П.Сэргэлэн: Соёолон морьд эргэхэд гэгээтэй байсан

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Морин уралдаан: "Дүнжингарав-2018"

П.Сэргэлэн: Соёолон морьд эргэхэд гэгээтэй байсан

П.Сэргэлэн: Соёолон морьд эргэхэд гэгээтэй байсан

Монголын морин спорт уяачдын холбооноос “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны талаар өчигдөр (2018.03.20) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны нарийн нарийн бичгийн дарга П.Сэргэлэн сэтгүүлчдийн асуултанд хариулсныг хүргэж байна.


300 ГАРУЙ ХҮҮХЭД БҮГД 12 НАСНААС ДЭЭШ БАЙСАН

-Хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт яагаад зохион байгуулахаар болов? Засгийн газрын тогтоол гарсан уу?

-Энэ уралдаанд зориулсан Засгийн газрын тогтоол гараагүй. 2002 оноос эхлэн хурдан морины хаврын уралдааныг “Дүнжингарав” нэртэйгээр зохион байгуулж ирсэн. Энэ жил 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулахаар болсон. Засгийн газрын тогтоол гараагүй бөгөөд Монголын морин спорт уяачдын холбоо гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү уралдааны нэг онцлог нь хаврын уралдаанд 12-с дээш насны хүүхдийг уралдуулах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн байгаа. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв, Хүний эрхийн комиссын хяналт дор комиссын гишүүд хийсэн бөгөөд бичиг баримтыг нь нарийн шалгасан байгаа. Зарим хүүхдийн бичиг баримт дутуу байсан учраас шөнө хүртэл үргэлжилсэн. Уралдаанч хүүхдүүдийн хурууны хээг авч бүртгэлийг баталгаажуулахад 300 гаруй хүүхэд бүгд 12 наснаас дээш байсан.

-Энэ уралдаанд 12-с дээш насны хүүхэд хурдан морь уралдана гэсэн журмыг баримталсан байна. Гэтэл бэртсэн хүүхдийн насыг 11 гээд байдаг?

-Өмнө нь Үндэсний их баяр наадмын хуулиар бол 7-с дээш насны хүүхэд хурдан морь унадаг байсан. Тэгвэл энэ удаа 12-с дээш насны хүүхдийг уралдаанд оролцуулна гэсэн Засгийн газрын тогтоолыг хатуу баримталсан байгаа. Уралдааны өмнө хүүхдүүдийг дахин үзэж, насны байдлыг нягталсан. Үүнд хүүхдийн эрхийн байгууллага маш идэвхтэй ажиллаж, 12-с доош насны хүүхдийг уралдуулахгүй авч үлдсэн.

-Шөнийн цагаар уралдаан болсныг тайлбарлаж өгөхгүй юу?

-Үүнд тайлбар хүргэе. Хаврын уралдаан азарга, их нас, соёолон болон эрлийз дээд нас гэсэн ангилалд болсон. Соёолон насны морьдын уралдаан хамгийн сүүлд болдог. Үүний өмнө их насны уралдаан болж, зөвшөөрөлгүй олон машин дагасан. Үүнээс болж, маш их тоос гарч үзэгдэх орчинд нөлөөлсөн. Баянтал сум цасгүй хуурай байлаа. Тиймээс соёолон насны уралдааныг маргааш нь зохион байгуулахыг үзсэн ч уяачид үүнийг эсэргүүцсэн. Энд тэндээс ирсэн уяачид хоноглохоос эхлээд хэцүү байна гэх олон тайлбарыг хэлсэн. Ингээд 17.30 цагийн үед соёолон морьд барианаас гарааны зурхай руу хөдөлсөн. Уралдаан талдаа орох үед бүрэнхий болчихсон. Ийм л нөхцөл байдалтай уралдаан болсон. Унаач хүүхдийг дахин шалгах гээд комиссын хувьд хяналт хийх маш их ажил байсан. Хамгийн хүндрэлтэй нь зөвшөөрөлгүй машин олон байснаас асуудал гарсан. Маш олон үзэгчид байсан. Морьд барианд ороход 18.30 цаг болж байсан. Энэ жил нар эрт жаргасан. Уяачдынхаа шаардлагаар нартай үед уралдааныг амжуулах гэж хичээсэн байгаа.

-Хэчнээн хүүхэд унаж, бэртсэн бэ?

-Нийт 304 хүүхэд уралдааны морь унасан гэж бүртгэгдсэн. 16 хүүхэд мориноос унасан. Үүнд эрлийз дээд насанд хоёр хүүхэд, азарганд гурван хүүхэд унасан. Хамгийн олон буюу их насны уралдаанд есөн хүүхэд унасан байгаа.

Орой болсон соёолонгийн уралдааны үеэр гурван хүүхэд унасан ч бэртэж гэмтээгүй. Харин азарганы уралдааны үеэр унасан хүүхэд тархиндаа гэмтэл авч Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж, өчигдөр гарсан. Баянтал суманд бүх унасан хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Нэг л хүүхдийг Улаанбаатар явуулсан. Бусад хүүхдүүд гайгүй байсан болохоор аав, ээжид нь өгсөн байгаа.

УЯАЧДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫГ ХУРАЛДУУЛЖ, ХАРИУЦЛАГЫН АСУУДЛЫГ ЯРИЛЦАНА

-Уралдааны үеэр мориноос хүүхэд унасан гэдэг дээр ямар тайлбар хэлэх вэ? Мөн олон машин байсан нь тоос гаргах нөхцөлийг бүрдүүлжээ?

-Хаврын уралдаанаас “Дүнжингарав” уралдаан чансаа өндөр байдаг. 2002 оноос эхлэн зохиогдож байгаа энэ уралдаанд өмнө нь хүүхэд унаж, бэртэх тохиолдол гарч байгаагүй. Уралдааны үеэр морь унасан бичлэг сошиалд их явдаг. Энэ нь Өвөрмонголд болсон уралдааны үеэр болсон хэрэг юм. Үүнийг “Дүнжингарав” уралдааны үеэр болсон гэж андуурах нь олон болсон. Өмнөх хаврын “Дүнжингарав” уралдаан Засгийн газрын тогтоолтой болдог байсан болохоор цагдаа, цэргийн хүчийг олон тоогоор хамруулж оролцдог байсан. 500-600 цагдаа хамгаалалт авч байж зөвшөөрөлгүй машиныг хорьдог байлаа. Жилдээ ганц болдог энэ уралдааныг үзэх үзэгчид олон болсон учраас үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэмэлт хүч авдаг байсан. Уралдааны санхүүжилтийг уяачид өөрсдөө гаргадаг.

-Мориноос унаж, тархиндаа гэмтэл авсан хүүхэд эмнэлгээс гарсан гэж байна гэсэн? Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Сүүлийн мэдээллээр тархиндаа доргилт аваад эмнэлгээс гарсан гэж байгаа хүүхэд 11 настай байсан гэдэг мэдээллийг өглөө. Бүртгэл хийлгэхдээ 12 настай гэж бүртгүүлээд уралдахдаа 11 настай гэж бүртгүүлсэн байна. Үүнийг бид өчигдөр мэдлээ. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд улсын их баяр наадмын үеэр морь унаж байгаад бэртсэн хүүхэд Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Харин саяны уралдааны үеэр мориноос унаж, тархиндаа бэртэл аван хагалгаанд орсон хүүхэд эмнэлгээс гарах бичгээ авчихсан байгаа. Тэгэхээр үүнийг сайн ялгаж, зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулж, хариуцлагын асуудлыг ярилцана.

-“Дүнжингарав” уралдааныг УИХ-ын дарга М.Энхболдын зөвшөөрөлтэй болсон гэж мэдээлэл гараад байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Холбооны ерөнхийлөгч М.Энхболд энэ үед гадаадад томилолттой явж байсан. Уралдааны зохион байгуулалтын ажилд оролцоогүй. Холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн, комиссын гишүүд гээд 35 хүн, үүнээс гадна орон нутгийн төлөөлөл нэгдэн уралдааныг зохион байгуулсан байгаа.

-Ерөнхий сайд уралдаан зохион байгуулсан комиссын баг хариуцлага хүлээх ёстой гэсэн байгаа. Уралдааныг зохион байгуулагчид ямар хариуцлага хүлээх вэ?

-Засгийн газар хурдан морины уралдааныг хий гэсэн тогтоол гаргаагүй. Үүнийг уяачдын холбоо сүүлийн 16 жилийн энэхүү уралдааныг зохион байгуулсны дагуу хийсэн байгаа. Мөн үүнд уяачид, үзэгчид энэ уралдааныг хүсдэг учраас зохион байгуулсан. Бидний хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Ганц бидний бодож байгаа зүйл бол хүүхдийн аюулгүй байдал юм.

УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХАРИУЦЛАГЫГ БИД БҮРЭН ХҮЛЭЭНЭ

-Нийгэмд байнга шүүмжлэл байсаар байхад уралдааныг зохион байгуулсаар байх уу? Хүүхэд мориноос унаж, бэртэх нь их боллоо. Иргэдийн зүгээс хурдан морины уралдааныг эсэргүүцэж байна. Заавал хаврын уралдааныг хийх ёстой юм уу. Хэрвээ уралдаан боллоо гэхэд тухайн газарт хэр их ашигтай үр нөлөө байдаг вэ?

-Урьд нь хавар болохоор Монгол орны өнцөг булан бүрт уралдаан болдог байсан шүү дээ. Аваргын, малчны мялаалгаас эхлээд энд тэндгүй замбараагүй уралдаан болдог байлаа. Монголын морин спорт, уяачдын холбоо гэсэн байгууллага гараад өмнө байсан олон зүйл эмх цэгцтэй болсон. Жилд болж буй олон уралдааныг цөөлсөн.

Хурдан морины уралдааныг хувь хүн, соёл талаас нь авч үзэх ёстой. Уяачдын эргэн тойронд 30-40 мянган ажлын байр бий болдог. Морины үйлдвэрлэл явагдаж, маш олон хүн ажилтай болдог. Мөн нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа ажлууд ч бий.

Саяны уралдааны үеэр тухайн орон нутгийн 60 гаруй өрхийг орон гэртэй болголоо. Уралдаан болж байгаа газарт орлого багатай ард иргэдийг малжуулах ажлыг хийж байна. Уралдаанч хүүхдийн боловсролын асуудалд анхаарах гээд нийгэм рүү чиглэсэн олон ажлуудыг хийж байгаа. Энэ бол зөвхөн морь уралдуулаад зугаацах асуудал биш. Монгол Улс 300 гаруй мянган малчинтай. Үүний 120 мянган малчин-уяачтай байна. Энэ улсуудын ихэнх нь малаа хариулж явдаг малчид байдаг. Тиймээс энэ уралдаан тэдний амьдралд хэрэгтэй учраас бид зохион байгуулсан. Харин цаашид тэдний амьдралд хэрэгтэй, хууль эрхзүйн орчныг сайжруулах гээд ярилцах зүйл их байгаа. Зөвшөөрөлгүй болдог уралдаанд зөрчил гардаг. Бид үүнийг цэгцлэхийн тулд ажиллаж байна. Уяачид, малчдын хөдөлмөрийг үнэлэх гээд хийх зүйл их байгаа.

-Хүүхдийн хувцасны хамгаалалт хэр байсан бэ?

Хаврын “Дүнжингарав” уралдааны үеэр хүүхдийн эрхийн байгууллага очиж, сайн ажилласан байгаа. Хүүхэд бүрийн хамгаалалтын хувцсыг шалгасан. 12-с доош насны хүүхэд уралдах вий гэж хяналтыг сайн хийсэн. Бүрэн хяналт байсан. Хүүхэд бүрийн хамгаалалтын хувцас шалгаж, насыг тулган уралдаанд гаргасан байгаа.

-Хүүхдийн эрхийг зөрчин байж уралдаан зохион байгуулах шаардлага байна уу?

-Их хүнд асуулт байна. Монголын малчид, уяачдыг морио унаж, морио уралдуулж болохгүй гэсэн шийдвэр байж болохгүй байх. Харин уралдуулахдаа зөв зохион байгуулж, хамгаалалтын хувцсыг сайн өмсгөж, Засгийн газрын тогтоол болох 12-с доош насны хүүхдийг хурдан морины уралдаанд гаргахгүй гэсэн журмыг баримтлах нь зүйтэй байх. Энэ удаа Засгийн газрын тогтоол гараагүй, цагдаагийн хүч хүрэлцээгүй ийм тохиолдол гарлаа. Дээр нь манай үзэгчдийн ёс зүй ямар байгаа нь харагдсан. Тоос шороо их байгаа үед анхааруулга өгсөөр байтал машинтай давхин тоос гаргах нь хамгийн их хүндрэл байсныг дахин хэлмээр байна. Цасгүй, дулаан газар “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахыг хүссэн учраас Говьсүмбэр аймгийн Баянтал сумыг сонгосон.

-Уралдаан хийх болсон нь уяачдын буруу, орой болсон нь нарын буруу, машин орж ирээд тоос гаргасан нь үзэгчдийн буруу гэж хэллээ. Комиссын зүгээс ийм байдал гаргахгүйн тулд хариуцан ажилласан гэж харж байна?

-Бид зовлон, жаргалаа ярилаа. Түүнээс уралдаан зарласан нь уяачдын буруу, нар хурдан жаргасан нь нарны буруу гэж ярихгүй. Энэ уралдааны зохион байгуулалтын хариуцлагыг бид бүрэн хүлээнэ. Хариуцлагаас зугтах зүйл байхгүй. Монгол Улсад хэдэн зуунаар уралдааныг хийж ирсэн. Нэг ч хүн уралдааныг будилаантай болгочихъё гэж бодож байгаагүй. Энэ удаа үнэхээр санаанд оромгүй тоостой боллоо. Уралдааны комиссоос найман машинд дагах эрх өгсөн ч түүнээс илүү олон машин дагалаа. Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр 40 мянган хүн үзсэн байна. Тэгэхээр ард иргэд энэ уралдааныг хүсэн хүлээдэг болжээ. Олон нийт “Дүнжингарав” уралдааныг хүлээдэг болсон нь харагдлаа.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж