Японд өндөр настнууд зориудаар гэмт хэрэг, зөрчилд холбогдох болжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Японд өндөр настнууд зориудаар гэмт хэрэг, зөрчилд холбогдох болжээ

Японд өндөр настнууд зориудаар гэмт хэрэг, зөрчилд холбогдох болжээ

Өндөр настнуудын тоогоор тэргүүлдэг Японы хүн амын дөрөвний нэг хувийг 65 болон түүнээс дээш настнууд эзэлдэг байна.

Хүн амын дундах өндөр насжилт Японы санхүүгийн систем болон худалдааны салбарт хэдийн ачаалал үүсгэж эхэлжээ. Гэвч сүүлийн жилүүдэд санаанд багтамгүй зүйл байнга гарах болсон нь өндөр настнууд аар саар гэмт хэрэгт холбогдож, шоронд суухыг илүүд үзэх явдал гэнэ.

Блүүмберг агентлагийн мэдээлснээр өндөр настнууд холбогдсон гэмт хэрэг, зөрчил Японд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд энэ тоо дөрөв дахин өссөн гэнэ.

Японы шоронд хоригдож буй арван хоригдол тутмын нэг нь өндөр настай хоригдол байдаг гэнэ.  Мөн өндөр настай арван хоригдлын ес нь настай эмэгтэйчүүд байдаг ажээ.  Тэдний холбогддог гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь жижиг хулгайн хэрэг байдаг гэнэ.

Энэхүү хачирхалтай үзэгдлийг хүн амын дундах насжилт улам нэмэгдсэн,  тэднийг асран, халамжлах хүн байхгүй байгаатай холбон тайлбарлажээ.  Дэргэдээ асарч, халамжлах хүнгүй ганц бие өндөр настнуудын тоо Японд 1985-2015 оны хооронд 600 дахин өссөн юм. Дэлгүүрээс жижиг хулгай хийж баригдсан тэдгээр хөгшчүүдийн тал хувь нь ганц бие, 40 хувь нь асран халамжлах үр хүүхэд, гэр бүлгүй, ярьж, хөөрөх хүнгүй хүмүүс гэдгийг өнгөрсөн жил Японы Засгийн газраас явуулсан судалгаа харуулсан юм.  Өндөр настнууд  шоронд орохыг ярьж хөөрөх хүнгүй ганцаардсанаас хавьгүй дээр гэж үздэг байна.

Японы Ивакуни эмэгтэйчүүдийн хорих төвийн дарга Юми Муранака хэлэхдээ  “Тэдэнд гэр орон, үр хүүхэд бий нь бий. Гэвч энэ бүхэн байлаа гээд тэд ганцаардахгүй гэсэн үг биш” гэжээ.

Японд нэг хоригдлыг шоронд хориход жилд 20,000 ам.доллар зарцуулдаг аж. Гэвч өндөр настай хоригдлуудад нэмэлт асаргаа, эмчилгээ үйлчилгээ шаардлагатай болдог. Японд сүүлийн жилүүдэд бий болсон нийгмийн энэ үзэгдлийн дүнд шоронгийн хянагч, харгалзагч нар өндөр настнуудын асрагч болж хувираад байгаа ажээ.

Шоронд хоригдож буй настай эмэгтэй хоригдлууд шоронд наранд байхаас илүү нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг гэж ярьсан байна.

Блүүмберг агентлагт ярилцлага өгсөн настай хоригдол “Шоронд надад сайхан байдаг. Ярьж, хөөрөх хүмүүс олон. Би ер ганцаарддаггүй. Би шоронгоос хоёр дахь удаагаа суллагдахдаа дахиж наранд гарахгүй гэж шийдсэн” гэжээ.

Японы Засгийн газар нийгмийн энэ гаж үзэгдэлтэй тэмцэхээр нийгмийн халамжийн системийг сайжруулж, өндөр настнуудад чиглэсэн олон  арга хэмжээ авч байгаа хэдий ч өндөр настнуудтай холбоотой  гэмт хэрэг, зөрчлийн тоо буурах шинжгүй байгаа гэнэ.

Нэгэн хоригдол “Шоронд суух амар бишээ. Гэвч наранд үүнээс ч долоон дор” гэжээ.

Эх сурвалж: Business Insider

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж