“Оюунт Монгол” аян шилдгээ шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

“Оюунт Монгол” аян шилдгээ шалгарууллаа

Монголын Психотроникийн хүрээлэн, “UB” лавлах 1617, “Сод номун” ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Оюунт Монгол” аяны зуны  үйл ажиллагаа өнгөрсөн бямба гаригт хүүхдийн “Галакси” зусланд шилдгүүдээ тодрууллаа. Зуны турш ном уншиж, эхний шатанд өрсөлдсөн 25 шилдэг сурагчаас Х.Цогтбилгүүндарь тэргүүлэн, Э.Энхмаа хоёрдугаар байр, Б.Батмөнх гуравдугаар байрт тус тус шалгарчээ. Эл өдөрлөгт Төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр, “Сод номун” ТББ-ын захирал С.Цэцэгмаа, Монголын хүүхдийн ордны зураач н.Хүдэрчулуун, НХТГ-ын мэргэжилтэн Хөхөө, Монголын  Психотроникийн хүрээлэнгийн захирал, “UB” лавлах 1617-ын дэд захирал  Б.Нямдэлэг болон бяцхан уншигчид оролцсон юм.

“Оюунт Монгол” аяны хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит тэргүүний уншигч тэмдгээр Г.Маргад, Т.Ананд, Б.Шинэхүү, Б.Сарнай, Х.Цогтбилгүүндарь, Нийгмийн ардчилал МОХ-ны нэрэмжит тэмдгээр И.Занабазар, Э.Энхмаа, Б.Тамир, Н.Дуламсүрэн, А.Тэнгис, НХТГ-ын алтан медалиар Х.Цогтбилгүүндарь, мөнгөн медалиар Э.Энхмаа, хүрэл медалиар Б.Батмөнх нарыг шагналаа. Тус аяны хүрээнд шилдэг хүүхдүүд нэгдэн бүлгэм байгуулан  бусдадаа үлгэр дууриал болж, ном унших аянд бусдыгаа уриалж байгаа аж. “Оюунт Монгол” аяныхан ирэх есдүгээр сараас их, дээд сургууль, албан байгууллага, гэр бүлийн хүрээнд ном уншуулах арга хэмжээгээ үргэлжлүүлэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж