Зээлийн хүүг бууруулах стратегийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулах стратегийг танилцууллаа

Зээлийн хүүг бууруулах стратегийг танилцууллаа

Монголбанкнаас өнөөдөр /2018.03.20/ Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг танилцууллаа.

Төв банкны Судалгаа, статистикийн газрын захирал Г.Ган-Очир “Зээлийн хүүг бууруулахын тулд макро эдийн засгийн орчин бүрдүүлэх, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, банкуудын эрсдэл даах чадвар, үр ашиг болон засаглалыг сайжруулахад чиглэсэн, үр дүнтэй арга хэмжээг авах замаар зээлийн хүү бууруулахыг зорьж байгаа ч хадгаламжийн хүү өндөр байдаг нь зээлийн хүү өндөр байх суурь юм” гэдгийг онцлов. Зээлийн хүү өндөр байгаад нөлөөлж буй суурь хүчин зүйлст эдийн засгийн гадаад цочролд хэт өртөмтгий байдал, нийлүүлэлтийн гаралтай инфляцын тогтворгүй байдал, макро эдийн засгийн  бодлого нь сахилга батгүй, үнийн мөчлөг дагаж хэрэгжсэн, санхүүгийн тогтвортой байдал хэврэг чанар зэргийг дурдаж байв.

Энэ талаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Монголбанкны зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хийсэн судалгаа, ажлын тайлангаа өнөөдөр танилцууллаа. Макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх, мөнгөний бодлогын хүүний банкуудын хадгаламж, зээлийн хүүнд шилжих нөлөөг сайжруулах, банкуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг, засаглалыг сайжруулах гэсэн гурван үндсэн бүлэг асуудлыг судалсан. Ойрын, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх 11 зорилтыг тавин ажиллаж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт хүүг бууруулах тодорхой тоо тусгаагүй. Учир нь инфляц, ханшийн хэлбэлзэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.  Инфляц найман хувь орчимд тогтворжоод, валютын нөөцийн хуримтлалаар инфляцыг тогтвортой хадгалбал эхний ээлжинд эх үүсвэрийнхээ хүүг бодлогын хүүний түвшин рүү бууруулна. Бодлогын хүү ойролцоогоор дөрвөөс таван нэгж хувиар буурвал зээлийн хүү дагаад, тэр нэгжээр буурах боломжтой юм” хэмээн ярилаа.  

Одоогийн байдлаар оны эхнээс зээл олголт идэвхжсэн. Зээлийн дийлэнх  хувийг өрхийн буюу хэрэглээний зээл эзэлж байгаа ажээ. Зээлийн хүү дунджаар 19.1 хувьтай байгаа ч богино хугацаатай, эрсдэл өндөртэй салбарт олгосон зээлийн хүү өндөр байна. Төр, болон хувийн хэвшлийн оролцогч талуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо дээрх стратегийг амжилттай хэрэгжүүлэх, зээлийн хүүг бууруулахад чухал нөлөөтэй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж