хэрэлддэггүй” гэж эртний Хятадын зүйр үг байдаг юм. Халх монголын хувьд
өөр. Харин ч нэг үзэлцэж байгаад, хоолыг нь амсана, иднэ, эцэст нь
тогоог нь хусаад ичих ч үгүй инээгээд зогсож байдаг хээгүй хүмүүс. Хар л
даа, Оюутолгой төслийг арваад жилийн өмнө ярьж эхлэхэд л “Хохь нь
шүү, холхон байгаарай” гэж угтсан. Цаадуул нь ашгийг нь ойлгуулах гэж
наалдаж гүйсээр, гэрээг батлуулах хүртэлх есөн жилийн хугацаанд нэг
тэрбум ам.доллар зарцуулсан байдаг юм. Түүнчлэн хөрөнгө оруулалтын
гэрээний дагуу татварын орлогын урьдчилгаа төлбөр болох 250 сая
ам.доллараа өнгөрсөн зургадугаар сарын 8-ны өдөр төлж дуусгасан. Энэ
оны эцэс гэхэд “Рио Тинто” болон “Айвенхоу Майнз” компани Оюутолгой
төсөлд нийт 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байхаар
төлөвлөжээ.
Ирээдүйд “Оюутолгой” ХХК-ийн төлөх ашигт
малтмалын нөөц ашигласны төлбөр болон татвараас дээрх урьдчилгаа
төлбөрийг суутгах бөгөөд гэрээний дагуу сүүлчийн хоёр шилжүүлэг буюу
150 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт жилийн 1,59 хувийн хүү тооцохоор
болсон. Оюу Толгой нь хамгийн чанартай алт, зэсийн олборлолт,
үйлдвэрлэл явуулдаг дэлхийд тэргүүлэх том уул уурхайн нэг болох
бөгөөд барилга угсралтын үйл ажиллагаандаа таван тэрбум ам.долларын
хөрөнгө оруулалтыг хийж байгаа билээ. Монголын Засгийн газар нь Оюу
Толгой төслийн нийт хувьцааны 34 хувийг эзэмшиж байгаагаас гадна ашгийн
хувь, төрөл бүрийн татварууд болон нөөц ашигласны төлбөрийг мөн хүртэх
юм.
Одоогийн байдлаар Рио Тинто болон Айвенхоу Майнз компани нь
төслийн бараа материал, үйл ажиллагаандаа өдөр тутам дунджаар долоон
сая ам.долларыг зарцуулж байгаагаас дийлэнхийг нь Монголд явуулж
байгаа үйл ажиллагаа эзэлдэг юм билээ Түүнчлэн 2000-2010 оны хооронд
Оюу Толгой ХХК нийтдээ 83 сая ам.долларын татвар, хураамжийг Монгол
Засгийн газарт төлөөд байгаа гэсэн тооцоо бий. Ингээд бодохоор бид
Оюутолгойн тогооноос хоол идээгүй гэхийн аргагүй юм биш үү.
Гэтэл
улстөрчид нь ухаантай болж харагдах гэсэн тооцоо судалгаагүй дуулиант
яриагаар олон нийтийн сэтгэлзүйд сөрөгөөр нөлөөлж, тэр ч байтугай зарим
сайд нь ухвар мөчил ойлгосноороо мэдээлэл цацаж буй зэрэг нь бидний
хамтын ажиллагааны “халуун” харилцаанд жавар хургахад хүргэж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт
“Өнөөдөр” сонины энэ сарын 9-ний дугаарт өгсөн ярилцлагадаа эхлээд
Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг олборлох тухай ярьж
байснаа гэнэт огцом эргэж, “Чайналко” Оюутолгойд хувь эзэмших
хүсэлтгээ гаргасан нь үнэн шүү дээ хэмээн ярьсан байх юм. Тэгэхээр нь
“Энэ юу болоод байна аа” гээд “Оюутолгой” ХК-ийн удирдлагуудаас
лавлахаар тийм яриа хөөрөө огт байхгүй гэх.
Ёстой л “Амьдрах
дургүй хэн байх вэ” гэгчээр Оюутолгойд хувь эзэмшихийг хүсээгүй хэн
байна? Дэлхийн анхаарлыг татаж байгаа энэ уурхайг хэрхэн сонирхож,
шүлсээ үсчүүлж, янз бүрийн аргаар геополитикийн дарамт үзүүлж буйг бид
харж байна. Д.Зоригт сайдын тайлбарласнаар бол Монгол, БНХАУ-ын Засгийн
газрын хоорондын комиссын хуралдааны протоколд “БНХАУ-ын талаас
Оюутолгой төсөлд оролцох саналыг судална” гэсэн өгүүлбэр бий гэнэ.
Тэгээд энэ протоколын дагуу судлаад л байгаа аж. Судлаад, судлаад яах
билээ. Хамтрагчид, хөрөнгө оруулагчид нэгэнт тодорхой болж, үйл
ажиллагаагаа эхэлчихсэн. Одоо хэнбугай ч “БНХАУ-ын талын саналыг
судалсны дагуу Оюутолгойн хувийг эзэмшүүлье” гэсэн шийдвэр гаргаж,
өөрчлөлт оруулах аргагүй. Ёстой л энэ Засгийн газрынхны хэлэх дуртай
“Галт тэрэг хөдөлчихсөн” гэдэг нь энэ шүү дээ. Салбарын сайд “Чайналко
Оюутолгойд хувь эзэмших хүсэлтгээ гаргасан нь үнэн” гэсэн сүржин
гарчигтай ярилцлага нийтлэгдсэнээс хойш дахиад л “Чайналко Оюутолгойд
санаархаж, дарамт үзүүлж эхэлсэн юм байна” гэсэн агуулгатай мэдээллүүд
ар араасаа хөвөрч, олон нийт ч эргэлзэх болсон.
Хамгийн хуучин
загвар эргээд ирэхдээ шинэ мэт санагддагийн адил хуучин мэдээ ч хэсэг
хугацааны дараа “цочир сонин” санагдах нь бий. Түүнээс биш “Чайналко”
Оюутолгойн ордод хувь эзэмшихийг хүсч байгаа нь шинэ мэдээ огтхон ч
биш. Тухайлбал өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд болсон хувьцаа
эзэмшигчдийн хурлаар “Рио Тинто” Оюутолгойд эзэмших тухай ярьж, бүр одоо
эзэмшиж буй 26.6 хувиа 46 болгон нэмэгдүүлж, хэрхэн энэ зорилтод хүрэх
төлөвлөгөөгөө дэлгэн ярьсан байдаг. Мэдээж ингэснээр бусад жижиг хувьцаа
эзэмшигчдийн эрх зөрчигдөх магадлалтайг ч хэлэлцсэн. Тэр үед ч
монголчууд “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компаниуд хятадуудыг оруулж
ирэх гэж байна гэцгээж л байсан.
“Айвенхоу Майнз”-ын хамгийн том
хувьцаа эзэмшигч нь “Рио Тинто”. “Рио Тинто”-ийн хамгийн том хувьцаа
эзэмшигч нь “Чайналко”. Хөрөнгө оруулалтын гэрээгээр гурав дахь
этгээдэд хяналт тавих асуудлын талаар тодорхой заалтад тусгасан
байдаг. Үүнд зааснаар бол гуравдагч тал орж ирвэл “Рио Тинто”
Оюутолгойд хөрөнгө оруулахаа болих ёстой. Гэхдээ одоо бол хөрөнгө
оруулалтын багцыг хүчингүй болгох асуудал яригдаагүй байгаа юм билээ.
Тэгэхээр “Рио Тинто”, “Чайналко”-д найр тавивал Оюутолгойд хөрөнгө
оруулах боломжгүй болно. Ийм алхмыг хийхгүй нь ойлгомжтой. Оюутолгой
бол наймааны хөгшин морь биш. Монголын хөгжлийн үндэс болсон дэлхийн
хэмжээний уурхай. Иймд нэгэнт Монголын Засгийн газартай гэрээ
байгуулсан хөрөнгө оруулагчдадаа итгээд “ажлаа хийлгэх” үү. Эндүү,
ташаа мэдээлэлд итгэн тэднийг хөөж явуулчихаад, хоосон хоцрох уу
гэдгийн хариуг өөрсдөөсөө эрэх хэрэгтэй юм.
Дашрамд дурьдахад
үүний өмнө “Айвенхоу Майнз” компаниас Оюутолгойд оруулж байгаа зээлийг
давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаатай хольж хутган хэсэг гишүүд
шоудсаар “бослого гаргах” шахсан. Давуу эрхийн хувьцаа нь энгийн
хувьцаанаас ийм ялгаатай. Монголчуудын эзэмших 34 хувь ямар ч
тохиолдолд өөрчлөгдөхгүй. Харин ч хүссэн үедээ 50 хувьд хүргэх
боломжтой гэж хэчнээн хэлээд ч итгэсэнгүй. Итгэхийг ч хүсэхгүй байв.
“Давуу эрхийн хувьцаа эзэмшсэнээр монголчуудын эзэмших хувь хэмжээ 34
биш долоо болчихлоо” хэмээн иргэдийн тархийг угаасан тэдний зүй бус
үйлдлийг “гэмт хэрэг” ч гэж үзэж болохоор байв. Эцэст нь хөрөнгө
оруулагчдын зүгээс аргаа барахдаа эдийн засгийн хэлээр хэнд ч ойлгомжтой
“давуу эрхийн хувьцаа” гэдэг үгийг гэрээнээс авч хаяж байж асуудал
цэгцэрсэн. Дэлхийн хэмжээний ордын эзэд гэрээндээ орж буй үгсийн утга,
агуулгыг мэдэхгүй, зөвхөн монголчуудад ойлгогдохоор өвөрмөц гэрээ,
тусгай толь бичиг гаргахад хүргэж буй нь манайхны оюуны цар хүрээ
Оюутолгойг дангаараа эзэмшихэд өдий байна даа гэдгийг л харуулсан.
"Улс төрийн тойм" сонин