Улс төр судлаач доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал улс төрийн болон нам, судлаачдын дунд хүчтэй яригдаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага юу байна вэ?
–Монгол Улс олон намын тогтолцоонд шилжээд 28 жил болж байна. Анх 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг баталж, 2005 онд шинэчлэн найруулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд улс төрийн орчин, иргэдийн үнэт зүйл, намуудын үйл ажиллагааны чиг хандлага гэх мэт олон зүйл өөрчлөгдөж байна. Өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй 27 нам байгаа ч сонгуульд өрсөлдөж, иргэдийн итгэл дааж парламентад засаг барьж байгаа нам тун цөөхөн байна. Бусад намууд нь Дээд шүүхэд бүртгэлтэй, сонгуулиас бусад жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй. Иргэдийн улс төрийн намд итгэх итгэл буурсан. Олон улсын болон дотоодын судалгаагаар нам бол авлигын нэгэн гол эх сурвалж гэж иргэд үзэж байна.
Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад оронд ч гэсэн намд итгэх итгэл буурах, намаас дайжих хандлага газар авч байгаа тул намын шинэчлэл дэлхий даяар тулгамдсан зүйл болж байна. Тиймээс улс төрийн намуудыг шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгамдаж байна.
-Улс төрийн намын тухай хуульд орох гол өөрчлөлтүүд нь юу байх вэ?
-Энэ удаагийн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол үзэл баримтлал бол намыг бодлогын институци болгон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх явдал юм гэж энэ хуулийн төсөлд зөвлөмж өгч буй судлаачид бид үзэж байна. Нам судалгаатай, үндэслэлтэй, хэрэгжих тооцоо төлөвлөгөөтэй, бодит байдлыг дэлхийн хөгжилтэй нийцүүлсэн бодлого боловсруулдаг институци болох ёстой. Түүнээс биш нам нэг удаагийн сонгуульд оролцох, олны санал авахын тулд хэрэгжих боломжгүй, популист, хүмүүсийн хэрэгцээн дээр тоглолт хийсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдөх ёсгүй. Өнгөрсөн жилүүдийн намуудын гол алдаа нь сонгуулийн амлалт нь бодит байдалд нийцээгүй, намын суурь үнэт зүйлтэй тохироогүй мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсантай холбоотой. Орчин үеийн намууд бол нийгэм, улс орны хөгжлийн бодлого боловсруулах, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, шинжлэх ухааны бодит үндэслэлтэй, хүмүүсийн эрэлт хэрэгцээг бүх талаас нь судалж, тандсан бодлого боловсруулдаг болсон. 1980-аад оныг хүртэл Европын намууд массын буюу олон түмний намын хэв маягтай байсан. Тухайн намд хэдий олон хүн байна тэр хэмжээгээрээ нам том, хүчтэй гэж үздэг байсан. Харин одоо бол нам хэр зэрэг бодлого боловсруулах чадвартай байна, нам бодлого боловсруулах институцийн хувьд хэр бэхэжсэн байна вэ гэдгээр намуудыг дүгнэдэг болсон. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дараагийн нэг чухал асуудал нь намын санхүүжилтийг хариуцлагатай, шилэн болгох явдал. Ингэснээр намууд олон түмэнд үйл ажиллагаа нь нээлттэй, санхүүжилт нь ил тод, олигархиудын нөлөөнөөс ангид болох юм. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар намууд төрөөс санхүүгийн дэмжлэг авдаг. Тэр дэмжлэгийн хариуд нам санхүүгийн сахилга бат, ил тод байдал, тайлангаа олон нийтэд тавьдаггүй. Намын санхүүжилтэд намын дотоод хяналтын байгууллага л хяналт тавина гэж заасан байдаг нь огт хэрэгжих боломжгүй заалт юм.
Мөн хуульд намын төв болон орон нутгийн бүтцийг хатуу зааж өгөхгүйгээр намууд дүрмээрээ зохицуулахаар нээлттэй орхих нь зөв гэж судлаачид үзэж байгаа. Энэ нь цаашид намын хатуу гишүүнчлэл, орон нутгийн нүсэр том бүтцийг задлах зорилго агуулж байгаа юм. Намууд засаг захиргааны бүх нэгжид үүр, хороод ажиллуулж санхүүгийн болон хүн хүчний асар их нөөцийг зарцуулж байгаа массын намын загвараас алсдаа татгалзах нь зүйтэй. Ер нь намууд сум, баг, хороо гэх мэт орон нутгийн бүх нэгж дээр бус бүсийн төв юм уу бүсчилсэн байдлаар анхан шатны байгууллагаа байгуулж болно, тэрнээс биш орон нутгийн нэгж бүхэнд салбар байгууллагатай байхыг шаардахгүй. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар намууд шууд уламжлалт бүтэц, хатуу гишүүнчлэлээс татгалзах боломжгүй байна. Монгол орны газар зүйн онцлог, хүн амын тархан суурьшсан байдал, улс төрийн намын талаарх иргэдийн дунд хэвшиж тогтсон ойлголт зэргээс шалтгаалан бүтэц зохион байгуулалт, гишүүнчлэлийн асуудлыг хуулиар хатуу тогтоох цаг арай болоогүй. Алсдаа бол энэ чиглэл рүү явах байх.
-Улс төрийн намуудын санхүүжилт хардлага, асуудал дагуулдаг. Улс төрийн намын тухай хууль болон намын санхүүжилтийн тухай хуулиудыг тус тусад нь хуульчлах ёстой гэж үзэх хүмүүс байдаг. Энэ удаа яаж тусгахаар байна вэ?
-Улс төрийн намын тухай хуульд зөвлөмж өгч буй судлаачид бид дэлхийн 180 гаруй орны улс төрийн намын санхүүжилт, гишүүнчлэлийн талаарх эрх зүйн зохицуулалтыг судалж Монголын нөхцөлд нутагшуулах боломжтой хувилбаруудыг санал болгож байгаа.
Улс төрийн намын санхүүжилт болон гишүүнчлэлийн ямар хэлбэрийг нутагшуулах вэ гэдгийн гол шалгуур нь тухай орны төрийн засаглалын хэлбэр юм. Монгол Улс гэхэд парламентын засаглалтай учраас бусад парламентын засаглалтай улс орнуудын намын гишүүнчлэл, санхүүжилтийн тогтолцоог нутагшуулах хэрэгтэй.
Энэ бол Европын орнуудын тогтолцоо буюу улс төрийн бодлогын гол тоглогч бол нам гэж үзэж намыг дэмжсэн эрх зүйн зохицуулалтыг түлхүү болгох явдал юм. Харин АНУ гэх мэт Ерөнхийлөгчийн засаглалтай улсуудад улс төрийн амьдралд нам бус хувь хүн буюу Ерөнхийлөгчийн үүрэг өндөр байдаг тул намд төрөөс дэмжлэг үзүүлэх зохицуулалт байхгүй, намууд нь хувь хүн, бизнесийн бүлгүүдээс 100 хувь санхүүждэг. Намын санхүүжилт хувь хүн, компаниудаас шууд хараат байх нь сөрөг үр дагавар нэлээд гардаг. Жишээлбэл, АНУ-д галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах талаар олон нийтийн тэмцэл хөдөлгөөн ид өрнөж байна. 7000 гаруй дунд сургуулийн хүүхэд бууны суманд өртөж амь насаа алдсаны улмаас дунд сургуулийн хүүхдүүд, эцэг эхчүүд удаа дараа жагсаал хийж байна. Гэтэл АНУ-ын улстөрчдийг санхүүжүүлдэг асар том бүлэг бол зэвсгийн наймаанаас ашиг олдог компаниуд юм. National Rifle Association буюу Үндэсний зэвсгийн холбоо Конгрессын гишүүдийн сонгуульд их хэмжээний хандив өгдөг болохоор хуульд өөрчлөлт оруулж зэвсгийн хэрэглээг хязгаарлах боломж тун бага юм. Өөрөөр хэлбэл АНУ-ын улс төрчид зэвсгийн наймаачдын шахалтад орсон гэсэн үг. Улс төрийн намыг хувь хүн, компаниуд 100 хувь санхүүжүүлэх нь тухайн парламент ийнхүү бизнесийнхний лоббид өртөх аюул бий болгодог. Тийм учраас Европын улс орнуудад бол хувийн санхүүжилтээс татгалзаж, улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх чиглэл давамгайлж байна. Европын ихэнх улсын намын санхүүжилтийн 60-70 хувь нь төрийн дэмжлэг байдаг. Төрөөс олгож буй энэ санхүүжилтийн нэлээд хэсгийг иргэдийн улс төрийн боловсрол, бодлого боловсруулах, бодлогын судалгаа хийхэд зарцуулна гэж хуульчилсан байдаг. зарцуулалтаар санхүүжилтийг олгодог.
Монголын улс төрийн намуудын хувьд санхүүжилтийн оновчтой хувилбар бол төрөөс улс төрийн намуудад өгөх санхүүжилтийг нэмэгдүүлэх, улмаар хувь хүн, хуулийн этгээдийн өгөх хандивыг хориглох явдал юм. Гэхдээ Монгол улсын эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, улсын төсвийн алдагдал өндөр түвшинд байгаа одоогийн нөхцөлд улс төрийн намын санхүүжилтийг төрөөс бүрэн даах боломжгүй байгаа тул төрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хэдий ч тодорхой хэмжээнд хувийн хандивыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна. Тийм учраас эдийн засгийн тогтвортой өсөлт бий болох хүртэл хязгаарлагдмал хувийн хандивыг төрийн санхүүжилттэй хослуулах байдлаар намын санхүүжилтийг шийдвэрлэх нь зүйтэй болов уу.
-Монголын улс төрийн намуудын санхүүжилт ямар байдаг юм бэ. Олон нийтийн зүгээс хэдхэн бизнесменүүдийн гар хөл, олигархиуд намд “шигдсэн”гэж ярьдаг шүү дээ?
-Өнөөдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийн 19-р зүйлд тусгасан УИХ-д суудалтай нам сонгуулийн үр дүнгээр буюу нийт хүчинтэй саналын тоогоор нэг удаа мөнгөн дэмжлэг авдаг. Нэг хүчинтэй саналыг 1000 төгрөгөөр үнэлж, тооцдог. УИХ-д суудалтай намуудын нэг суудлыг нэг жилийн 10 сая төгрөгөөр тооцож, бүрэн эрхийн хугацаанд улирал тутам олгодог. Энэ санхүүжилтийн 50 орчим хувь нь тухайн гишүүний тойрогт зарцуулах үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Гэтэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд намууд санхүүжилтийн тайлангаа гаргаагүй, олгож байгаа санхүүжилтийн зарцуулалт тодорхойгүй байсаар ирлээ. Ер нь бусад орнууд улс төрийн намын санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуулиараа зохицуулсан байдаг. Улс төрийн намын санхүүжилтийг тусгай хуулиар зохицуулдаг улс ч бий. Тэгэхээр намын санхүүжилтийг өнөөдөр Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулиудаар зохицуулаад явж байна. Намуудын санхүүжилтийг ил болгох, төрөөс авч байгаа дэмжлэгийг тайлагнах, санхүүжилтийн үйл ажиллагаанд зөрчил гаргасан бол төрөөс олгох дараагийн санхүүжилтийг олгохгүй байхаар хуульчлах зэргийг Намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах байх.
-Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх асуудлыг шинэ хуульд тусгах нь. Гэтэл нөгөө талдаа заавал энэ олон намуудыг төрөөс санхүүжүүлэх нь хэр зохимжтой юм бэ гэх байх?
-Ардчилсан тогтолцоонд шилжиж байгаа улс орнуудын хувьд улс төрийн намыг төлөвшүүлэх нь улс төрийн шинэчлэлийн гол зорилт байх ёстой гэж олон улсын байгууллагууд зөвлөдөг. Улс төрийн нам цөөн хэдэн хүний эрх мэдэлд хүрэх хэрэгсэл болж байгаа нь улс орны цаашдын хөгжлийг боомилж байна. Нам олон нийтэд нээлттэй байж намын бодлого, төлөвлөгөөг иргэдтэйгээ ярилцаж байж зөв гаргах ёстой. Мөн улс төр дэх бизнес бүлэглэлийн нөлөө багасгах, намуудад өрсөлдөөний тэгш нөхцөлийг бий болгох нь зүйтэй. Өнөөдөр Монголд 27 нам бүртгэлтэй байгаа ч бодит амьдрал дээр цөөхөн хэдэн нам л парламентад итгэл хүлээж, сонгогддог. Бусад намууд нь институц болон төлөвшиж чадаагүй хувь хүн дагасан бүлэглэл мэт байсаар байна. Намыг дэмжсэн зохицуулалт байвал жижиг намууд ч гэсэн үйл ажиллагаа идэвхтэй явуулах боломж бий болгож болно. Намуудад үзүүлэх төрийн дэмжлэг нь нам бодлого боловсруулах институц болохын хувьд чадавхижуулж, улмаар намд итгэх итгэл сайжирдаг юм байна.
-Нөгөө талаар Монголд нам хэрэггүй, Ерөнхийлөгчийн засаглалтай болох санал олон нийтийн сүлжээгээр илэрхийлэх болж?
-Сүүлийн үед дэлхий дахинд авторитар хандлага, үндсэрхэг, популист үзэл газар авч байгаа нь Монголд ч илрэх болж. Намыг үгүйсгэх, хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал руу шилжье гэсэн хандлага олон нийтийн дунд нэлээд яригдах болов. Энэ бүх бэрхшээл, үйл явцын дунд улс төрийн нам хэрэгтэй юм уу, нам гэхээс илүү хүчтэй лидер улс орныг авч явах уу гэдэг асуулт тавигдаж байгаа юм. Улс орнуудын хөгжил дэвшлээс харахад орчин үед улс төрийн намгүйгээр улс төрийн бодлогыг боловсруулах боломжгүй, ардчилсан дэглэм тогтох боломжгүй нь харагддаг. Сайн ч бай, муу ч бай намаар дамжиж төрийн бодлого явдаг. Хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн зам болох ардчилсан дэглэм нь төрийн бодлогыг төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх явдал юм. Энэхүү төлөөлөгчид нь намаар дамжиж гарч ирсэн байдаг. Нам гэдгийн ард бодлого байдаг. Намууд хэрэгжих боломжтой, алсын хараа, судалгаа тооцоотой бодлого санал болгож, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай гэдгээ илэрхийлж сонгуульд өрсөлддөг билээ. Нам бодлогоо хэрэгжүүлэхийн тулд зохих боловсон хүчинг бэлтгэсэн байх ёстой. Тиймээс намгүйгээр ардчилсан дэглэм хөгжих боломжгүй. Цөөн улс орон нам гэхээс илүү хүчтэй лидер голлож буй дүр зураг харагдаж байгаа ч эцсийн дүндээ иргэдийн оролцоо, ардчиллын хөгжилд улс төрийн нам голлох үүрэгтэй. Дэлхийн улс орнууд ардчилсан байхын хэрээр улс төрийн тогтолцоонд итгэх итгэл буурч, дарангуйлагч буюу нэг хүний дэглэм байх тусмаа иргэдийн улс төрд итгэх итгэл өндөр байна гэсэн судалгаа байна. Энэ нь ардчилсан орны иргэд хариуцлагатай, шүүмжлэлтэй, их зүйлийг шаарддаг гэдгийг харуулж байгаа юм. Намд итгэх итгэл нь дэлхий нийтээр доогуур үзүүлэлттэй байгаа ч иргэд нь хариуцлага нэхдэг учраас илүү их зүйлийг шаардаж байдагтай холбоотой. Тийм учраас намыг бэхжүүлж, хариуцлагатай болгож байж улс төр дэх болохгүй бүтэхгүй олон асуудал шийдэгдэх болно.
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа намуудыг товчхон дүгнэж хэлбэл?
-Монголын улс төрийн намууд хаана явна вэ гэдгийг дүгнэж үзэхийн тулд бид 1990 онд ижил гараанаас эхэлсэн пост коммунист орнуудын улс төрийн хөгжлийн түвшинтэй харьцуулах ёстой. Судалгаанаас үзэхэд, Монголчууд нэг гараанаас эхэлсэн бусад орнуудын жагсаалтын дунд хэсэгт явж байна. Бид ардчилал, улс төрийн намын төлөвшил, иргэдийн оролцооны хувьд Зүүн Европын орнуудын ард явж буй. Харин ОХУ, Украйн, Беларус зэрэг хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудтай харьцуулахад ардчиллын хувьд амжилттай явж байна гэж тооцогддог. Үүний гол давуу тал нь парламентын засаглалыг сонгосонтой холбоотой. Судлаач бидний хувьд 1992 оны Үндсэн хуулийг баталсан холч бодолтой, цөлх ухаантай ахмадууд, хуульчид, шинэхэн ардчиллын зүтгэлтнүүддээ талархаж явдаг. Тухайн үeд манайхтай цуг нэг гараанаас гараанаас гарсан ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд одоо ямар байгааг харахад бидний 1992 онд хийсэн засаглалын сонголт яах аргагүй зөв байжээ гэдэг нь харагддаг. Хэрэв бид Үндсэн хууль болон бусад хуульд өөрчлөлт оруулахаар бол зөвхөн парламентын засаглалаа бэхжүүлэх чиглэлд хийх нь зөв юм.
Өнөөдөр манай нэлээд намууд бодлогын институц болж төлөвшиж чадаагүй, гудамжны тэмцэл хөдөлгөөний шинжтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Орчин үеийн намууд бодлого боловсруулагч, сөрөг хүчин болсон тохиолдолд бодлогын хяналт тавьдаг намууд болсон. Манайх шиг зонхилох хоёр намын системтэй орнуудад сөрөг хүчин ихэнхдээ сүүдрийн Засгийн газар байгуулж, парламентдаа бодлогын хяналт тавьдаг, эрх баригч намын засгийн газрын бодлогоос өөр альтернатив хувилбар дэвшүүлж олон нийтэд танилцуулж байдаг, тэгээд дараагийн сонгуулиар эрх баригч болсон тохиолдолд сүүдрийн засгийн газар нь албан ёсных болж үйл ажиллагаа явуулдаг. Харин манай намууд тэгж чадахгүй байна. Бодлого боловсруулалт дутмаг, жижиг намууд нь институц гэхээс илүү нэг лидер тойрсон жижиг бүлэглэл мэт байна. Үүнийг засах шаардлагатай.
-Та ярилцлагын эхэнд зөвхөн Монголын намуудад төдийгүй дэлхийн улс орнуудын намуудад шинэчлэлтийн асуудал тулгамдаж байна гэсэн, үүнийгээ жаахан тодруулаач?
Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн хямрал, зарим улс орнууд дахь ардчиллын бүтэлгүйтэл зэргээс шалтгаалан ардчилал болон улс төрийн намын үйл ажиллагаанд сэтгэл дундуур болох явдал газар авч байна. Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил, Орос дахь нэг хүний засаглал зэрэг нь зарим улс орнуудад ардчилалгүйгээр оршин тогтнох боломжтой юм байна гэдэг итгэл үнэмшил төрүүлэх болсон. Ялангуяа Хятадын эдийн засгийн хурдан хөгжил нь бүс нутгийн орнуудад улс төрийн нөлөө үзүүлж байна. Жишээ нь АНУ хамгийн хурдан хөгжиж байх үедээ 30 жилд амьдралын чанар 2 дахин нэмэгдэж байсан бол Хятадад 10 жил тутамд 2 дахин нэмэгдэж байна. Олон хятад хүн эрх баригчдадаа сэтгэл хангалуун байна. Гэтэл АНУ-д хүн амын 31, Германд хүн амын 59 хувь нь улс орноо зөв замаар явж байна гэж үздэг бол Хятадад 80 хувь нь ингэж үздэг. Хятадын амжилт 2000 оноос хойшх ардчиллын бүтэлгүйтэлд улам тодорч харагдах болов. Венесуэль, Украин, Аргентин зэрэг улсуудад Оросыг дуурайх явдал газар авч нэг мөр ардчилсан биш гэж зарлахын оронд нэр төдий ардчиллууд олноор бий болж байна. Мөн тогтвортой ардчилсан улсуудад үндсэрхэг популизм газар авч эхлэв. 2016 оны Их Британийн Brexit болон Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал дэлхий дахинд үндсэрхэг популизм хэр газар авч байгаагийн хамгийн том жишээ болсон. Гуравдагч ертөнцийн орнуудад л байсан популизм өнөөдөр либераль ардчилсан улсуудын дотоод улс төрд хүчтэй нэвтэрч байна. Европын популист намуудын сонгуулиар авах саналын хэмжээ жил ирэх тутам өсөн нэмэгдсээр байна. АНУ-ын иргэний боловсролын судалгааны төвийн захирал К.Гинсберг залуу үеийнхэн болон бусад насны америкчуудын дунд anti-intellectualism буюу оюун ухаанч бус, урьд өмнө байсан байр суурийн талаарх энгийн мессежүүдэд татагдах явдал газар авч байгаа нь Америкийн ардчилалд аюул учруулж байна гэж үзсэн. Оюун ухааныг үгүйсгэх хандлага нь шинжлэх ухааны мэдлэг, эрүүл саруулаар сэтгэдэг оюуны элитүүдийг үгүйсгэж энгийн ухамсрын түвшний популист байр суурийг илүүд үзэх явдал юм. Энэ хандлага 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ихээхэн тархаж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийгмийн энгийн ухамсрын түвшинд хүчтэй яригдсаар байна6 Ингээд үзэхээр зөвхөн Монголын төдийгүй дэлхийн улс төрийн намуудад бэрхшээл, сорилт нийтлэг тулгарч байгаа гэсэн үг. Ардчилалд шилжиж байгаа орнууд ч тэр, Баруун Европын уламжлалт ардчилсан орнуудад ч тэр намын шинэчлэлийн асуудал чухлаар тавигдаж байна. Судлаачдын зүгээс нам нээлттэй, ил тод болж, шинэчлэгдэх, шинэ сонгогчид руу хандсан бодлого явуулах, иргэдийн намд итгэх итгэлийг сэргээх шаардлагатай байна гэдгийг зөвлөж байна.
-Иргэдийн намд итгэх итгэлийг яаж сэргээх юм бэ?
–Иргэдийн улс төрийн боловсрол маш чухал асуудал. Монголчууд бид нэг намын, төрөөс бүгдийг зааж ирсэн дэглэмээр явж ирсэн учраас өнөөг хүртэл иргэдийн дунд хүчтэй төр байх ёстой, төрөөс бүх зүйлийг заалгах, бэлэнчлэх сэтгэлгээ хүчтэй байсаар байна. Тиймээс иргэдийн улс төрийн боловсролд сайн анхаарах ёстой, үүний тулд улс төрийн намуудыг бэхжүүлэх хэрэгтэй. Энэ талаар ХБНГУ-ын жишээг дурдмаар байна. Герман улс 1945 онд дайны дараа шинэ Үндсэн хуулиа батлахдаа аливаа хүчирхийлэл, төрийн эргэлт, дарангуйлагч дэглэм, нэг хүний харизматик засаглалаас сэргийлэх талаар байж болох бүх заалтуудыг тусгасан байдаг. Германы үндсэн хуулийн нэг үзэл санаа бол сул дорой намууд бүхий Веймарын БНУ-ын алдааг давтахгүйн үүднээс хүчтэй намын тогтолцоог дэмжих явдал байсан юм . Иргэд улс төрийн мэдлэггүй байх нь ямар аюултай гэдгийг 1933 оны Рейхстагийн сонгуульд Гитлерийн нам ялалт байгуулсан явдал гэрчилдэг тул өдгөө Германы засгийн газар ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд ихэд анхаардаг юм.
-Мянга сайн хууль батлаад нэмэр байх болов уу. Ялангуяа улс төрийн намууд дотоод дүрэм журмаа ч биелүүлдэггүй ийм үед хууль батлах, хэрэгжүүлэх болов уу даа гэсэн хардлага байгаад байна?
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал улс төрийн нам бол бодлогын институц гэх утгаар зөвхөн сонгуульд оролцож төрийн эрх авах биш, иргэдийн улс төрийн бодлогыг дэмждэг, ардчиллыг бэхжүүлдэг, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг байгууллага болох болно. Тийм учраас эрх баригч нам ч тэр, сөрөг хүчний намууд ч тэр санал бодлоо нэгтгэн намын тогтолцоогоо бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах л хэрэгтэй байна даа