Улаан асрын зүүд (86-р бүлэг) | News.MN

Улаан асрын зүүд (86-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (86-р бүлэг)

Улаан асрын зүүд (86-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э

 


Наян зургадугаар бүлэг

ӨВГӨН ТҮШМЭЛ ХАХУУЛЬ ИДЭН, ХЭРГИЙГ ДАХИН ШҮҮЖ, ЭНХРИЙ ОХИН ЭЛДВИЙГ БОДОЖ ЯТГЫН ЁСЫГ ТАЙЛАВ

Өгүүлэх нь: Шюэ Има, мөнөөх бичгийг сонсоод, зарцыг дуудан “Да е чинь чухам яаж хүн цохиж алсныг чи сонссон уу” гэсэнд тэр боол “Чухам үнэнийг би мэдээгүй. Да е тэр өдөр Эр Ед… гэснээ, ийш тийш харж, өөр хүн байхгүйг мэдээд, да е ийн хэлсэн нь… гэрийн хэрүүл тун хэцүү болсноор, да е гийн сэтгэл самуурч, өмнө газарт худалдааны ажлаар явах гээд энэ хотоос урагш хоёр зуун газарт байх нэг хүнтэй хамт явахаар болзжээ. Да е түүнийг эрж очихдоо, урьдын танил түнш Жян Юйханий дуучдаа дагуулаад хотод ирж байхтай таарч архины мухлагт орж хоол иджээ. Мухлагийн зангууд нь Жян Юйханийг зүгээр л тогтож харсанд да е гийн уур хүрсэн байна. Тэр удаад ч яахав, мөнөөх Жян Юйхань ч яваад өгчээ. Маргааш нь да е, нөгөө болзсон хүнээ олж, өнөөх мухлагт очиж хоол идэж, архи уужээ. Тэнд согтож, гэнэт өчигдрийн явдлыг санаж, мухлагийн хүнийг дуудан “Архи соль” гэж буцаагаад, дараа нь удлаа гэж харааж эхэлсэн байна. Мухлагийн хүн, түүний хүсэлтийг хүлээж авсангүй. Тэгэхээр нь да е архины шаазангаар цохиод авчээ. Цаадах нь бас ярдаг эр байж, ингээд цохь гээд толгойгоо өгсөн байна. Да е дахиад шаазангаар цохисонд түүний цус нь садарч савж унаж, эхлээд харааж байснаа сүүлдээ дуугарч чадахгүй болсон гэсэн” гэв. Шюэ Има:

-Яагаад хажуугаас нь хориглосонгүй вэ гэсэнд боол:

-Да е ийм үг хэлээгүй болохоор боол би дураар ярьж чадахгүй гэв. Шюэ Има: “За за чи явж амар” гэтэл боол шурдхийн гарав.

-Ингээд Шюэ Има, Ван Фүрэньтэй уулзаад, түүнийг Жя Жэнд гуйж аль гэж хүсэв. Жя Жөн баахан асууж лавлаад, Шюэ Кэг айлтгал өргөсний дараа, хошууны яамнаас яаж таслахыг харж байгаад арга бодъё гэж аргацаав. Дараа нь Шюэ Има, өнөөх пүүснээс мөнгө зээлж аваад, боолоор илгээсэнд, үнэхээр гурван өдрийн дараа хариу иржээ. Шюэ Има захидлыг аваад Бао Чайгаар дуудуулав. Түүнд өгүүлсэн нь:

Илгээсэн мөнгийг яамны дээд, доод хүмүүст зарцуулжээ. Ах, гянданд төдий хал амсангүй байх тул дайдаа санаа амар байгтун. Эндэхийн хүн даанч хулжин, үхдэлийн төрөл ба гэрчлэгчид цөм хүлээхгүй. Ахын залсан тэр найз ч тэднийг дэмжиж байна. Ли Шян бид хоёр газар мэдэхгүй, хүн танихгүй боловч азаар нэг сайн авгайтай таарч мөнгө өгч арга гуйлаа. Тэрбээр, ахтай чинь хамт архи уусан тэр Ү Лиянийг бас татан оруулж, хүнээр батлуулан гаргаад мөнгө өгч түүгээр бүтээлгэвэл болно. Тэр зөвшөөрөхгүй бол тэр Зан Санийг цохиж алаад харь нутгийн хүнд нөмөргөв гэвэл тэр заалдахгүй болж, учир явдал хялбар болно гэв. Би түүний аргаар үйлдсэнд Ү Лян үнэхээр гарч ирэв. Одоо яг үхдэлийн төрлөөс гэрч хүн худалдан авч нэг хувь өргөдөл бичээд уржигдар өргөсөнд өнөөдөр цохлон буцаалгажээ. Өргөдлийн эхийг үзвэл, үнэн хэргийг мэдэж болно гэжээ. Тэгээд өргөдлийн эхийг уншвал ийм ажээ.

Өргөдөл өргөгч би бээр гэнэтийн зовлонд учирч хилс мушгигдсан ахын явдлыг айлтган толилуулах нь, доордын төрсөн ах Шюэ Пань бол Нанжин газрын хүн. Одоо Сы Жинд сууж байна. Тэр жилийн, тэр сарын, тэр өдөр арилжаа худалдааны явдлаар Нанжинд аялсан бөлгөө. Яваад хэдэн өдөр болсны дараа, хүний амины хэрэгт холбогдов хэмээн дагаж яваа боол нь эргэж мэдүүлсэнд, доорд би довтолгон ирж хянавал, Жан овогтыг гэнэт хохируулжээ. Шоронд очоод, ахын уйлан ярихыг сонсвол, Жан овогтод өшөө хорсолгүй, угаас огт танихгүй юм. Архийг солиулах зуур үг зөрж, доордын ах дарсыг газар цацтал Зан овогт яг бөхийж дороос юм авах таараад алдсан аяга нь түүний толгойг цөмөлж, бие нь энджээ. Мэргэн ноён баримтлан шүүхэд, мунхаг ах эрүүдэхээс айгаад, хэрүүл тэмцээнээр бие эндэв гэж өчиг өгчээ. Гэгээн тэнгэр энэрэн нигүүлсэж, хилсэдсэнийг мэдээд, таслан шийдээгүй байна. Доордын ах, хориулд байх тул айлтган мэдүүлэхэд бэрхтэй газар олон байна. Тийнхүү доорд би, ах дүүгийн журмыг санаж, амь насны аюулыг бодохгүй орлон айлтгалаа. Мэхийн гуйх нь өршөөлт ноён, үнэнч гэрч, бат өчгийг хянаж ялгавал, доордын гэр хотлоор түмэн түмэн ачид чинь үүрд шүтэн мөргөнө. Аймшиггүй, шууд өргөн мэдүүлэв гэжээ. Цохолсон нь, “Хүүрийг шалган байцаавал гэрч баримт нь чанд бат, эрүү тулгасангүйгээр, ах чинь тэмцэлдэн алав хэмээн өгсөн өчиг нь, одоо энд бэлэн байна. Одоо чи, хол газраас ирээд, нүдээр үзээгүй байтлаа, хуурмаг үгсээр дэмий л заалдаж яахин болно вэ. Зүй нь яллан шийтгэвэл зохих боловч ахаа санах журмыг чинь бодож түр хэлтрүүлсүгэй. Үл зөвшөөрнө” гэжээ.

Шюэ Има энд хүртэл сонсоод: “Тэтгэхийн аргагүй болсон бишүү. Одоо яавал зохих вэ” гэсэнд, Бао Чай “Хоёрдугаар ахын захиа дуусаагүй ээ, бас байна” гээд, Нэн чухал зүйлийг очсон хүнээс асуувал мэднэ” гэж уншив. Шюэ Има тэр даруй ирснийг авчирч асуув. Тэрбээр, хошууны газар, манай гэрийн баян элбэгийг мэдсэн тул нийслэл хотод дээгүүр их тал засаж, бас их бэлэг хүргэвэл, дахин шүүж, ялыг хөнгөлж болно. Дайдаа одоо баахан түргэлбэл зохино. Эсвэл да е одоо зовлон эдлэхэд хүрнэ гэв.

Энэ үгийг сонссоны дараа Шюэ Има Рүн Гөфүд очиж, Ван Фүрэньд учрыг нарийвчлан тоочоод Жя Жэнгээс гуйлгав. Жя Жэн, ганцхан хошууны мэдэгчид гуйна гэснээс бус мөнгө зоосны учрыг ер дурьдаагүй тул Шюэ Има бас тусгүй болов уу гэж, Фөн Жегээр Жя Ляньд хэлүүлж, хэдэн мянган лан мөнгө зараад сая хошууныхантай хэлэлцэж тохиролцсон тул, хошууны мэдэгч сая пайз өлгөн танхимд сууж ойр дэргэд нь байгсад, гэрч нар, үхдэлийн ураг төрлийнхнийг цуглуулж, Шюэ Панийг бас шоронгоос авчран, шүүх танхимын бичээч нэг нэгэнгүй бүртгэн дуудав. Хошууны мэдэгч бас айлын даргыг дуудаж, анхны өчгийг тулган үзээд бас үхдэлийн эх, эхнэр, авга ахыг дуудан асуув. Түүний эх Ван нь уйлан уйлан мэдүүлэг өгөхдөө:

-Доорд миний эр нөхөр, өмнө гацаанд сууж байгаад, арван найман жилийн өмнө үгүй болжээ. Эхний хоёр хүү үхсэн. Бид бол ядуу улс. Энэ хөвгүүн Жан Сань бол энэ жил хорин гурван настай, эхнэр ч аваагүй юм. Тэр өдөр үдийн хэрд хүн ирж “Хүүг чинь хүн цохиж алжээ” гэж хэлсэн. Түмэн мэлмийт гэгээн ноён минь, доорд эхнэр би үхэтлээ айсан. Тэнд хүрээд овчол, хүүгийн толгой хагарч цус нь урсаад, арай үхээгүй, амьсгаатай боловч үг хэлж чадахгүй байсаар төдөлгүй үхсэн. Доорд эхнэр би, энэ бяцхан золбинтой амиа цөлсүгэй гэсэнд яамны зарц нар тас зандрав. Ван эхнэр даруй мөргөн: “Түмэн нүдэт гэгээн ноён, хилс мушгигдсаныг минь цагаатгаж өгөх болов уу. Доорд эхнэр би, ганцхан энэ хүүтэй байлаа” гэж хэлэв. Хошууны мэдэгч: “Явагтүн” гээд Ли Жя Дяны эзнийг дуудаж: “Зан Сань бол чиний буудлын хөлсний хүн мөн үү” гэж асуув. Тэр Ли Эр: “Хөлсний хүн биш, зангууд” гэсэнд хошууны мэдэгч:

