Fashion: “Мода” болж буй нарны шилнүүд | News.MN

Fashion: “Мода” болж буй нарны шилнүүд

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Fashion: “Мода” болж буй нарны шилнүүд

Fashion: “Мода” болж буй нарны шилнүүд

Загварын чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, тойрон эргэлдэж байдгийн адилаар нарны шил, бусад аксессуар ч ялгаагүй хэв маяг, хийц загварын хувьд хувирсаар байдаг. Загварын орднууд айсуй хавар, зун ямар нарны шил сонгох ёстойг тань зөвлөж байна. Тэнгэрт нар байгаа цагт танд нарны шил хэрэг болж л таараа.


ТРИНИТИ

Домогт “Матрикс” киноны Тринитийг санаж байгаа биз дээ? Хамгийн түрүүнд түүний нарийн, тэгээд тас хар шил санаанд бууж байна уу? Тэгвэл яг тэр л загварын нарны шил тренд болох нь. Ийм загварын шил үнэн хэрэгтээ нарнаас төдийлөн сайн хамгаалахгүй, гэхдээ та загварын орчин үеийн хандлагаас хоцролгүй, загварлаг, фэйшниста байхыг хүсдэг бол таны шүүгээнд зайлшгүй байх ёстой эд энэ юм. Хамгийн гол нь ийм шил сонгосон тохиолдолд духаа аль болох ил гаргаж, үсээ шууж боох, эсвэл зүгээр л хайнга, хайш яйш боох хэрэгтэй. Бас сонгодог улаан, эсвэл бараан өнгийн уруулын будаг сонгоорой.

НЭВТ ГЭРЭЛТСЭН, ТУНГАЛАГ ШИЛ

Эмээ, өвөөгийн үеийн тэг дөрвөлжин, үл ялиг дугуйрсан ирмэгтэй, хуванцар хүрээтэй, тунгалаг шилнүүд эргэн ирж байна. Иймэрхүү шилний гол давуу тал нь нүүр будалтыг нууж, халхалдаггүй. Тиймээс цайвар, тод өнгөтэй байх тусмаа гоё. Нүд чинь цаанаас нь гэрэлтэнэ гэсэн үг. Нүдээ аль болох бараан өнгөөр будаж, номин ногоон, ногоон, ягаан, нил ягаан гээд тод, цайвар өнгийн шил сонгоорой.

ЦАГААН ХҮРЭЭ

1960-аад оны хэв маяг. Тэр цагийн сайхан бүсгүй Одри Хепбёрны алдартай зургийг санаж байгаа биз дээ? Зуувин хэлбэрийн, цагаан хуванцар хүрээтэй, хар шилтэй нарны шил энэ зун таныг чимэх болно. Гэхдээ шилний хэлбэрийн хувьд чөлөөтэй. Та царайны төрхдөө тохируулан өргөн нарийн, том жижиг, эсвэл бүр дэггүй жаахан охин байх үеийн зүрхэн хэлбэртэйг сонгосон ч болно.

СПОРТЛОГ

Спорт хэв маяг, спорт элемент загварын ертөнцөд хэзээд хүндтэй байр суурь эзэлсээр ирсэн. Нүдний шилний хувьд спортлог загварууд 2000-аад оны эхэн үед оргилд хүртлээ мандсан. Одоо тэр үе дахин давтагдах бололтой. Спорт шилний нэг давуу тал нь хамгаалалтын үүргээс гадна ямар ч царай төрхтэй хүнд гайхалтай сайхан зохидог юм шүү.

ХУРЦ ИРМЭГ

Нарийн, нимгэн бөгөөд хурц үзүүр, ирмэг бүхий шилний эрин айсуй. Өнгө, хэлбэр дүрсний хувьд сонголт чөлөөтэй. Гол төлөв нарийхан, метал хүрээтэй, бараан өнгөтэй шил зонхилох болно.

BROWLINE

Browline хэлбэрийн нарны шил 1950, 60-аад онд мода болж байлаа. Дээд хэсэг нь доод талаасаа хавьгүй өргөн, зузаан загвартай ийм шил дөрвөлжин, зуувин, дугуй гээд ямар ч байж болно. Гол нь дээд хүрээндээ л хамаг учир нь байгаа юм.

ДИЗАЙНЕРЫН “ГАЖ” САНААНУУД

Иймэрхүү загвартай нарны шил өдөр тутмын хэрэглээнд тохиромжгүй ч үдэшлэг, цэнгүүн, тусгай арга хэмжээнд донжийг нь тохируулаад зүүвэл янзтай. Дизайнерын “гаж” гэмээр сонин шийдэл бүхий нарны шилнүүд таны анхаарлыг татахгүй байхын аргагүй. Тухайлбал, дараах загварууд Dolce & Gabbana-гийн загварын тайзнаа толилуулсан бүтээлүүд юм.

С.ЦЭЛМЭГ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-21 202.9.40.38

зүүчмээр шил байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж