Яруу найрагч Ц.Цолмон хоёр зуу гаруй хуудастай энэ номдоо сүүлийн жилүүдэд бичсэн олон бүтээлүүдээсээ сонгон оруулжээ. Үүний дотроос “Алтанхан тал мину”, “Туурайн хээтэй салхи”, “Тамчийн цагаан шөнө” зэрэг утга гүнзгий, санаа өргөн найргийн бүтээлийг нь жишээ болгон дурдаж байлаа. Монгол Улсын Гавьяат багш, профессор Д.Галбаатар уг номд оршил бичсэний дээр Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхавагсүрэнгийн Өвөрмонголын яруу найрагч Ё.Эрдэнэтогтох, Ц.Цолмон нарт зориулан бичсэн “Хүн төрөхүй буюу Тамчийн тал” гэсэн шүлгийг мөн эхний хуудсанд оруулжээ.
Өвөрмонголын "Солонго" шагналт яруу найрагч Ц.Цолмон нь ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Сөнөд нутгийн уугуул бөгөөд 1985 онд Өвөрмонголын Багшийн их сургуулийг дүүргэж, Хэл бичгийн ухааны доктор, профессор цол хүртсэн байна. Өдгөө Өвөрмонголын Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуульд багшилж байгаа юм. 1996 онд “Их Тамчийн тэнгэр”, 2006 онд “Аниргүйн дунд” шүлгийн түүврээ гаргажээ. Тэрбээр 2006 онд Дэлхийн Монгол туургатны яруу найргийн наадмын гуравдугаар байр, 2006 онд “Гилгүүн уянга” яруу найргийн наадмын алтан одонгийн эзэн болж байсан юм.
Та “Интер” номын дэлгүүрт зочлон түүний “Цэцгийн салхи” бүтээлтэй танилцаж болох нь ээ.