-Шюэ Пань аягаар Жан Санийг цохиж алсан гэж чи тэр хүүрийг шалгаж байхад хэлж байсан. Чи нүдээрээ үзсэн юм уу гэж асуув. Цаадах нь:

-Зочдын өрөөнд архи авна гэх үед би лангуун дээр байсан. Төдөлгүй “Аюул боллоо. Шархдуулчихлаа” гэхийг сонсоод өчүүхэн би гүйж очсон. Жан Сань, юм хэлж чадахгүй болоод шал дээр хэвтэж байсан. Би сандрахдаа, айлын даргыг дуудуулж, эхэд нь хэлүүлсэн. Чухамдаа, түүнийг яаж цохисныг үнэхээр мэдэхгүй тул гэгээн ноён та, тэр хамт архи ууж байсан хүнээс асуух болов уу гэв. Хошууны мэдэгч:

-Анх шүүх үед чи өөрөө үзсэн гэж өчиг өгсөн байтлаа одоо яагаад үзээгүй гэж байгаа юм бэ гэж зандарсанд, Ли Эр:

-Өчүүхэн би, тэр өдөр айж сүрдээд, дэмий чалчжээ… гэтэл яамны зарц бас зандрав. Хошууны мэдэгч Ү Ляний дүүг дуудаад:

-Чи хамт архи уусан биз дээ. Шюэ Пань, чухам яаж цохисон юм бэ. Үнэн өчиг өгөгтүн… гэсэнд цаадах нь:

-Тэр өдөр өчүүхэн би гэртээ байсан. Тэгтэл энэ, Шюэ Паньд архи аваачиж өгсөн юм. Архийг нь муу гэж голоод сольё гэсэнд Зан Сань зөвшөөрөөгүй юм. Тэгэхээр нь Шюэ Паний уур хүрч, түүний нүүр өөд архиа цацтал яасныг мэдэхгүй, толгойг нь оноожээ. Үүнийг би нүдээрээ харсан гэв. Хошууны мэдэгч:

-Худлаа! Шюэ Пань тэр өдөр хүүрийн дэргэд, үнэхээр цохиж алав хэмээн өчиг өгөхөд, чи бас нүдээр үзсэн гэсэн. Тэр өдрийн өчгөө яагаад хувиргачихав? Түүшүүлэгтүн гэж зандарсанд яамны зарц нар “За” гээд л занчихыг завдав. Ү Лиян:

-Архины аягаа алдахад л толгойг нь оносон болохоос Шюэ Пань, үнэндээ Жан Саньтай зодолдоогүй юм. Ноён та өршөөл хайрлаж, Шюэ Паниас асуух болов уу гэж хүсэв.

Хошууны мэдэгч, Шюэ Панийг дуудан авчирч:

-Жан Сань та хоёр хэдийнээс өшөөтэй байсан бэ. Тэр яаж үхсэнийг үнэнээр мэдүүл… гэсэнд Шюэ Пань:

-Эцэг ноён өршөөл хайрлах болов уу. Өчүүхэн би үнэхээр цохиогүй. Авъя гэсэн архийг өгөөгүй тул би аягатай архиа цацсан юм. Гэтэл санаандгүй аягаа алдаад, толгойг нь цохичихжээ. Яаран шархыг нь дарсан боловч цусыг нь тогтоож чадаагүй. Тэр төдөлгүй үхчихсэн. Тэр өдөр намайг шүүхэд Лао ег занчих байх гэж айгаад, аягаар цохиж алсан гээд өчиг өгчихсөн юм. Эцэг ноёны энэрэн өршөөхийг гуйна гэв. Хошууны мэдэгч чанга дуугаар:

-Чи яасан мунхаг амьтан бэ! Түүнийг чухам яаж алсан бэ гэж тус яамны газраас асуухад, чи өөрөө архи сольж өгөхгүй болохоор нь цохисон гэчихээд… одоо болохоор аягаа алдахад оночихсон юм гэнээ… гэж зандраад занчина, цохино хэмээн сүр далайлган аашлав. Шюэ Пань, сая хэлснээ буцахгүй зүтгэж байв. Хошууны мэдэгч, үхдэл шалгагчийг дуудав.

-Тэр өдөр үхдэлийг шалгаад тэмдэглэсэн гэм, шархны бичгээ авчирч үнэнээр мэдүүлэгтүн гэж хошууны мэдэгчийг хэлсэнд тэр байцаагч:

-Биднийг тэр өдөр шалгахад Жан Саний үхдэлд өөр шарх байгаагүй. Магнайд нь нэг шаазан савны шарх байсан. Арьс нь нэг ямх, долоон фүн урт, таван фүн гүн язраад, магнайн яс хэврэг тул гурван фүн хагарчээ. Үнэнхүү мөргөж оногдсон шар юм гэв.

Үхдэлийн тэмдэглэлийг үзвэл, түүний хэлсэнтэй таарч байх тул бичээч хэдийн хөнгөлж бичсэнийг хошууны мэдэгч мэдсэн боловч асууж маргалгүйгээр хааш яаш гарын үсэг зуруулав. Ван эхнэр уйлсаар: “Тэнгэр мэт гэгээн ноён минь, тэр өдөр хэд хэдэн шарх байна гэж байсан нь яагаад нэг ч үгүй болов?” гэж хашгирсанд хошууны мэдэгч:

-Энэ эхнэр худал хэлж байна! Энд үхдэлийн тэмдэглэл байгааг мэдэхгүй байна уу гээд Зан Эрийг дуудан авчирч, ач хөвгүүний чинь биед хэдэн шарх байсныг чи мэдэж байна уу гэж асуув. Цаадах нь сандран: “Толгой дээр нь нэг шарх байсан” гэв. Хошууны мэдэгч: “За ямар байна вэ” гээд бичээчийг дуудан хүүрийн тэмдэглэлийг Ван эхнэрт үзүүлж, айлын дарга, Зан Эр нарыг: “Тодорхой зааж үзүүл” гэсэнд, үзвэл, хүүрийн байцаагчийн дарсан гарын тэмдэг, гэрч баримт, зодолдож ноцолдсонгүй, нэгэн цагийн гэнэдлээс болжээ гэсэн бүгдийн өчиг байх тул, өчиг гэрчийг цохлон, Шюэ Панийг гянданд хадгалж хүлээлгээд, бусдыг цөм буцаажээ. Ван эхнэр цурхиран уйлж, хилсээ тоочсонд хошууны мэдэгч: “Хөөж гаргагтүн” гэж зарц нарт хэлсэнд Зан Эр ч мөн: “Үнэхээр гэнэт алсан байтал яаж бусдыг гүжирдэж болох вэ. Дээд Лао е одоо нэгэнт таслан шийтгэсэн тул битгий дэмий аашил” гэж ятгав.

Энэ үед Шюэ Кө гадаа, сураглаж мэдээд ихэд баярлахдаа гэр рүүгээ захидал илгээгээд, өргөлтийг цохлон ирсэн хойно яамны газар ялыг тайлах гэсэн мэдээ хүлээн суув. Тийн атал гадуур ‘Нэг хатан таалал төгсжээ. Эзэн хаан гурван өдөр бараалхал зогсоно” гэж ярьцгааж байв. Энэ газар, дээдсийн онгоноос холгүй тул хошууны мэдэгч зам засаж, бэлтгэл хийх гэж яарч, зав чөлөөгүй болох төлөвтэй тул Шюэ Кө энд байх тусгүй гэж бодоод, гянданд очиж ахтайгаа уулзан: “Би харьж хэд хоноод ирье. Санаа амар хүлээж бай” гэсэнд цаадах нь хөгшин эх зовуузай гэж захиж: “Би хамаагүй. Албан яаманд дахиад баахан мөнгө цутгавал даруй гэртээ харина. Мөнгө зоосоо битгий хайрла гэж хэл” гэж хэлүүлэв. Шюэ Ки, Ли Шяныг үлдээж харгалзуулаад харив. Шюэ Имад, Хошууны мэдэгч яаж нүүр тал харж таслаад, гэнэт алснаар тогтсоныг яриад, дараа алагдсан хүний саданд овоохон мөнгө өгч, ялаа тайлбал даруй зүйл дуусна гэхчилэн ярив. Шюэ Има сонсоод сая санаа нь амарч: “Би чамайг ирж гэрийн хэргээ төвхнүүлэхийг хүсэж байсан юм. Нин, Рүн хоёр ордонд очиж, талархах хэрэгтэйгээр үл барам одоо бас Жөү хатан таалал төгсөөд тэд өдөр бүр ордонд очиж байгаа болохоор гэр нь бараг эзгүй байгаа. Би очиж дайдаад хань болж хамжилцъя гэсэн боловч гэрт хүнгүй байна. Одоо чи ирсэн нь сайн боллоо” гэв. Шюэ Кө: “Би сайндаа бишээ, Жя хатныг таалал төгсөв гэж сонсоод сандарч ирсэн юм. Манай хатан зүв зүгээр байгаад яагаад үхэхэд хүрэв ээ” гэж асуув. Шюэ Има:

-Ноднин нэг удаа шарлаад зүгээр болсон л юм. Түүнээс өөр ямар өвчтэйг нь сонсоогүй. Харин тэртээ ордны Лао тайтай энэ хэдэн өдөр баахан амаргүй болж нүд нээмэгц л Юань Фэй хатантай уулзана гэх болсон тул бүгдээр их сэтгэл зовж байлаа. Яах юм бэ гэхээр ямар ч хэрэггүй гэнэ. Уржигдрын цаад үдэш Лао тайтай: “Юань Фэй юунд ганцаараа миний энд ирэв ээ” гэж асуусанд бүгдээр өвчтэй хүний өөрийн санаснаас болов гэж бодоод ер итгэсэнгүй. Лао дайдаа бас: “Та нар итгэхгүй байна. Юань Фэй надад “Мандал бадрал гэгч буурахуйяа хялбар. Эртхэн биеэ сугалж хойш ухрах хэрэгтэй” гэж хэлсэнд бүгдээрээ л: “Хэн үл санана вэ. Энэ бол настай хүний хожим хойшдыг бодож ирсэн өөрийн нь санаа” гээд төдий л тоосонгүй. Яг л маргааш өглөө нь, ордноос хатны шар өвчин хүндэрсэн тул орж амгалан айлтгатугай гээд үймэлдэв. Тэд их л айн цочиж яаран очицгоов. Дотогш ороод тэднийг гарч ирээгүй байтал бид хатныг өөд болов гэж сонсов. Гадуурх дам үгээр гэр зуурын сэжиг таамаг яв цав нийлж очсон нь жигтэй бишүү гэв. Бао Чай:

-Гадны цуурхал буруу зөрүүг байтугай гэртээ байгсад ч мөн “Хатан” гэх үгийг сонсмогц гэлмэгдэн бэгтрээд өнгөрсөн хойно сая мэджээ. Энэ хоёр өдөр тэртээ ордны шивэгчин охид, зарц эмгэд ирж, манай хатан биш гэж бид хэдийн мэджээ гэсэнд би, “Та нар яаж баттай мэдэж чадав” гэж асуусан юм. Тэд: “Тэр жилийн цагаан сар, гадны мужаас нэг заяа бодогчийг их л мэргэн гэж өргөн баталжээ. Лао тайдай тэр дор нь Юань Фэй хатны төрсөн он, сар өдөр, цаг жилийн өнгийг шивэгчин охидынхтой хамт өгч илгээсэнд, түүний хэлсэн нь: “Энэ цагаан сарын шинийн нэгэнд төрсөн охины цаг мөчийг эндүүрсэн байж мэднэ. Эс бөгөөс үнэхээр нэг эрхэм хүн болой. Энэ ордонд тогтох хүн биш” гэжээ. Лао е тэргүүтэн бүгдээр л: “Эндүү ч болов, мөн тэр ёсоор нь бодож үзэгтүн” гэсэнд тэр төлөгч: “Хөх бичин жилийн цагаан сар бол улаан барс сар болой. Энэ үгийн дотор “Зэрэг хохирон”, “Эд дуусна” гэх агуулга багтжээ. Ганц “Бичин” гэх үгэнд “Эрхэм зэрэг”, “Буяны хүлэг” илэрч байна. Тийнхүү гэрт оршиход бэрх бөгөөд төдий ч сайн биш болой. Энэ шинэ жилийн нэгэн бол хөхөгчин туулай эзэлж, хаврын эх учир модон оронд суужээ. Хэдий “мөр чацуу” гэвч хэдий мөрийцвөл төдий сайн болохыг яахин мэднэ вэ. Үлгэрлэвэл, сайн модыг цавчиж, зорж үйлдвэл сая сайн эд болж чадна” гэжээ. Завшаанаар цагийг юунай цагаагчин төмөр учирвал “Эрхэм зэрэг”, “Буяны хүлэг манджээ” гээд бас энэ бол “Тэнгэрт дүүлсэн буяны хүлгийн хувь” болой. “Заяанд тогтсон жаргалангийн одон” тул эрхмийн туйлд хүрнэ гэсэн бөлгөө. “Марс саранд тохиолдсон тул эрхгүй эзний тааллыг хүртэнэ. Цаг мөч нь ташаарахгүй бол энэ охин лавтайяа эзний хатан сууна” гэж бас нэмж хэлжээ. Энэ бүхэн бол үнэхээр онотол бодсон бишүү. Түүний хэлсэн нэг үгийг би бас мартаагүй байгаа. “Харамсалтай нь, мандал бадрал гэгч мөнх биш, барс жилийн туулай сард учирвал зовлон тохионо. Энэ даруй “мөрийцсөний” дээр “мөрийцвөөс” “Мөхөхийн” дээр “мөхнө” гэгч болой. Үлгэрлэвэл, ямар сайн модыг ч хэтэрхий уран нарийн сийлбэл, хэврэг болохтой адил болно гэжээ. Тэд нар энэ үгийг цөмөөрөө мартаад дэмий л сандарч байна. Би сая санаад, энэ жил барс жилийн туулай сар гэж их найнайд хэлсэн гэв.

Бао Чайг ярьж дуусаагүй байхад Шюэ Кө сандарч:

-Хүний явдал маньд хамаагүй. Ийм бурхан мэт мэргэн бодогч байвал ахын явдлыг нэг сайн бодуулаатах юмсан. Манай ах, энэ жил ямар муу одонд таараад ийм их гай зовлонд унах нь энэ вэ. Хурдан шиг төрсөн өдөр сарыг нь бичээд өг… гэсэнд Бао Чай: “Тэр төлөгч чинь гадна мужаас ирсэн хүн. Одоо энд яаж байхав” гэв.

Тэгээд Шюэ Имаг тэртээ ордонд очуулсанд Ли Вань, Тань Чүнь угтаж авахдаа: “Да е гийн хэрэг юу болж байна” гэж асууцгаав. Шюэ Има: “Дээш мэдүүлээд л тогтох болсон гэсэн. Арай үхэх ялд унахгүй бололтой” гэсэнд тэдний санаа амрав. Тань Чүнь:

-Дайдаа зовж байна. Өчигдөр “Тэр удаа гэрийн хэргийг И дайдаад найдсансан. Одоо өөрөө бас завгүй болсон тул гуйхад хэцүү болжээ” гэж байсан… гэсэнд Шюэ Има:

-Би гэртээ бас зовж байлаа. Их ах чинь хэрэгт ороод хоёрдугаар дүү чинь тийш явсан тул эгч чинь ганцаар юү хийж чадах вэ. Манай бэр бас ухаан мэдрэлээр барагтай тул би орхиод гарч чадахгүй байлаа. Тэндхийн хошууны мэдэгч нь одоо бас Жөо хатны ажил явдалд яараад, манай хүний хэргийг таслах завгүй болсон тул хоёрдугаар дүү хүрч ирээд байгаа. Тэгээд л би завчлаад хүрээд ирлээ гэж ярив. Ли Вань:

-И тайдай манай энд хэд хоновол их сайн… гэсэнд Шюэ Има толгой дохиж:

-Би та нарт хань бараа болохыг их бодож байна. Тэгтэл Бао охин дүү чинь ганцаардаад байх юм… гэсэнд Сы Чүнь:

-Та тэгж санаад байгаа юм бол Бао эгчийг аваад ирэхэд яадаг юм бэ гэсэнд эх нь инээж: “Болохгүй л юм” гэв. Цаадах нь:

-Яагаад болохгүй гэж? Урьд энд суугаад байж болдог л байсан биз дээ… гэсэнд Ли Вань:

-Чи учрыг нь мэдэхгүй байна. Айлд, олон учир явдал байдаг болохоор нэг хоёр нь таарахаар яаж ирж чадах вэ гэв.

Тэдний ийн ярилцаж байтал Жя Мү нар тэндээс эргэж ирэв. Тэд мэнд ч үгүй шууд л Шюэ Паний тухай асуув. Шюэ Има тодорхой тоочсонд, хажууд нь байсан Бао Юй, Жян Юйхань гэх нэрийг сонсоод, асуумаар санагдсан ч олны өмнө чадсангүй. Дотроо л тэр нийслэлд ирсэн бол яагаад надтай уулзахгүй байгаа юм бол гэсэн шиг бодоод, хажуугаар нь Бао Чай бас ирсэнгүй гэхчилэн бодлогоширч суутал Дай Юй хүрч ирсэнд алсхийн баярлаад, Бао Чайг бодохоо болиод Жя Мүгийн тэнд очиж эгч дүүсийн хамт оройн хоол идэхээр болов. Тэднийг тарах үед Шюэ Имаг дотоод өрөөнд унт гэв. Бао Юй гэртээ хувцсаа тайлж байхдаа Жян Юйханий өгсөн тэлээг санаад Ши Рэнийг дуудан: “Тэр жил чиний тэлээлэхгүй гээд цааш хийсэн улаан тэлээ бий юү” гэж асуусанд цаадах нь: “Яах нь вэ, байж л байгаа” гэв. Бао Юй: “Гэнэт санаанд орохоор нь зүгээр л асуусан юм” гэв. Ши Рэнь: “Шюэ да е ийм бүтэлгүй амьтадтай нөхөрлөж байгаад хүний амины хэрэгт орсныг дуулаагүй юү. Чи түүнийг санаж яана. Энэ мэтийн хэрэггүй юманд зовохын оронд санаа амар байж ном бичгээ үзэж суувал сайн байх шүү” гэж сануулав. Бао Юй: “Би яах ч үгүй. Зүгээр л гэнэт санаанд орохоор нь түүнийг асуусан юм. Тэр тэлээ байх, байхгүй нь хамаагүй. Тэгэхэд ийм олон үг хэлж яана…” гэсэнд цаадах нь инээж:

-Би илүү үгэнд дурласан юм биш. Хүн үнэхээр эрдэм сурч, ёс мэдвэл эрхбиш цаашаа чармайх хэрэгтэй биз дээ. Амраг дотно хүмүүс чинь үзээд баярлан хүндэтгэнэ шүү дээ гэв. Бао Юй гэнэт өрвөсхийж:

-Ингэж болохгүй. Сая Лао тайтайгийн тэнд хүн олон байгаад Линь охин дүүтэй үг солих зав олдсонгүй. Тэр ч бас намайг хайхарсангүй. Биднийг тарахаас өмнө тэр явчихсан. Одоо лав гэртээ байгаа биз. Би очоод ирье гэв. Ши Рэнь: “Эртхэн ирээрэй. Би нэг үг сэдсэн биш чи их баярлаж байна” гэв. Цаадах нь дуугаралгүй гараад толгойгоо ганзагалсаар Шяо Шян Гуаньд очив. Түүнийг ороход Дай Юй ширээнд суугаад ном үзэж байв. Бао Юй дэргэд нь очоод инээн: “Дүү охин ирээд удаж байна уу” гэсэнд цаадах нь: “Чи намайг тоохгүй байхад би тэнд юу хийж вэ” гээд инээв. Бао Юй: “Тэр олон хүн, элдвийн юм ярьж байхад би юу ярих эвээ олоогүй. Тэгээд чамтай юм ярьж чадсангүй” гээд Дай Юйгийн барьж байгаа бичгийг үзвэл, таних үсэг ганц ч байсангүй. Зарим нь ц үсэг мэт зарим нь на үсэг шиг ч харагдана. Бас Э үсгийн хажууд ес гэж бичээд гох татаж дунд нь бас тав гэж бичжээ. Бас дээд талаар нь, тав, зургаа гэж, доор нь мо гэж бичээд бүр доогуур нь тавь гэж бичсэн байв. Харж, харж алмайран гайхаад: “Дүү охин, ойрноос их л дэвшсэн байна. Тэнгэрийн бичгийг үзэж эхэлжээ” гэв. Дай Юй инээд алдаад “Сүрхий ч бичгийн хүн болдоо. Ядаж ятганы зүй ч олж үзээгүй юм уу даа” гэсэнд цаадах нь: “Ятганы зүйг яаж мэдэх юм бэ? Үсгийг нь ч танихгүй юм чинь. Охин дүү чи тэгээд энүүнийг мэддэг хэрэг үү” гэж асуув. Дай Юй: “Танихгүй бол үзэж яах юм бэ?” гэсэнд Бао Юй:

-Би яаж итгэх юм. Чамайг ятга чавхдаж байхыг нэг ч хараагүй юм чинь. Манай бичгийн гэрт хэд хэдэн ятга байгаа. Хэдэн жилийн өмнө Жи овогт эртнийг бахдагч Хао Гү гэгч зочилж ирсэнд, Лао е түүнийг нэг удаа ятга чавхдаач гэлээ. Тэр хүн, ятгануудыг үзээд цөмийг нь хэрэглэж болохгүй гээд “Эрхэм абугай та дуртай юм бол би дараа ятгаа авчраад танаас сургаал сонсъё” гэв. Манай Лао е бас мэдэхгүй бололтой. Тэр хүн ч дахиж ирээгүй. Чи яаж эрдмээ нууж байсан бэ гэсэнд Дай Юй:

-Би юү гэж үнэн чадах вэ. Бие бузгай болсон тул бичгийн тавиурыг онгичиж байтал, нэг иж бүрэн ятганы сурах бичиг байлаа. Үзээд байсан чинь үнэхээр сонин юм. Ятганы учир зүйг нэвтэрхий тайлбарлаж, хурууны эрдмийг маш тодорхой үзүүлсэн нь, эртний хүний оюуныг тэжээж, сэтгэлийг амарлуулах эрдэм байжээ. Би Ян Жөүд байхдаа ёс учрыг нь сонсож, сурах гэж оролдож байсан боловч орхиод, сүүлдээ мартчихжээ. Энэ бол үнэхээр “Хоёр өдөр барихгүй бол хуруу хумс хөшүүн болно” гэгч юм. Тэр өдөр энэ хэдэн бүлгийг үзвэл, чавхдах аргыг тэмдэглээд, аялгууг тэмдэглээгүй байв. Бас өөр газраас бас нэг дэвтэр аялгууг олж үзлээ. Чухамдаа сайн чавхдаж сурна гэгч бас бэрх бололтой. Бичигт, Ши Гуован ятгаар аянга бороог урьж, гарди галбингааг дуудаж чадна гэсэн байна. Күнз богд, “Ши Ранаас ятга сурахуйяа, нэгэнт чавхадмагц Жөү Вэнь ван юугаа санажээ. Ятга хэдий халил хаднаас харз ундруулж чадах боловч эрхбиш аялгууг танигч байх хэрэгтэй гэсэн юм” гээд нүдний зовхи нь үл мэдэг хөдлөөд хамраа харж суув. Бао Юй түүний хэлснийг сонсоод ихэд баярлан:

-За сайн дүүгийн саяын ярьсан үнэхээр сайхан байна. Би нэг ч үсэг танихгүй болохоор надад зааж өг… гэсэнд Дай Юй:

-Заалгаад байх юм байхгүй. Нэг л хэлбэл чи сурчихна гэв. Бао Юй:

-Би чинь мунхаг хүн шүү. Надад Э үсгийн дээр гох татаад тав гэж тавьсны учрыг хэлээд өгчих гэв. Дай Юй инээж:

-Энэ Э, ес хоёр бол зүүн гарын эрхий хуруугаар ес дэх тэвхийг дарна. Энэ гох, тав хоёр бол баруун гараар тав дахь хөвчийг дарах гэсэн тэмдэг. Нэг үсэг биш, нэг аялгуу. Энэ чинь тийм хэцүү бишээ. Бас хурууны эрдэм, хөвчийн эрдэм гэж байна гэв. Бао Юй улам баярлаж:

-Дүү чамайг ингэж ятгын зүй мэддэг болсон байхад бид яагаад сурахгүй байна вэ гэсэнд цаадах нь:

-Ятга гэгч цээртэй болой. Эртний хүн, биеийг засаж, сэтгэлийг тэжээхийн тулд үйлдэж, түүнд шунахыг тэвчин, түүгээр гангалахыг цээрлэжээ. Ятгыг эрхгүй сэлүүн гэр, ариун өрөө, эсвэл асар тагтын дээд давхар, уул шугуйн үзэмжит газар, өндөр уулын орой, өргөн усны хөвөөнд чавхдах ёстой. Тэнгэр газрын уур амьсгал зөөлдөж, зөөлөн салхи үлээж, гэгээн саран мэлтийсэн үед сан хүж асааж сайхан тайван сууж, сүжиг зоригоо чангалан санаа сэтгэлээ амарлуулбал сая тэнгэрийн таалалд нийцэн ёсны гүнийг ухаж чадна. Тийм ч учраас эртний хүн “Аялгууг мэдэгчтэй учрахуйяа бэрх” гэжээ. Аялгууг мэдэгчидтэй эс учирвал, ариун салхи гэгээн сааранд ганцаар сууж хөх нарс, хөгшин тогоруу, халил хад, халтар бичний эсрэг нэг зэрэг чавхдаж сэтгэл юүгээ сэргээвэл, мөн энэ ятгыг талаардуулахгүй болой. Бас хурууны эрдэмд нэвтэрч, аялгууг сайн мэдэх хэрэгтэй. Ятга чавхадъя гэвэл, хүрэм малгайгаа тэгшлэн, ноорсон зувцаа буюу ёсны уужим дээл өмсөж, эртний хүний янзаар хувцаславал, сая богд хүний эдлэл гэхэд нийцнэ. Гараа угааж, санд ариулаад, исэрт сууж, ятгаа ширээн дээр тавиад, тавдугаар тэвхийг зүрхний голд тааруулаад, хоёр гарыг аажмаар өргөн, чавхдаж эхэлнэ. Ингэвэл сая бие сэтгэл цөм төв болж чадна. Бас хүнд хөнгөнийг ялган хөвчдөн чавхдахад урлагтай, хөдөлж барихад төвлүүн байвал зохино гэв. Бао Юй:

-Бид зүгээр сурч наадах төдий болой. Энэ мэт яршиглавал хэцүү болно гэв.

Тэр хоёрыг ийн ярилцаж байтал Зы Жюань орж ирээд Бао Юй рүү харан инээж: “Эр Еэ яасан баяртай байх юм бэ” гэсэнд “Охин дүү маань, өнөөдөр ятганы талаар өвчүү цээжинд толь тусгасан мэт сайхан тайлбарласан тул би нэг мөсөн бахархлаа” гэв. Зы Жюань: “Би үүнийг хэлсэн юм бишээ. Яагаад өнөөдөр энд ирснийг чинь хэлж байна” гэсэнд цаадах нь: “Дээр хэдэн өдөр охин дүүгийн бие тааруу байсан тул би энүүнд тээр болуузай гэж хичээсэн юм. Бас өдөр бүр сургуульд яваад байгаа болохоор баахан зай барьсан мэт болжээ” гэв. Зы Жюань: “Авхай ч бас сая л бузгай боллоо. Үнэндээ, авхай их яривал ядарна шүү гэдгийг л сануулъя’ гэсэнд Бао Юй инээж: “Би яриаг нь бахдан сонссоор байгаад дүүгийнхээ ядрахыг мартчихжээ” гэтэл Дай Юй инээж: “Ийнхүү ярьж суувал, харин ч сэтгэл сэргэнэ. Ядрахгүй. Ганц би хичнээн хэлэвч чи ойлгож мэдэхгүй болов уу” гэв. Бао Юй: “Юу болсон ч аажимдаа мэдэж чадна” гээд босож, охин дүү одоо амрах хэрэгтэй. Би маргааш, гурав, дөрөвдүгээр охин дүүд хэлье. Тэдэнд зааж сурга гэж хэлэв. Цаадах нь инээж:

 

-Чи ч бас баахан хэтэрч байна. Хэдий бүгдээр сурч чавхадсан ч чи мэдэхгүй бол мөн илжигний чихэнд… гэснээ, бодлогын учир юугаа санаж, цааш нь дуугарсангүй. Бао Юй инээж:

-Та нар чавхдаж чадвал би “Илжиг” ч болсон, дудрай ч болсон хамаагүй сонсох дуртай гэсэнд Дай Юй хөхрөв. Зы Жюань, Шюэ Янь нар ч дагаад хөхрөлдөв. Бао Юйг тэндээс гарах гэж байтал Чю Вэнь бяцхан шивэгчний хамт нэг пэнс цахирмаа цэцэг барьсаар орж ирэв. Тэрбээр дайдаагийнд нэг хүн дөрвөн пэнс цахирмаа цэцэг өгчээ. Дайдаа түүнийг янзлах завгүй тул нэгийг нь Линь авхайд нөгөөг нь Эр Ед хүргүүллээ гэв. Бао Юй үзвэл, хэд хэдэн хос цэцэг байсанд, баярласан, гомдсон алин болохыг бүү мэд, дотор нь давхийгээд мэлрэн зогсов. Энэ үед тэрбээр ятганаас өөр юм бодохгүй байсан тул “Дүү охин цахирмаатай болсон тул “И Лань Цао” дууллыг чавхдаж болно” гэв.

Дай Юйгийн дотор эвгүйцэв. Гэртээ ороод цэцгийг үзсээр дотроо: “Өвс мод хаврын цагт навч цэцгээ дэлгэрүүлнэ. Миний нас бага байсаар боловч буцах намрын улаан уд мод мэт билээ. Үнэхээр санасанчлан бүтвэл аажмаар засарч мэднэ. Эс бүтвэл, салхи бороог үл даагч хаврын эцсийн хуар цэцэг мэт дуусна” гэж бодуут нулимс унагав. Зы Жюань учрыг олохоо больж: “Сая Бао Юйг байхад их л баяртай байсан мөртөө одоо зүв зүгээр цэцэг үзэж байснаа яагаад уяран гаслах нь энэ вэ” гэж бухимдан ятгаж байтал Бао Чайгийн тэндээс хүн иржээ. Ямар учиртай болохыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж