгээр өндөр байна. Тиймээс хаяа дэрлэн оршдог Монгол Улсын хувьд экспортын голлох түүхий эдүүдээс орлого олох боломж тогтвортой байх нь.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж