АН: С.Баярын Засгийн газрыг шалгахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

АН: С.Баярын Засгийн газрыг шалгахыг шаардлаа

АН: С.Баярын Засгийн газрыг шалгахыг шаардлаа

Ардчилсан намаас өнөөдөр /2018.03.20/ намын гишүүн С.Баярцогтыг намаасаа хөөх болон оффшорчдын асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын Үндэсний дүрмийн хороо болон Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, намын гишүүн С.Баярцогтод хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцээд намаас хөөх шийдвэр гаргажээ. Ардчилсан намын үндсэн дүрмийн 5-р бүлгийн 17.1, 2, 21-ийн 19-дэх заалт болон Улс төрийн зөвлөлийн өнөөдрийн тогтоолуудыг үндэслэн С.Баярцогтыг Ардчилсан намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасах Ардчилсан намын даргын тушаал гаргасан байна.

Мөн тус намаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд, Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж Ардчилсан нам үзэж байна. С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа.

Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар Ардчилсан намаас Швейцарын холбооны улсын прокурорын газарт албан ёсоор тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсч, болзошгүй юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монголын улс төрчидтэй холбоотой оффшор данс, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан нам хариуцлагатайгаар шаардаж байна” гэжээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Энэ асуудлаар С.Баярцогт гишүүнтэй уулзаж, тайлбар авсан уу?

-Ардчилсан нам өөрөө үндсэн дүрэмтэй. Энэ дүрмийн хороо өмнө нь хуралдаж, С.Баярцогтыг намын Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшихийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байсан. Үүнээс хойш бүтэн жил гаруй хугацаа өнгөрч байхад С.Баярцогт өөрийн биеэр ирж тайлбар хийх боломж байсан. Энэ хугацаанд өөрөө ирж ямар нэг тайлбар өгөөгүй.

-Ардчилсан намын зүгээс Швейцарын холбооны улсын прокурорын байгууллагад хандсан гэсэн. Ямар мэдээлэл өгсөн юм бэ?

-Дэлхийн нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Баярцогттой холбоотой мэдээлэл өчигдрөөс гарч эхэлсэн. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Швейцарын прокурорын байгууллагаас мэдэгдэл гаргасан гэсэн зүйл тусгагдсан. Тиймээс Ардчилсан намаас албан ёсоор тухайн байгууллагад энэ мэдээлэл үнэн зөв эсэхэд тодруулга, тайлбар өгөх бичиг явуулж байгаа.

-Швейцарын прокурорын байгууллагаас үнэн эсэх талаар албан ёсны тайлбар ирээгүй байхад намаас хөөх нь эртэдсэн шийдвэр биш үү?

-Ардчилсан нам дүрмийн хүрээнд өөрийн гишүүддээ хариуцлага тооцдог. Үүн дотор сахилга, ёс зүйн хариуцлага тооцох дүрмийн заалтууд бий. Энэ дүрмийн хүрээнд асуудлыг авч хэлэлцэж, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан.

-Европын холбооны улсын прокурорын байгууллагаас манай улсын шүүх, прокурорын байгууллагатай хамтарч ажиллах, буруутай гэсэн шийдвэрийг гаргах ёстой юм биш үү. Хэвлэлд гарсан мэдээллээс болоод ийм шийдвэр гаргах нь зөв үү?

-Ер нь бол намын гаргасан удирдлагын шийдвэр нь намын дотоод шийдвэр. Улс хоорондын хууль хяналтын байгууллагын хоорондын уялдаа холбоо байх. Тэр талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж