‘Эрдэнэт’, ‘Оюутолгой’, ‘Стандарт’ банк, С.Баяр, С.Баярцогт. Тохиолдол ч гэмээр бүр сценаритай зохиол гэмээр ч үйл явдал өрнөж байна. Хоёрдугаар сард Монголын улс төр “Эрдэнэт”-ийг тойрч хэрэлдсэн бол гуравдугаар сарын улс төрийн гол сэвэлт ‘Оюутолгой’-г чиглэжээ.
Швейцарийн Прокурорын ерөнхий газраас Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын данс руу авлигын 10 сая ам.доллар шилжүүлсэн байж болзошгүй гэх хэргийн талаар "Ройтерс" агентлагийн сэтгүүлчид мэйлээр өгсөн гэх мэдээллийг монголчууд хараал ба хардлагатай угтав. Хамгийн их хандалт, шейр авсан мэдээлэл өчигдрийн хувьд энэ байлаа. Олон нийтийн сүлжээнд өдөржин шуугисан энэ дуулианы талаар АТГ ажил дуусахын алдад "Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ ажлын хүрээнд С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжиллээ" гэсэн товчхон мэдээ албан сайтдаа оруулжээ.
С.Баярцогтын оффшорын хэрэг 2013 оноос дэлгэгдсэн бөгөөд үе, үе үүнийг сэвж, олны анхааралд оруулдаг нь уламжлалт технологи болсон. Өнгөрсөн 2016 онд энэ асуудлаар Э.Цэрэн нарын хүмүүс мэдээлэл хийж, дуулиан тарьж байсан бол энэ удаад "Ройтерс" агентлагийн мэдээний араас манай хууль хүчнийхэн ажилдаа орсон бололтой, АТГ жижигхэн мэдээ цацав.
Гэвч үүнийг өндөр автал нь сэвэх нь Ардчилсан намд ч, Ардын намд ч аль алинд нь ашигтайгаар эргэж байна. "Эрдэнэт"-ийн хэргээс болж эвгүйдсэн эрх баригчдыг гэх олон нийтийн анхаарлыг С.Баярцогт руу чиглүүлэх, эл явдлаар далимдуулж түүнийг замаасаа зайлуулах гэсэн тавилттай улс төр явж байх талтай юм. Ардын намынхны хувьд АН ч гэсэн адилхан хулгайч шүү гэж харлуулах, Ардчилсан намын хувьд аль дээрээс түүнээс төвөггүйхэн салах гэсэн дээрээс шидсэн чулуу ч байж болох. Гол нь С.Баярцогтын энэ явдал уламжлалт дуулиан байгаагүй л гэж найдъя.
Үнэн худлыг нь шүүх тогтоогоогүй, үгүйдээ л ядаж С.Баярцогт энэ асуудалд ямар тайлбар хэлэх нь сонин байтал Ардчилсан нам асуудлыг дор нь хурдхан хэлэлцээд амархан хөөчихлөө. Хуралдаад, ялын тогтоол уншаад, яг 37 оных шиг намаас нь хөөгөөд, нутаг заадаг танил технологи.
Ийнхүү Ардчилсан нам эгнээнээсээ С.Баярцогтыг эхлээд хөөлөө. Үүний өмнө Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Да.Ганболд, Б.Батбаяр, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Ч.Сайханбилэг нарыг С.Эрдэнэ Үндэсний бодлогын хорооноосоо хөөсөн.
Хэрэвзээ Ардчилсан нам авлига, хулгай, хууль бус үйл ажиллагаанд холбогдсон хүмүүсээ өршөөхгүй, үг өчиггүй хөөхөөр нэгэнтээ шийдсэн юм бол төмөр замын 200 сая ам.долларын хэрэг шалгагдаж буй А.Гансүх ба бусдыг нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс хөгжлийн төвийг нь хулгайлсан нөхдүүдээ, бондын мөнгө завшигчдаа, аж үйлдвэрийн паркийг төсвийг аваад үрчихсэн, талийгаачдаас хумсалсан гаруудаа яг С.Баярцогт шиг хөөчихвөл бүүр солиотой. Ингэж чадвал жинхнээсээ Ардчилсан намд баяр хүргэе.
С.Баярцогтын дуулианы араас Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийж, С.Баярын Засгийн газрыг шалгуулмаар байгаагаа зарлаад, “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж үзэж буй”-гаа мэдэгдэв. Зөв! Ардчилсан намаас хамтарсан засгийн үед Н.Алтанхуяг, Х.Баттулга, Л.Гансүх, С.Баярцогт, С.Ламбаа нар ажиллаж байсан бөгөөд тэднийг бүгдийг нь Ардын намынхантай хамтад нь шалгуулчих. Нэмээд төмөр замын хэрэгт холбогдсон гишүүдээ шалгуулчих.
‘Оюутолгой’, оффшортой холбоотой асуудалд С.Баярцогт "News" агентлагт ярилцлага өгөхдөө “Бүх талаараа хариуцлагаа хүлээчихээд байхад энэ асуудлыг байн, байн дэвэргээд ард түмнийг турхираад байгаа зарим нөхдүүд намайг хэтэрхий үнэлээд байдаг юм уу эсвэл энэ намын дарга болчихно гэж болгомжлоод байдаг ч юм уу, бүү мэд. Нөгөө талаасаа энэ нөхөр ‘Оюутолгой’-н гэрээг хийхэд маш идэвхтэй оролцсон болохоор Баярцогтыг харлуулах замаар ‘Оюутолгой’-н бүтээн байгуулалтыг харлуулья гэсэн зохион байгуулалттай ажиллагаа байхыг үгүйсгэхгүй” гэсэн тайлбарыг жилийн өмнө өгч байсан юм.
С.Эрдэнийн намын энэхүү шийдвэр, мэдэгдлийн араас ахиад асуулт, эргэлзээ, хардлага байна. Сэтгүүлч асуух хийгээд хардах эрхээ эдэлбэл шүү дээ.
Ардчилсан нам шинэчлэгдсэн үү, аль эсвэл С.Эрдэнийн нам болсон уу? Энэ намд шинэчлэлт явагдсан уу, өөрчлөлт хийгдсэн үү? Үүнийг өнөөдрөөр, үзэл баримтлал, бодлого, шийдвэрээр нь дүгнэвэл, хэлмэгдэлтийн тухай хамгийн чангаар ярьдаг нам өөрөө хэлмэгдүүлэлтийг жинхэнэ утгаар нь явуулж байгаа бол Ардчилсан нам ардчилсан гэх нэрнээсээ ичих хэрэгтэй болсон гэсэн үг.
Ардчилсан нам үзэл баримтлалдаа “Ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлэх намын хүсэл зориг, чадамж намын дотоод ардчиллаар хангагдана гэдгийг эш үндэс болгон тулгуур үзэл баримтлалаа үйл ажиллагааны удирдлага болгон хэрэгжүүлэхээр тодорхойлов” гэжээ. Уншихад их гоё лоозон. Дотоод ардчилалтай, ардчиллыг бэхжүүлэх чин хүсэлтэй, зориг чадамжтай. Гэвч амьдрал дээрх бүх зүйл байгаагаасаа өөр. Ардчилсан намын үзэл баримтлал ч мөн адил.
Яг үнэндээ Ардчилсан нам өнөөдөр атамануудтайгаа л үлдлээ. Б.Баабарын үе дууссан, С.Баярцогт ба бусад нь хөөгдсөн, “Алтангадас” харваж, “Нэг ардчилал” задарсан. Энэ нам С.Эрдэнийн өвөрт алгуурхнаар, аясаараа орж байна. Манай улстөрчид Монголыг хөгжүүлэхгүй ч, монголчуудыгаа өдөр бүр хөгжөөнө өө гэж.