Төрийн ордонд номын гэгээ татуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд номын гэгээ татуулав

Төрийн ордны Их танхимын зэргэлдээх хоёрдугаар давхарт өнөөдөр номын үзэсгэлэн худалдаа нээгдэж, унших судлахын хорхойтнуудын шавайг хангалаа. Дэлхийн номын өдрийг тохиолдуулж, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламенттай болсны 20 жилийн ойг угтсан энэ арга хэмжээг УИХ-ын Тамгын газар, ЮНЕСКО-гийн үндэсний хороо, Интерном номын дэлгүүрээс зохион байгуулсан юм. ЮНЕСКО-гоос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг дэлхийн номын өдөр болгохоор 1995 онд зарласан байна.
Өдөр тутмын хурал чуулган, семинар, зөвлөгөөний хүнд уур амьсгал, жагсаал цуглааны хөлд дарагдан нэгэн хэвийн албаны дүнсгэр байдалд “нозоордог” Төрийн ордонд номын гэгээ татуулсан үзэсгэлэн гаргасан нь талархууштай байлаа. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Золбаяр, Интерномын төлөөлөл үзэсгэлэнг нээн үг хэлцгээсэн юм. Тэд Төрийн ордонд, тэнд ажиллагчдад номын гэгээ гэрэл, эрчим хүч шингэхийн ерөөл бэлгэ дэвшүүлцгээлээ.
Завсар зайгүй хуралддаг УИХ-ын гишүүд номын дэлгүүр Төрийн ордонд “нүүж” ирсэнд тун олзуурхаж байсан юм. “Завгүй бидэнд ном ойртож ирсэнд баярлалаа” хэмээн Д.Дондог гишүүн хэлж байв. Хамгийн олон номыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, эрхэм гишүүн Д.Дондог, Д.Балдан-Очир, Н.Ганбямба нар авав. Гишүүд чухам л хужирсана гэгчээр номуудын лангуу хэсэн сонирхож байлаа.
Тун удахгүй хэвлэлтээс гарах гэж буй Хятад-Монгол, Монгол-Хятад, Япон-Монгол, Монгол-Япон, Монгол-Солонгос, Солонгос-Монгол толь бичгүүдийн дээж, Хиймэл дагуулын өгөгдөхүүн, мэдээлэл дээр суурилсан Монголын шинэхэн газрын зураг, Адам Харт-Дэвисийн Дэлхийн түүх, Жак Уэтерфордын Монголын их хатдын нууц товчооноос гадна дэлхийн сонгодог уран зохиолуудыг шинээр өнгө үзэмжтэйгээр хэвлэн гаргасан нь олон хүний хорхойг хөдөлгөлөө.
Н.В.Гоголийн “Амьгүй албат”, Оноре де Бальзакийн “Эцэг Горио”, Л.Толстойн “Анна Каренина”, М.Шолоховын “Дөлгөөн Дон”, Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”, Теодор Драйзерийн “Керри эгч” гээд олон сонгодог бүтээлүүд хамгийн олон худалдан авагчтай байсан юм. Үзэсгэлэнгийн үеэр ном бүрийг 10 хувиар хямдруулан худалдаалж байлаа. Нэгэн үе номд шимтдэг байсан монголчуудын хувьд дахин сэргэлтийн үе тохиож буйг ном сонирхогчид хэлж байв.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж