Зээлийн хүүг бууруулах стратеги хүч тарамдах вий

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулах стратеги хүч тарамдах вий

Зээлийн хүүг бууруулах стратеги хүч тарамдах вий

Хадгаламжийн хүү нь зээлийн хүү өндөр байх шалтгаан

Зээлийн салбар сэргэж байна. 2017 онд саараад байсан зээлийн эрэлт энэ онд идэвхжих төлөвтэй. Өрхийн хэрэглээ болон жижиг дунд үйлдвэрийн төслүүдэд зориулсан зээл өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгдэхээр байна. Харин зээлийн хүүг ойрын үед бууруулж чадах болов уу. Манай улсад зээлийн хүү 2000- 2012 онд тогтвортой буурсан ч сүүлийн зургаан жилд өсөх хандлагатай болсон. Өнөөдрийн байдлаар зээлийн жилийн дундаж хүү 20 орчим хувьтай байна. Энэ үзүүлэлт дундаас доогуур орлоготой орнуудын дундажтай харьцуулахад таван нэгж хувиар их байна. Харин Зүүн Ази, Номхон далайн орнуудын дундажтай харьцуулахад 10 гаруй нэгж хувиар өндөр байгаа юм. Тиймээс иргэд, бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхийн тулд зээлийн хүүг бууруулах шаардлагатайг улстөрчид, эдийн засагчдаас гадна банк санхүүгийн байгууллагууд ч хоёр гараа өргөн дэмжиж байна.

Гэхдээ хэзээ, хэрхэн бууруулах вэ. Монголбанкаар ахлуулсан Ажлын хэсэг Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулснаа салбарынхан дунд хэлэлцүүллээ. Уг стратегид макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, мөнгөний бодлогын хүүний шилжих нөлөөг сайжруулах үндсэн зорилго тавьжээ. Түүнчлэн банкуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг, засаглалыг сайжруулах зорилго уг стратегид багтсан байна. Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулахад ийнхүү анхаарал тавьж, стратеги боловсруулж буйг салбарынхан сайшаав. Гэхдээ дэвшүүлж буй зорилт нь ойрын хугацаанд хэрэгжих боломжгүй, уриа лоозон шинжтэй байгааг шүүмжиллээ.

Зээлийн хүү өндөр байгаа нь макро болон микро түвшний олон хүчин зүйлээс шалтгаалж буй. Банкуудын зээлийн эх үүсвэр хангалтгүй, ханш тогтворгүй, бүтээгдэхүүний өртөг өндөр, төсвийн алдагдал тэлсэн, гадаад өр нэмэгдсэн зэрэг уялдаа холбоо бүхий олон шалтгааныг энд нэрлэж болно. Гэхдээ хамгийн суурь шалтгаан нь хадгаламжийн хүү өндөр байгаа явдал. Харин хадгаламжийн хүү өндөр байдаг нь инфляцтай холбоотой. Хадгаламж эзэмшигчид инфляцаас доогуур хэмжээтэй хадгаламжид мөнгөө хуримтлуулахыг хүсдэггүй. Энэхүү стратегид инфляцыг нам дор түвшинд барина гэсэн зорилт тавьсан. Гэхдээ яг хэдэн онд хэдий хугацаанд ямар түвшинд барих нь тодорхойгүй. Түүнчлэн гадаад валютын нөөцийг нэмэх, төсвийн сахилга бат сайжруулах зэрэг 11 зорилтын олонх нь хэрэгжих хугацаа, хүрэх түвшин нь тодорхой бус, бүрхэг байгаа юм.

Мөн зөвхөн банкны салбарыг онилсноор санхүүгийн салбарын тэнцвэржүүлж чадахгүй. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч А.Алтансүх “Энэ стратегийг хэрэгжүүлэхдээ Санхүүгийн зохицуулах хороотой 2025 он хүртэл хамтарна гэсэн нь хол санагдаж байна. Зээлийн хүүг бууруулах хугацааг бүр нааш нь татах хэрэгтэй” гэв. Тэрбээр “Санхүүгийн зах зээлийн нэг хэсэг болох банк бус санхүүгийн байгууллагуудын талаар энэ стратегид огт дурдаагүй байна. Эдгээр байгууллагууд хэдийгээр нийт зээлийн 4-5 хувийг эзэлдэг ч зээлдэгчдийн тоо нь чамлахааргүй их. Ойрын хоёр жилд хувь нийлүүлсэн хөрөнгө нэг их наяд төгрөгт хүрэхээр байна. Тиймээс энэ стратегид банк бус санхүүгийн байгууллагуудын талаар заавал тусгах шаардлагатай” гэсэн юм.

   Манай улсад санхүүгийн зах зээл банк гэсэн нэг тулгууртайгаар хөгжиж ирсэн. Хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн байгууллага зэрэг бусад салбарын хөгжил сул байгаагаас ихэнх ачаа нь банкуудад ногддог. Наад зах нь хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг сайжруулах нь банкуудын үүрэг мэт болсон. Мөн дээрх стратегид банкуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхдээ байгууллагын дотоод үйл ажиллагаанд саад учруулахуйц, хатуу зарчим баримтлахаар тусгасан нь шүүмжлэл дагуулав. Тухайлбал, банкууд санхүүгийн үйл ажиллагаатай холбоогүй аливаа үйл ажиллагаа эрхлэх, өндөр зардал гаргах асуудалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авахаар заажээ.

Хэдийгээр зээлийн хүүг бууруулах бичиг баримт боловсруулсан нь сайн хэрэг ч ийнхүү хэт ерөнхий зорилт тавьсан нь стратегийг хэрэгжүүлэхэд хүч тарамдах магадлалтайг салбарынхан санууллаа. Зээлийн хүүг УИХ- ын 2020 оны сонгуулиас урьтаж буулгах улс төрийн шаардлага бий. Монголбанкнаас инфляцыг бууруулах, тогтвортой барих арга хэрэгжүүлсэн ч улс төрчид сонгуулийн амлалтаар халамж хавтгайруулж, энэ ажлыг үр дүнгүй болгочих вий гэсэн болгоомжлол байна. Зээлийн хүүг бууруулах нь нийгэмд хүлээлт үүсгэсэн чухал асуудал болоод байгаа. Гэвч ийнхүү стратегийн бичиг баримт нь хэт түүхий байгаа учраас ойрын үед дорвитой арга хэмжээ авч чадахгүй нь бололтой

ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХЫГ БАНКУУД ДЭМЖИЖ БАЙНА

Ө.Ганзориг
/Монголын банкны холбооны Ерөнхийлөгч/

Монголын банкуудын зээлийн хүү өндөр байдгаас бусад орны банктай харьцуулахад өрсөлдөх чадвар нь сул байдаг. Тиймээс бид зээлийн хүүг бууруулахыг дэмжсээр ирсэн. Харин зээлийн хүү яагаад ийм өндөр түвшинд байгааг зөв оношилж, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байна. Энэ бол макро болон микро эдийн засгийн дамнасан тун чухал асуудал. Үүний дараа бидэнд УИХ гэсэн том даваа бий. Мэргэжлийн түвшинд тайлбарлаж байж стратегийг жинхэнэ утгаар нь батлуулж, хэрэгжүүлж чадна.

БОДЛОГЫН ХҮҮГ 4-5 НЭГЖ БУУРУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА

Д.Ган-Очир
/Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал/

Хүүг бууруулах бололцооны хувьд бид тодорхой тоо тусгаагүй. Инфляцын савлагаа, ханшийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлсээс зээлийн хүү бүрддэг. Инфляц тогтворжиж, валютын нөөцийн хуримтлалаар ханш тогтвортой байж чадвал эхний ээлжинд зээлийн эх үүсвэрийн хүүг бодлогын хүүгийн түвшинд бууруулъя. Үүнээс шалтгаалж бодлогын хүү ойролцоогоор 4- 5 нэгж буурлаа гэхэд зээлийн хүү тийм хэмжээгээр буух бололцоотой. Гэхдээ хүү буурах нь үүгээр хязгаарлагдах албагүй.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж