Ирэх сард лицензийн сонгон шалгаруулалт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Ирэх сард лицензийн сонгон шалгаруулалт эхэлнэ

Ирэх сард лицензийн сонгон шалгаруулалт эхэлнэ

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг “Монголын  геологи, хайгуул” чуулга уулзалт арав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр /2018.03.20/ Ашигт малтмал, газрын тосны газраас /АМГТГ/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр АМГТГ-ын  Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгээс доорх зүйлсийг тодрууллаа.


ДөрӨвДҮГЭЭР сарын эхээр ашигт малтмалын лицензийн сонгон шалгаруулалт эхэлнэ 

-Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол, маргаан шүүхийн байгууллага дээр их ирдэг. Ямархуу маргаан давамгай байна вэ?

-Нэхэмжлэлийг агуулгаар нь авч үзвэл дийлэнх нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой гомдол маргаан бий. Үлдсэн нь хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийн төлбөр төлөхтэй холбоотой маргаан байна. Мөн тусгай зөвшөөрлийг сунгах, өргөдлөө хугацаандаа гаргаагүй гэсэн асуудлууд зонхилох нэхэмжлэлийн дийлэнх хувийг эзэлдэг. Шүүхийн байгууллага дээр шийдвэрлэгдэж буй хэрэг маргаан 60:40 гэсэн харьцаатай байдаг байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн талд 60  хувь, АМГТГ-ын талд 40 хувьтай байдаг байсан бол өнгөрсөн оны байдлаар 50:50 буюу  ижил тэнцүү байдлаар шүүх дээр шийдвэрлэгдэж байгаа.

-Ашигт малтмалын лиценз олголтыг тодорхой хугацаагаар зогсоосон байгаа. Хэзээнээс хэвийн үргэлжлэх вэ?

-Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт орсон. Хуульд өөрчлөлт орохоос өмнө ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг  өргөдлийн журмаар, нөгөө нь сонгон шалгаруулалтын журмаар буюу тендерийн журмаар олгодог байсан. 2017 оны арваннэгдүгээр сарын өөрчлөлтөөр өргөдлийн журмаар олгох асуудал хуулиар байхгүй болсон учраас зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох хуулийн зохицуулалттай байгаа. Удахгүй аймаг орон нутгаас сонгон шалгаруулалтын талбайн санал аваад, удахгүй сонгон шалгаруулалтын ажил эхэлнэ.

-Сонгон шалгаруулалт хэрхэн явагддаг юм бэ?

-Ашиг малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хилийн заагийг Засгийн газар баталдаг. Засгийн газар сонгон шалгаруулалтын журмаар олгох талбайг баталдаг. Хуулийн дагуу Засгийн газар хил хязгаараа баталсны дараа орон нутгаас, өөрөөр хэлбэл, аймаг нийслэлийн иргэдийн хурлаас санал авдаг. Энэхүү ажил явагдаад дууссан. Одоо бид аймгаас ирсэн саналыг нэгтгээд сонгон шалгаруулалтын талбайг олгох ажлаа зохион байгуулах гэж байна.

-Хэзээ эхлэх вэ?

Дөрөвдүгээр сарын эхээр сонгон шалгаруулалт зарлана.

-Талбайг Засгийн газраас тогтоол гаргаж баталсан гэж байна. Нийтдээ хичнээн га талбай байгаа вэ?

-Одоо байгаа газар нь нийт 8,5 сая га талбай байгаа.

-Энэ жил улсын төсөвт хичнээн төгрөг төвлөрүүлэх бол?

-Улсаас тусгай зөвшөөрлийн төлбөр болон үйлчилгээний хураамж төлбөр гэж байдаг. Өнгөрсөн жил 41 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт оруулсан. Энэ жил хайгуулын болон ашиглалтын лиценз цуцлагддаг, буцааж өгдөг асуудлуудаас болоод мөн нэмж зөвшөөрөл олгохгүй байгаа учир өнгөрсөн жилийн улсын төсөвт оруулсан төгрөгөөс нэмэгдэхгүй байх. Гэхдээ сонгон шалгаруулалт хэр идэвхтэй явагдах, хэдэн удаа явагдах уу гэдгээс шалтгаалж тусгай зөвшөөрөл нэмж олгогдвол тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамж нэмэгдээд улсын төсөвт төвлөрөх мөнгө  ч нэмэгдэнэ.

-Өргөдлөөр олгохгүй сонгон шалгаруулалтаар явуулахаар сул тал нь юу байна?

-Сонгон шалгаруулалтаар явуулах нь мөнгөтэй хэдхэн компани л авчихна. Өргөдлөөр өгөх асуудлыг эргэж сэргээж ярих ёстой юм шиг байгаа юм. Тэгэхгүй бол уул уурхайн салбар уналтад орж ч магадгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж