ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггед бараалхаж, Олон улсын олимпийн хөдөлгөөн, Монголын олимпизмийн талаар санал сэтгэгдлээ солилцжээ. Олимпийн өвөө өөрийн оронд Монгол Улсын Засгийн газартайгаа нягт хамтран ажиллаж, Биеийн тамир спортын тухай хуульд зарим шаардлагатай зүйлийг тусгасан, орон даяар 800 гаруй олимп судлалын төв байгуулан хүүхэд багачуудад олимпизмийг сурталчилж байгааг танилцуулахад Ж.Рогге сайшаагаад хөгжиж байгаа оронд ингэж ажиллаж буй МҮОХ-ны ажлын амжилтыг өндрөөр үнэлсэн байна.
Жак Роггег Монгол оронд айлчилж, МҮОХ-нд зочлохыг Олимпийн өвөө урилаа. Олон улсад олимпийн хөдөлгөөнийг залж чиглүүлж яваа эрхэм Рогге уг урилгыг талархан хүлээн аваад бүх 205 орны ҮОХ-д өөрийг нь урьдаг тул дараалалд оруулдаг, 2010 онд ажил ихтэй учраас амжихгүй болсноо өгүүлэв. Харин 2011 онд заавал айлчлахаар амлалаа.
Б.Цагаанбаатар /Ванкувер хот/