Ерөнхийлөгч Завхан аймгийн иргэдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Завхан аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Завхан аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн иргэдтэй Л.Ванганы нэрэмжит хөгжимт жүжгийн театрт уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар угтаж, уулзалтад байлцлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгыг Улиастай цэргийн хүрээ хүндэтгэж жагсаж, аймгийн удирдлагууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн байдал, цаашдын хөгжлийн хөтөлбөр зэргээ танилцуулав.

Тухайлбал, 2018 оны хоёрдугаар сарын байдлаар тус аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх дөрвөн жилийн дунджаас 39.8 хувиар буюу 697 хүнээр өссөн байна. Эдгээр ажил хайж байгаа иргэдийн 60 гаруй хувь нь 25-44 насны иргэд юм байна. Мөн аймгийн дүнгээр хоёрдугаар сарын байдлаар 18 тэрбум төгрөгийг иргэн, аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудаас зээлжээ.

Мөн өнөө жил зүй бусаар хорогдсон малын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, энэ сарын 1-ний байдлаар аймгийн дүнгээр 70 мянган толгой мал зүй бусаар хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8.4  дахин буюу 61.7 мянган толгойгоор  өссөн  үзүүлэлт гэлээ.

Завхан аймгийн Зэгстэй багийн иргэн Банзрагч

Би өдийд 80 нас хүрээд байж байхдаа эдийн засаг хамгийн чухал гэдгийг ойлгоод байгаа юм.  Оффшорчид төсөв, мөнгийг гадаад улсад аваачаад хийчихэж байна. Оффшорчдын араас жаахан хөөцөлдөж, бөөгнүүлж, цуглуулах хэрэгтэй байна. Энэ бол ард түмний мөнгө. Социализмын үед насаараа ажил хийгээд ч 1000 төгрөг цуглуулах хэцүү байдаг байсан.  Гэтэл одоо олон тэрбумаар нь гадаад руу гаргачихаад байх юм. Одоо бид яах вэ. Хойч үед маань хэцүү байна. Мөн ард түмний өр, зээл хэцүүдлээ. Хөгшид бид өр, зээлтэй хичнээн л жил амьдрав гэж. Үр, хүүхдүүддээ л санаа зовох юм. Гуравхан сая хүнийг арай дорой амьдруулж байна. Төрийн дээр байгаа хүмүүсийг хөдөлгөж, ард түмний төлөө ажил хийлгэмээр байна. “Төрийн төлөө огтоно” гэж үнэндээ хэцүү байна.

Завхан аймгийн иргэн Б.Маамаа

Энэ сайхан баялагтай нутаг орон эзгүйрч, залуус нь гадагшаа гарч байна гэж тэтгэврийн хөгшид бид өөр хоорондоо л ярих юм. Өр гэж нэг айхтар юм байна. УИХ-ын сонгуулиар итгээд сонгочихсон чинь элэг бариад ийш, тийш нь хамаг хөрөнгө мөнгө цөлчихөөд, иргэдээ ажил, амьдралгүй болгоод, хамаг сайхан залуусаа гадагшаа явуулж байгаад их л гомдолтой байна. Хажуугаар нь архи гэж нэг сүрхий зүйл гэр бүлийг үймүүлж байна шүү. Архины хэрэглээ, өр ширээ ард түмэнтэйгээ ярилцаж шийдмээр байна. Би 280 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Яахав болж л байна. Үүнээс илүүтэй бид Хятадын боол болох гээд байна шүү. Мань мэт нь олон жил амьдрахгүй. Өр ширийг нааш, цааш нь болгоод ард түмнийг өрнөөс нь салгаад, эх орондоо өндөр цалин өгмөөр байна. Монголчууд төөрөөд алга боллоо. Зурагтаар бүх л улсад монголчууд байна гэх юм. Цэвэр Монгол үлдэх нь үү, гэж сэтгэл их зовж байна. Арга хэмжээ авч өгөөрэй.

Завхан аймгийн өндөр настан

Улс орнууд ямар их оюунлаг, ямар их хөгжиж байгааг бид хараад л байж байна. Манай нутгийн Банзрагч сая офшоорын асуудлыг ярьлаа. Ер нь, нохойноос бусад нь л офшшорын асуудлыг ярьж байна. Хятад улс гэхэд оффшорчин 18 хүн барьж ирсэн байна. Араас нь мөнгө нь ороод л ирдэг юм билээ. Тиймээс офшоорчидтой тэмцмээр байна. Ерөнхийлөгч хэцүү цагт томилогдсон ч ард түмэн дэмжиж байгаа шүү.

Хоёрдугаарт, бид зохих ёсны тэтгэвэр авч л байна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байна. Би улсад 34 жил ажилласан ч 280 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ мөнгөөрөө болгоод л явж байна. Гэхдээ тэтгэврийн мөнгийг тэгшитгээд өгчихмөөр байгаа юм шүү.

Завхан аймгийн иргэн Мөнхсайхан

“Ерөнхийлөгчид саналаа хэлнэ гэдэг бол маш том боломж. Миний ярьмаар байсан зүйлсийг манай нутгийнхан бараг бүгд л ярьцгааж байна. Оюунлаг, чадварлаг, мэдлэгтэй хүмүүс олон байгаа ч сургуулиа төгсөөд л амьдрал дээр ажил олдохгүй байна. Монголын ажиллах хүч гадаад руу урсаж байна. Уг нь, бид хөдөө аж ахуйгаараа хөгжих боломжтой. 21 аймагтаа малын арьс шир, түүхий эдээ боловсруулдаг болмоор байна. 21 аймаг биш гэхэд түүхий эдээ боловсруулдаг хэдэн том үйлдвэр барьж, мал аж ахуйгаа дэмжмээр байна” зэргээр санал бодлоо хуваалцлаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, Завхан аймгийн иргэдийн хамгийн их асууж байсан офшоор данстай холбоотой болон өр зээлийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал, Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Офшоорт байгаа их хэмжээний мөнгийг олж илрүүлэх талаар сүүлийн үед идэвхитэй ажиллаж байгаа. Харамсалтай нь АТГ-ын дарга буюу удирдлагууд идэвхгүй ажиллаж байна. Үүнийг би удаа дараа хэлж байгаа. Саяхан, долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  АНУ-д очоод миний хүссэн хоёр хүсэлтийг АНУ-ын Ерөнхийлөгчид хүргэж өгсөн. Нэгдүгээрт, Монгол орноос улстөрчдийн хулгайлсан мөнгийг илрүүлэхэд танай улс туслаач гэж хүссэн. Хоёрдугаарт, Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл болон ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй оруулж өгөөч гэж хүссэн. Ингэснээр 30-40 мянган ажлын байр бий болох юм. Эдгээр асуудал дээр ажиллаж байгаа АНУ-ын Конгрессын гишүүд ирэх тавдугаар сард Монгол Улсад айлчилж, нөхцөл байдлыг нүдээрээ харна. Тэгэхээр энэ жилдээ багтаад дээрх хүсэлтүүдийг биелүүлчих болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл тус улс өөрсдийнх нь улсын мөнгөн тэмдэгт хаашаа орж, хаашаа гарч байгааг бүртгэдэг учраас тэр мөнгийг бидэнд олж өгөхөд тусална гэдгээ илэрхийлсэн” гэв.

Мөн байгалийн баялгийг иргэдэд эрх тэгш хуваарилах асуудлаар миний байр суурь хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна. 2017 онд Тавантолгой нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Улсад 213 тэрбум төгрөгийн татвар төлж, 200 гаруй тэрбум төгрөгийн “Чалко”-гийн өрийг дарж, 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн мэдээ байна. Зөвхөн Тавантолгой гэж нэгхэн ордын тухай ярихад л ийм байна. Тэндээс нь идэж уухгүй, үр дүнтэй ашиглаад явах юм бол ганцхан ордоос ийм их ашиг гарч байгаа юм чинь ордуудыг зөв ашиглаж, зарцуулж чадах юм бол 380 мянга гаруй ахмадын авсан 680 орчим тэрбум төгрөгийн өрийг тэглэх боломжтой. Газрын доорх баялаг ард түмнийх гэж биччихээд хэдхэн хүн тэдгээр ордоос баяжих ёсгүй” гэж хэлсэн юм.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ярьсантай холбогдуулан орд газруудыг хэрхэн ашиглах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хуулийн төсөл боловсруулж байгаа гэж хэлсэн юм. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих юм байна.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ярьсантай холбогдуулан орд газруудыг хэрхэн ашиглах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хуулийн төсөл боловсруулж байгаа гэж хэлсэн юм. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих юм байна.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж