Улаан асрын зүүд (85-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (85-р бүлэг)

Улаан асрын зүүд (85-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Наян тавдугаар бүлэг

ЖЯ ЦҮНЬ, ЖӨҮ ЯЛГАГЧ ТҮШМЭЛД БАТЛАГДАН ДЭВШИЖ, ШЮЭ ВЭНЬ ЧИ ЦӨЛЛӨГИЙН ЯЛД ДАХИН УНАВ

Өгүүлэх нь: бага эхнэр, Жя Хуанийгаа зэмлэж байтал цаадах нь үүдний өрөөнд: “Би эмийн нь савыг хазайлгаж, жаахан эм асгасан төдий л юм. Тэр муу охин үхээгүй л байна лээ. Тэгэхэд тэр намайг харааж зүхсэн. Чи одоо бас харааж байна. Намайг хар санаатай гэж гүжирдэж нэг мөсөн үгүйсгэж байна. Хожим би, тэр охины амийг авсан цагт та нарын яахыг үзмээр байна. Тэр хэрээн мэдэж баахан сэрэмжтэй байсан дээр дээ… гэсэнд эх нь үсрэн хүрч очоод амыг нь дарж: “Чи амандаа багтахгүй үг хэлээд яаж байгаа юм бэ. Харин тэд урьдаад чиний амийг авчихвал яах юм бэ” гэж хашгираад тэр хоёр маргалдав. Бага эхнэр, Фөн Жегийн хэлснийг бодох тусам уур нь хүрч байвч түүнийг аргадах санаа төрсөнгүй.

Хэдэн өдрийн дараа Фөн Жегийн охины бие сайжрав. Ийнхүү хоёр талын өшөө хорсол урьд, урьдаас улам их болов.

Нэг өдөр Линь Жышяо орж ирээд: “Өнөөдөр бол Умард Жинь Жюн вангийн насны баяр тул Лао е заавар сургаал хайрлах болов уу” гэсэнд Жя Жөн: “Урьдын хуучин зуршлаар бэлтгэж, Да Лао ед мэдүүлээд хүргэж очтугай” гэв. Цаадах нь хэлсэн ёсоор бэлтгэхээр явав. Төдөлгүй Жя Шө орж ирээд дүүтэйгээ зөвлөөд Жя Жэнь, Жя Лянь, Бао Юй гурвыг дагуулж умарт Жинь Жюн вангийн насны баярт очихоор явав. Харин Бао Юй, Умарт Жинь Жюн вангийн төв ихэмсгийг бахархаж, үргэлж уулзаж чадахгүйдээ гонсгор байсан тул тийш очих болсныг мэдмэгц яаран хувцаслаад ордон тийш явав. Тэд, нэр зэргийн хуудсаа дэвшүүлээд шийд хүлээж байтал төдөлгүй гартаа эрхи барьсан нэг тайган гарч ирээд инээмсэглэн: “Хоёр Лао е сайн байна уу” гэж мэндлэв. Жя Шө, Жя Жөн хоёр ухасхийн очиж мэндэлсэнд цаадуул нь мөн амар эрэв. Мөнөөх тайган: “Ван таныг дотогш залж байна” гэв. Эцэг, хөвгүүн тавуул тайганыг дагаж ордонд ороод, цааш явж нэг харшийг тойрон гартал дотоод ордны үүд харагдав. Бүгд үүдэнд хүрээд зогсож байтал тайган: “Эхлээд Вантанд мэдүүлье” гэсэнд үүдний том жижиг тайганууд тосон ирж мэндлэв. Төдөлгүй мөнөөх тайган буцаж ирээд: “Цөм морилцгоо” гэтэл ах дүүс түүнийг даган дотогш оров. Ёслолын хувцас өмссөн Умарт Жинь Жюн харшийн үүдний саравчин доор ирж тэднийг угтан авав. Жя Шө, Жя Жөн хоёр урагш дөхөн мэндэлсний дараа цаадуул нь очиж золгов. Умарт Жинь Жюн ганцхан Бао Юйгийн гарыг атгаж: “Чамтай их удаан уулзсангүй. Ихэд мөрөөдөж байлаа” гэснээ инээмсэглээд: “чиний өнөөх хаш сайхнаараа байгаа биз” гэж асуув. Бао Юй мэхийн ёслоод: “Ван таны өршөөлөөр сайхан байгаа” гэсэнд умарт ван: “Өнөөдөр чамд идүүлэх сайхан юм тийм их бишээ. Харин бүгдээрээ баахан ярьж сууцгаая”… гэтэл хэдэн өвгөн орхиулыг сөхөв. Умарт ван: “Морилж бууцгаа” гээд түрүүлээд явсанд Жя Шө нар даган оров. Эхлээд Жя Шө умарт ванд бэлэг сэлтээ барив. Умарт ван наргианы үг хэлсэнд Жя Шө сөгдөж, цаадуул нь дэс дараагаар ёслон мөргөв. Тэгээд Жя Шө нар дув дуугүй ухран гарсанд, умарт ван тайган нарт “Эднийг садан төрлийн хамт залж сайн зочлогтун” гэж захиад, Бао Юйтэй жаахан яръя гээд суудал заав. Бао Юй хариу талархаад үүдний хажуугийн хатгамалт сандалд өнцөгдөн суув. Тэр хоёр ном бичиг үзэж зохиол бичсэн тухай ярилцав. Умарт ван, цай бариулаад түүнийг таалан хайрлаж:

-Цаад өдөр, цагдан зохиогч сайд Ү Дарэнь эзэн хаанд бараалхаад таны аавыг Жөүгийн сургагч түшмэл байхдаа хэрэг шийдэхэд голч шударга байсанд сэхээтэн залуус цөм биширдэг байсан гэж ярьж байна лээ. Түмэн наст эзэн ч асуусан бөгөөд тэрбээр арван хувиар батлан өргөсөөн. Бодвол таны аавын буян хишиг дэлгэрэх цаг болжээ гэсэнд, Бао Юй яаран босож: “Энэ бол ван таны өршөөл, Ү Дарэний гүн найр” гэж хэлэв. Тэднийг ийн ярилцаж суутал бяцхан тайган ирж “Гаднах хэдэн Ү дарэнь Лао е нар өмнө харшид вантаны хайрласан хуримын хэсэгт мөргөж байна” гээд тэнд ирж мөргөсөн хийгээд үдийн мэнд дэвшүүлсэн нэрийн хуудсыг өргөн барив. Түүнийг умарт Жинь Жюн үзээд, бяцхан тайганд эргүүлж өгөөд: “Мэдлээ. Тэднийг битгий ядар гэж хэлэгтүн” гэв. Тайган бас: “Ван таны Жя Бао Юйд тусгайд нь шагнасан хоолыг бэлтгэж барив” гэсэнд умарт Жинь Жюн “Бао Юйг дагуулан нэг сайхан газар аваачиж, бас хүн гаргаж цуг байлгаж хоол идүүл” гэж хэлэв. Бао Юй явж хоол идэж ирээд хишигт талархан мөргөсөнд Умарт Жинь Жюн, сайхан юм ярьж байснаа гэнэт инээж:

-Би чиний тэр хашийг үзээд маш их сонирхсон, Тэндээс ирээд, янзыг нь хэлээд хэдийг хийлгэсэн. Өнөөдөр чамайг хүрч ирсэн дээр түүнийг өгье. Чи аваачаад наадаж бай… гээд бяцхан тайганаар түүнийг авчруулан Бао Юйд гардуулж өгөв. Бао Юй хоёр гардан тосож хишигт талархан мөргөсний дараа ухран гарах гэсэнд, Жинь Жюн хоёр тайганаар хүргүүлэв.

Тэд хариад Жя Мүд бараалхав. Тэгээд ордонд үзсэн юм уулзсан хүмүүсийнхээ тухай сонирхуулж ярив. Бао Юй тэдэнд, Ү Дарэнь гэдэг хүн, хаанд бараалхахдаа аавын нь тухай батлан ярьсныг дуулгасанд Жя Жэн:

-Тэр Ү Дарэнь гэдэг түшмэл бол бидний үеийн, угаас найрсаг харилцаатай яваа хүн. Бас ч зоригтой, чанга хүн… гэв. Энэ тэрийг ярьж сууцгаав. Тэгтэл Жя Мү хүүгээ “Явж амар” гэсэнд Бао Юй тэд үүдэнд хүргэж өгсөнд Жя Жөн: “Одоо та нар буц. Лао тайтайдаа хань бол” гээд явав. Хариад байж байтал бяцхан шивэгчин ирж “Гадаа Линь Жышяо, Лао ег залж хэрэг мэдүүлье гэнээ” гэсээр нэг улаан цаасанд бичсэн нэр өгөв. Түүнд Ү овогт цагдан зохиогч сайдын нэрийг бичсэн байна. Жя Жэн, золгохоор ирснийг нь мэдээд оруулагтун” гээд угтан гарав. Линь Жышяо орж ирээд: “Өнөөдөр цагдан зохиогч сайд Ү Дарэнь золгохоор ирсэнд боол би мэдүүлэн явуулав. Боол би бас сонсвол, одоо үйлдэх яаманд нэг ялгагч түшмэлийн ор гарсанд гадуурх хүмүүс болон яамныхан цөм Лао ег жинхлэн дэвшүүлэв хэмээн хэлэлцэнэ” гэв. Жя Жөн: “Үзэж байвал барав” гэв. Цаадах нь хэдэн үг хэлээд гарав.

Бао Юй, умарт Жинь Жюн өөрийг нь таалсныг тоочиж, өгсөн хашийг нь гарган үзүүлэв. Хүмүүс сонирхон үзээд хөхрөлдсөнд Жя Мү: “Гээлгүй сайхан хадгалж бай” гэснээ: “чи өөрийнхөө хашийг сайхан зүүж бай, битгий солиороорой” гэж Бао Юйд захив. Цаадах нь хашаа хүзүүнээсээ аваад: “Миний хаш энэ бишүү, яалаа гэж хаях юм бэ. Энэ хоёр чинь хол зөрөөтэй юм яалаа гэж солигдох вэ. Би Лао тайтайд хэлье гэж бодож байсан юм. Уржигдар би, шөнө унтахдаа хашаа аваад бүрхүүл дотор өлгөсөнд түүнээс гэрэл гарч бүрхүүлийг цөмд нь улайлгажээ” гэв. Жя Мү:

-За битгий дэмий юм ярь. Бүрхүүлийн бүрээс улаан тул галын гэрэл тусахаар улайна шүү дээ гэсэнд Бао Юй:

-Тийм биш. Тэр үед дэн нэгэнт унтраад, гэрт хав харанхуй болсон байтал тэр бас үзэгдэж байсан гэв. Шин, Ван хоёр Фүрэнь жуумалзана. Фөн Же: “Баярын тэмдэг мэдэгджээ” гэсэнд Бао Юй: “Ямар баярын тэмдэг вэ” гэсэнд Жя Мү: “Чи түүнийг мэдэхгүй ээ. Өнөөдөржин гадуур явсан тул чи одоо харьж амар даа. Энд элдэв юм ярьж суух хэрэг байхгүй” гэв. Бао Юй жаахан байж байгаад гарав. Түүнийг явсны дараа Жя Мү:

-Та нар И тайтайг эргэж очихдоо, тэр тухай ярив уу гэж асуусанд Ван Фүрэнь:

-Очиж үзье гэж байсан чинь, Чю Жэ охин өвдөөд Фэн охин хэд хоног саатаад өнөөдөр л очлоо. Бид тэр тухай хэлсэнд Има өөрөө ч дуртай л юм байна. Харин Пань Эр эзгүй байна. Эцэг нь үгүй юм чинь, хүүтэйгээ зөвлөж байгаад тогтоё гэж байна гэв. Жя Мү:

-Энэ мөн ёстой үг болой. Тийм бөгөөс бүгдээр дахин дурдах хэрэггүй. И тайтай тэндээ зөвлөлдсөн хойно л болъё гээд ургийн хэргийг хэлэлцсэнийг үг өгүүлэн өгүүлэх нь:

Бао Юй хариад Ши Рэньд:

-Сая Лао тайтай, Фөн Же хоёрын хэлэх үгний санаа нь бүүр түүр, учир нь сайн мэдэгдсэнгүй гэсэнд цаадах нь инээгээд:

-Үүнийг би ч яаж таах вэ. Харин тэднийг ярилцаж байхад Линь авхай тэнд байв уу гэж асуув. Бао Юй:

-Линь авхай өвдсөн тул яаж тэр тэнд байхав… гэтэл хажуугийн өрөөнд Шө Юэ, Чю Вэнь ам зөрөлдөж эхэлсэнд Ши Рэнь очоод: “За юу болоод цуугилдаад эхлэв” гэв. Шө Юэ: “Бид хоёр даалуу тоглосон юм. Тэгсэн энэ хожихоороо миний мөнгийг авна. Хожигдохоороо мөнгөө өгөхгүй юм” гэсэнд Бао Юй: “Зоос ямар их хэрэг болчихов. Тэнэг амьтас дахиад битгий цуулгилдаад бай” гэсэнд хоёул дуугаа хурааж, уруулаа шөмбийлгэн сууна. Ши Рэнь: “За явж унт” гээд Бао Юйг аваад явав. Түүнийг хэвтүүлчихээд Ши Рэнь, Бао Юйгийн түрүүнд ярьсныг эргэцүүлэн бодоод, үүний ургийн хэргийг хэлэлцсэн байх гэж санасан боловч Бао Юйд хэлчихвэл, элдэв мангуу үг хэлэхээ ядахгүй гэж айгаад мэдээгүй мэт өнгөрүүлэв. Энэ явдал бол харин өөрт нь тэргүүн зэрэгт анхааран санаашрах зүйл байлаа. Шөнө бодлогошрон хэвтэж байтал, Зы Жюаньтай уулзахад л түүний байдал ямар байхаас мэдэж болно гэж бодов. Маргааш нь босмогц Бао Юйг сургуульд нь явуулаад, дараа нь угааж самначихаад Ша Шян Гуаньд очив. Тэнд Зы Жюань цэцэг янзалж байхтай таарав. Тэрбээр Ши Рэнийг харуут: “Эгч гэрт орж суугтун” гэсэнд цаадах нь: “Дүүгийн цэцэг сайхан ургаж байгаа юм байна. Авхайн бие ямар байна вэ” гэж асуув. Зы Жюань: “Саяхан босоод угааж самнаад одоо эм халаахыг хүлээж байгаа” гэв. Тэднийг дотогш ороход Дай Юй нэг ном харж байсанд Ши Рэнь: “Авхай дөнгөж босоод ном бичиг үзэхээр ядралгүй яахав. Манай Бао Эл, авхайн адил ингэж ном бичгээ үздэгсэн бол мөн зүгээрээ” гэв. Дай Юй инээж, номоо тавиад юм хэлэх гэтэл Шюэ Янь, эм, ус бариад орж ирэв. Ши Рэнь түүний яриаг туршин үзэх гэж ирсэн боловч зэрэгцэж суугаад яриа өдөөх тохиолыг олсонгүй. Бас Дай Юй сэжиг ихтэйг бодоод, түүнийг уурлуулчихвал дараа дэмий болно гэж бодоод жаахан сууснаа тэрхэндээ эвгүйрхсэн байдалтайгаар гарч явсаар И Хун Юаний үүдэнд ойртон иртэл тэнд хоёр хүн зогсож харагдана. Тэдний нэг нь хэдийн олж харчихаад Ши Рэнийг тосоод гүйгээд ирэв. Тэр нь шивэгчин охин ажээ. Ши Рэнь: “Чи юү хийж яваа юм” гэсэнд цаадах нь: “Сая Юнь Эр Еэ нэг хуудас бичиг авчраад, манай Бао Эр Еэд үзүүлнэ гээд хүлээж байна” гэв. Ши Рэнь: “Бао Юй өдөр болгон сургуульд явдгийг чи мэдэхгүй юү. Ямар захиа хүлээж байгаа юм бол доо” гэсэнд цаадах нь: “Би түүнд хэлсэн. Өөрт чинь хэл гэсэн тул хариу хүлээж байна” гэв. Ши Рэнийг юм хэлэх гэтэл нөгөөх нь гэлдэрсээр дөхөөд ирэв. Жя Юнь хулмалзсаар ойртов. Ши Рэнь, хажуугийнхаа охинд: “Чи очоод, Бао Юйг сургуулиас ирэхээр нь үзүүл гэж хэл” гэв. Жя Юнь, Ши Рэньтэй ойртож танилцах санаатай боловч шууд хүрээд ирж чадахгүй, аажим гэлдэрч байсан юмсанж. Түүнийг ойртон ирэхэд Ши Рэнь ийм үг хэлэхийг сонсоод, арга буюу тэндээ зогсов. Ши Рэнийг ойшоохгүй болохоор тэд буцав. Орой Бао Юйг гэртээ ирэхээр Ши Рэнь: “Өнөөдөр бяцхан Юнь Эр Е үүдэнд хүрч ирэв” гэсэнд Бао Юй: “Юү хийж яваа юм бэ” гэж асуув. Ши Рэнь: “Тэр нэг хуудас бичиг авчирсан” гэсэнд цаадах нь: “Алив хаана байна, үзье” гэтэл Шө Юэ явж, мөнөөх бичгийг авчирсанд дугтуйны гадар талд: “Авга их хүн, мэлмийдээ толилму” гэж бичжээ. Бао Юй: “Энэ хөвгүүн яагаад намайг эцэг гэж дуудахаа больчихов” гэсэнд Ши Рэнь: “Яана гэнээ” гэж асуув. Бао Юй:

-Тэрбээр уржнан надад цагаан хайтан цэцэг өгөхдөө намайг эцэг, их хүн гэж бичиж байсан юм. Өнөөдөр энэ хуудасны дугтуйд авга гэж бичжээ. Эцэг гэж дуудахаа больжээ… гэсэнд Ши Рэнь:

-Ичихээ мэдэхгүй л амьтандаа тэр чинь. Чи бас ичихгүй байгаа юм уу. Тэр төдий их болсон байтлаа чиний мэтийн бага хүнийг эцэг гэж дуудах нь ичихээ мэдэхгүй байгаа хэрэг бишүү. Чи бол адагтаа… гэснээ царай нь улайж жуумалзсанд Бао Юй санааг нь мэдээд,

-Ингэж хэлж болохгүй. Хуучны үгэнд “Аяа тахимлиг үргүй боловч ачлалт хөвгүүн олон” гэж байдаг. Би түүний цэцэн хөөрхнийг үзээд ингэж хэлэхгүй. Тэр дургүй бол би ч таалахгүй… гэсээр өнөөх хуудсыг задлав. Ши Рэнь, тэр бяцхан Юань Эр Е гэдэг нь баахан халирхай зантай. Заримдаа хүний янз үзэх санаатай. Санаа бодол нь саар л амьтан байхаа даа гэв. Бао Юй мөнөөх хуудсыг задалж үзэх гэж байгаад энэ зуур Ши Рэнь юү ярьсныг анзаарсангүй. Ши Рэнь, мөнөөх хуудсыг Бао Юй уншихыг ажиглаж байв. Тэрбээр, хөмсгөө зангидсанаа инээж тэгснээ толгой сэгсэрч сүүлдээ уурлах маягтай болов. Уншчихаар нь, Ши Рэнь: “Ямар учир болж вэ” гэсэнд Бао Юй дуугарсангүй. Төдөлгүй хуудсыг ураад хаячихав. Тэгэхээр нь Ши Рэнь юм асуусангүй. Жаахан байж байгаад: -Хоолны дараа номоо үзэх үү гэж асуусанд Бао Юй:

-Тэр инээдтэй хөвгүүн Юнь эр ийм золбин зантай шүү дээ гэв. Ши Рэнь асууснаас нь өөр юм хэлсэнд инээд нь хүрч жуумалзаад: – Чухамдаа юу болов гэв. Бао Юй:

-Түүгээр яах нь вэ. Зүгээр л хоолоо идье. Тэгээд унтъя. Миний дотор бухимдаж байна гэснээ бяцхан охиноор гал авчруулаад урсан цаасыг шатаав. Дараа нь охид хоол зууш авчрахад Бао Юй мэлрэн сууж байв. Ши Рэнь аргадаж, аргалж байж хоол ганц хоёр үмхүүлсэн боловч тэр аягаа тавиад орон дээрээ гарч дув дуугүй хэвтсэнээ нулимс унагав. Цөмөөр гайхацгаав. Шө Юэ “Зүв зүгээр байж байгаад яах нь энэ вэ. Тэр Юнь Эрийн л уршиг байхдаа. Ямар учиртай ийм золбин хуудас ирүүлдэг байна. Хэсэг уйлуулж, бас инээлгэж байгаад ийм солиотой мэт болгочих юм. Энэ байдлаар удвал тэсэхүйеэ бэрх болно шүү, яадаг билээ гэсээр шаналав. Ши Рэнь харин инээж:

-Дүү минь чи бас намайгаа битгий зовоо л доо. Энэ нэгийг нь яая гэж байхад чи бас юү чив. Тэр хуудсан дээр бичсэн юм, чамд хамаатай юү гэсэнд цаадах нь:

-Чи санааны зоргоор бүү чалчаарай. Тэр хуудсанд юү бичсэнийг хэн мэдэж байгаа юм бэ. Чи дураараа бусдад халдааж яана вэ. Тэгж ярихад хүрвэл, тэр хуудас чамтай холбоотой байж мэднэ гэв. Ши Рэнийг хариу хэлэх хооронд Бао Юй писхийтэл инээд алдаад босож хувцсаа сэгсрээд,

-Одоо унтацгаая. Шаагилдах хэрэггүй. Маргааш эрт сургууль руу явна гээд хэвтсэнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Өглөө эрт босоод Бао Юй угааж самнаад, өчигдөр юу ч болоогүй юм шиг сургуульдаа явав. Тэрбээр хүрээний үүдээр гарснаа гэнэт нэг юм санасан мэт зогтусаад “Алив чи хүлээж байгаарай” гэж Бэй Минг хүлээлгээд яаран эргэв. Гэртээ оруут “Шө Юэ эгч байна уу” гэсэнд цаадах нь инээсээр гарч ирээд: “За яагаад буцаад ирэв” гэж асуув. Бао Юй,

-Өнөөдөр Юнь Элийг ирвэл, түүнд “Битгий энд ирж үймүүл” гэж хэлээрэй. Хэрэв дахиж үймүүлбэл, Лао тайтай Лао е энэ тэрд хэлнэ шүү… гээрэй гэтэл цаадах нь: “За” гэв. Бао Юйг гадагш гаран завдтал, Жя Юнь яаран сандран дотогш орж байх нь харагдав. Тэрбээр Бао Юйг харуут яаран хүрч ирээд мэндэлж “Авгад их баяр болжээ” гэсэнд Бао Юй урьд өдрийн тэр хэрэг хэмээн төсөөлөөд: “Чи бас даанч цүлс аашлах юм. Хүн дотроо бодлоготой байхыг ч хайхрахгүй дураар ирж аашилна” гэв. Жя Юнь инээмсэглэсээр:

-Авга итгэхгүй байгаа бол очиж үз. Хүмүүс цөм ирээд манай хаалган дээр байна гэсэнд Бао Юй сандарч:

-Юуны тийм хэрэг байхав гэв.

Тэднийг ийн ярилцаж байтал гэнэт их үймэлдэх чимээ сонсогдов. Жя Юнь:

-Авга сонсооч! Энэ бишүү? гэсэнд Бао Юй дотроо ихэд сэжиглэв. Тэгтэл нэг хүн “Та нар үнэхээр ёс мэдэхгүй юм. Энд ямар газар гэж та нар дураар ирж үймүүлж байгаа юм бэ” гэж бахирсанд цаана нь нэг хүн:

-Хэн Лао ег зэрэг дэвштүгэй гэв? Юунд биднийг баярт нийлүүлэн наргиулахгүй байгаа юм бэ. Өөр хүн, наргия гэж хүсэвч чадахгүй байна гэв.

Энэ бүхнийг сонсоод Бао Юй эцэг Жя Жөн ялгагч түшмэлийн зэрэгт дэвшээд хүмүүс ирж баяр хүргэж байхыг сая л мэдээд дотроо ихэд баярлав. Тэнд очъё гэтэл Жя Юнь нэхэн ирж: “Авга баярлаж байна уу. Авгын ургийн хэрэг бас бүтвэл давхар баяр болно” гэсэнд Бао Юйгийн царай улайж, түй хэмээн хий нулимаад: “Нүүргүй амьтан чи, хурдан зайл” гэж зандрав. Жя Юний царай улсхийж: “Энэ ямар хамаа байна. Та ер нь…” гэтэл Бао Юйгийн царай барсхийж: “Ер нь яах вэ” гэж асуув. Жя Юнь дуустал үгээ хэлж завдах байтугай ахиад дуугарч ч чадсангүй.

Бао Юй ч сургуулийн зүг яаран явав. Дай Рү инээн: “Тун сая би танай Лао ег дэвшсэн гэж сонслоо. Ашгүй чи ч хүрээд ирлээ” гэсэнд Бао Юй хариу инээж: “Да е д эхэлж золгоод дараа нь Лао ед очно” гэв. Дай Рү: “Өнөөдөр ирэх хэрэггүй. Чамд нэг өдрийн чөлөө олгоё. Хүрээлэнд хариад тоглож наадаж болохгүй. Нас чинь жаал хүүхэд биш болжээ. Хэдий хэрэг учрыг эрхэлж чадахгүй боловч ах нараа дагаж баахан юм сурвал зохино” гэв. Бао Юй: “За” гээд буцав. Хоёрдугаар хаалганы тэнд хүртэл Ли Гүй угтан ирж хажууд нь зогсоод “За чи минь хүрээд ирэв үү. Боол би яг сургуулиас нь залж ирье гэж бодож байлаа” гэсэнд Бао Юй инээж: “Хэн хэлсэн бэ” гэв. Ли Гүй:

-Лао тайтай сая хүн илгээж хүлээлэнгээс Эр Ег ирүүл гэсэнд тэндхийн охид “Сургуульдаа явсан” гэжээ. Сая Лао тайтай дахин хүн ирүүлж боол намайг сургууль дээр очиж хэдэн өдрийн чөлөө хэл гэлээ. Сонсвол, бас ший дуулж, баяр хийнэ гэнэ. Тэгтэл Эр Е хүрээд ирлээ гэв. Тэднийг ийн ярилцаж байгаад хоёрдугаар хаалгаар ортол хүрээ дүүрэн охид эмгэд инээмсэглэн: “Хурдан очиж Лао тайтайд баяр хүргэгтүн” гэцгээв. Бао Юйг их ахайтныд ороход Дай Юй зүүн талд нь, Шян Юнь баруун талд нь наалдан суужээ. Доод талд нь Шин, Ван хоёр Фүрэнь, Тань Чүнь, Си Чүнь, Ли Вань, Фөн Же, Ли Вэнь, Ли Чи, Шин Шиюянь зэрэг олон эгч дүү цөм байх бөгөөд харин Бао Чай, Бао Чинь, Ин Чүнь гурав л харагдсангүй.

Энэ үед Бао Юй хэлэх үгээ олохгүй баярлаж, эхлээд Жя Мүд баяр хүргэв. Дараа нь Ван Шин хоёр Фүрэньд баяр хүргэв. Тэгээд Дай Юйг харж: “Охин дүүгийн бие сайн болсон уу” гэсэнд цаадах нь инээж: “Их сайн болсон. Ахын бие нэг амаргүй байгаад сайн болсон уу” гэсэнд Бао Юй инээмсэглээд: “Тэр шөнө гэнэтхэн зүрх рүү хатгаж өвдөөд сүүлдээ гайгүй болсон, одоо сургуульдаа явж байна. Дүүг эргэж тойрч амжсангүй” гэв. Түүний яриаг гүйцэд сонсолгүй Дай Юй эргээд Тань Чүньтэй ярьж байв. Фөн Же доор зогсож байснаа инээж:

-Та хоёр бас өдөр бүр хамт байх хүн мэт ажээ. Харин зочин мэт ийм олон эрээлэх үг хэлнэ. Яг “Зочин мэт харилцан хүндэтгэнэ1 гэх үгтэй адил юм” гэсэнд бүгд хөхрөлдөв. Дай Юйгийн царай улаа бутарч, тийм гэж хэлэхэд төвөгтэй болоод удсаны дараа “Чи юуг мэднэ вэ” гэсэнд бүгд хөхрөлдөв. Фөн Же жаахан эргэцүүлэн бодоод сая баахан цүлсдсэнээ мэдээд, үгээ өөр тийш төөрүүлье гэж байтал Бао Юй гэнэт Дай Юйг харж “Линь дүү чи, тэр муу цүлс ад чөтгөр Юнь Элийг харагтун” гэтэл гэнэт бодож олоод дуугарахгүй болов. Бүгд хөхрөлдөж: “Хаанаас үүсгэн хэлэх юм бэ” гэсэнд Дай Юй бас учир ухааныг нь олохгүй бишүүрхсэн янзтай инээмсэглэнэ. Бао Юй ажиг ч үгүй: “Сая би, ший бэлэглэх хүн бий гэж сонссон юм. Хэзээ дуулна” гэсэнд бүгд л хөхрөлдөнө. Фөн Же: “Чи гаднаас сонсоод маньд ирж хэлсэн байтал одоо чи хэнээс асууна” гэсэнд Бао Юй завшааныг ашиглаж “Би дахин явж асууя” гэв. Жя Мү: “Битгий гадаа гар. Түрүүнд баяр хүргэх инээдэм шогийг үзсэн. Дараа нь Лао е чиний их баяр болсон бөгөөд буцаж ирэхдээ чамайг үзвэл бас уурлахад хүрнэ” гэсэнд Бао Юй: “За” гээд гарав. Жя Мү: “Хэн ший бэлэглэх гэсэн юм бэ” гэж Фөн Жегээс асуув. Цаадах нь: “Хоёрдугаар нагацын тэнд, нөгөөдөр сайн өдөр тул нэг бүлэг шинэ ший гаргана. Тэгээд жижиг ший бэлэглэж Лао тайтай, Лао е, дайдаа нарт баяр хүргэнэ гэсэн юм гэнэлээ” гээд, өдөр нь сайнаар барахгүй, бас баярын өдөр. Нөгөөдөр ч бас… гээд Дай Юйг харж инээсэнд цаадах нь хариу жуумалзав. Ван ФүРэнь: “Үнэхээр тийм юмаа. Нөгөөдөр чинь зээ охины төрсөн өдөр. Бас л баяр” гэсэнд Жя Мү бодлогоширсноо, “Одоо би ч хөгшрөөд алив юманд эргүүтэх болжээ. Золоор энэ Фэн охин байж надад “Өгүүлэгч түшмэл”2 болж байна. За тийм бол маш сайн болов. Түүний нагац тэнд баяр хүргэнэ. Чиний нагац чамд ойн баяр хийнэ. Нэн сайн юм биш үү” гэсэнд бүгд хөхрөлдөж, буурай эмээ нэг үг дуугарвал, ёс учрыг нэвтэрхий өгүүлнэ. Тийм ч учраас ийм их буянтай ажээ гэв.

Тэднийг ийн ярилцаж байтал Бао Юй орж ирээд дээрх үгийг сонсмогц эрвэлзэн дэрвэлзэн баярлав. Төдөлгүй Жя Жөн дээдсийн сүмд очиж мөргөөд эргэж ирж Жя Мүд мөргөв. Тэгээд зогсоогоор хэдэн үг хэлээд зочидтой уулзахаар гарав. Энд ойрын садан, угсаа төрлийн хүмүүс ирж, очиж, үймэлдэн хөөрөлдөж байв. Тэрэг унаа ч хаалга үүдээр дүүрч “Булган сүүл, алтан тарз”3 зүүгсэд суудалд дүүрч үнэхээр нэг

Цэцэг хуар дэлгэрэх цагт эрвээхэй, зөгий шавалдан

Цэлмэг саран тэргэлшсэн цагт тэнгэр газар уудам гэгч болсон ажээ. Энэ мэтээр хэдэн өдөр найрлав. Энэ өглөө Ван Зышэн болон ураг садны гэрээс нэг бүлэг ший ирүүлж Жя Мүгийн гол танхимын өмнө ший тоглох тайз босгов. Хөвгүүд нь цөм ёслолын хувцас өмсөж зочилно. Баяр хүргэхээр ирсэн ураг садны хүмүүс бараг ширээнд суув. Хэрмэн хашааны дотор ший дуулахаас гадна бас Жя Мүгийн баяртай байхаар арын ордныг хаасан шилэн хөшиг татаж, наагуур нь найрын ширээ засжээ. Дээд талын нэг ширээнд Шюэ Има сууж түүнд Ван Фүрэнь, Бао Чинь нар хань болов. Нөгөө талын Лао тайтайгийн ширээнд Шин Фүрэнь, Шию Янь нар хань болжээ. Доод талд хоёр ширээ сул байсан тул Жя Мүтэднийг хурдан ир гэж дуудав. Төдөлгүй Фөн Же олон охидын хамт Дай Юйг хүрээлэн дагасаар хүрч ирэв. Дай Юй шинэ хувцас өмссөн нь саран дагина сав ертөнцөд бууж ирсэн мэт харагдана. Тэрбээр исвэлзэн инээмсэглэсээр ирж олон зочинтой мэндлэн золгов. Жиян Юнь, Ли Вэнь, Ли Чи нар Дай Юйг тэргүүн суудалд суулгах гэсэнд зөвшөөрсөнгүй. Жя Мү инээж: “Өнөөдөр чи суутугай” гэтэл Шюэ Има босож: “Өнөөдөр Линь авхайн баярын өдөр юм уу” гэж асуусанд Жя Мү инээж: “Тиймээ, төрсөн өдөр нь юм” гэв. Шюэ Има: “Хэ би мартчихаж” гэсээр хүрч ирээд: “Миний мартамхайг өршөөгөөрэй. Хариад Бао Чинийг зориуд илгээж, чиний насны баярт мөргүүлье” гэсэнд Дай Юй хариу инээмсэглэн: “Надад ахадна” гээд суучихав. Тэрбээр, орчныг ажиглаад Бао Чайг харагдахгүй болохоор: “Бао эгч сайн уу. Яагаад энд ирсэнгүй вэ” гэж асуусанд Шюэ Има: “Тэр энд ирэх ёстой боловч гэр сахих хүнгүйдээд ирж чадсангүй…” гэсэнд Дай Юй царайгаа улбалзуулан инээмсэглэсээр: “Има бэргэнтэй болсон байтлаа яагаад Бао эгчээр гэрээ сахиулж байгаа юм бэ. Тэрбээр бараг олон хүний хөл, шуугианаас халширсан байхаа. Би түүнийг их санаж байгаа шүү” гэсэнд Има инээн: “Чиний санахад буруу байхгүй. Тэр маань бас та нарын эгч дүүсийг дандаа санаж байгаа. Дараа би түүнийг ирүүлнэ. Та нар ярьж хөөрч сууцгаагаарай” гэв. Тэднийг ийн энэ тэрийг хөөрөлдөж байтал хоол зууш авчрав. Бас ший эхэллээ. Эхлээд өлзий бэлгэтэй хоёр нэг ший дуулснаа гуравдахаас нь, алтан хашийн хөвгүүн, охин туг залам эрдэнийн унжлага өргөж, нэг солонгон жанч өдөн дээлт бүсгүйг удирдан гаргасанд, тэрбээр толгойгоо нэг хар алчуураар бүтээж байгаад хэдэн бадаг дуу дуулаад буцаж оров. Бүгд сонсоод мэдсэнгүй гайхацгаав. Тэнд нэг хүн: “Энэ бол шинээр найруулсан “Рүй зугийн үлгэр” хэмээх шийн доторх “Талийгч” болой. Бүсгүй нь саран дагина болой. Анхандаа хүний орчлонд бууж, хүнтэй уулзах болтол золоор хонсим бодьсадваа дуудан хувилгаснаас тэр холболгүй үхээд саран тэнгэрт гарчээ. Дууны үгэнд “Найрсаг сэтгэл сайхан хэмээн хүний орчлонд хэлэлцэнэ. Намрын саран, хаврын цэцэг хялбар үтээрэхийг хэрхэн мэднэ вэ. Арай гэж саран тэнгэрийг умартахад хүрлээ” гэж дуулахыг сонссонгүй юү” гэв. Дөтгөөрт, “Ааг идсэн нь” хэмээх ший гарч тавдугаарт, их лам шавь нараа дагуулан гол мөрнийг гаталж буцсан үлгэрийг дуулаад гандирсан балгасыг үзүүлж ихэд хөгжин наргилджээ.

Бүгд баярлан цэнгэлдэж байтал гэнэт Шюэ овогтны гэрийн хүн, хөлс дуслуулан орж ирээд Шюэ Көд: “Эр Е түргэн харихтун. Бас дотогш орж, дайдаад хэлээд залж аваачигтүн. Гэрт чухал явдалтай” гэж хэлэв. Шюэ Кө: “Ямар юм болоов?” гэсэнд мөнөөх хүн: “Хариад хэлье” гэв. Шюэ Кө сандран салах ёс ч хийлгүй гарч одов. Шюэ Има ч охидын уламжилсан үгийг сонсоод, царайгаа шаралтал айхдаа, арай гэж салах ёс хийгээд тэргэнд суугаад явж одов. Түүнийг харихад бүх хүн сандарчихсан царайтай харагдана. Энэ үед Жя Мү хүн явуулж, ямар хэрэг гарсныг мэд гэж тушаав. Рун, Нин хоёр ордонд угийн ёсоор ший тоглосныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Шюэ Имаг гэртээ ороход яамны хоёр зарц дотор хаалган дээр зогсон, барьцаалан зээлдүүлэх пүүсийн хэдэн хоршигч хамт байж “Дайдаа ирвэл тодорхойлж болно” гэцгээж байтал Шюэ Има ороод ирсэн ажээ. Яамны зарц нар олон хүн, нэг хөгшин дайдааг хүрээлэн дагаж байхыг хараад Шюэ Паний эх болохыг мэдэв. Түүний их сүр ямбыг үзээд яаж ч чадсангүй. Гараа унжуулан зогсоод Шюэ Имаг дотогш оруулав. Тэрбээр том танхимыг өнгөрөн гартал Жинь Гүйн уйлан бархирах сонсогдоно. Нүүр дүүрэн нулимстай Бао Чай эхийгээ угтан гарч ирээд: “Ээж минь, битгий бачимдаарай. Хэргийг бүтээх нь чухал” гэж сануулав. Эх нь охиныхоо хамт гэртээ орохдоо, үүдэнд хүмүүсийн ярилцахыг сонссон тул чичрэн дагжиж айн уйлсаар: “Чухам хэн нь вэ “гэсэнд гэрийнхэн: “Дайдаа энэ хэр нарийн учрыг асуух хэрэггүй. Хэн ч болов, нэгэнт хүн алсан тул амь төлөх нь зайлшгүй. Харин энэ явдлыг яаж шийдэхийг зөвлөлдье” гэцгээв. Шюэ Има уйлсаар боловч “Би бас зөвлөхийн учир юу байна вэ” гэсэнд гэрийнхэн: “Өчүүхэн бидний санахаар, энэ шөнөдөө мөнгө зоос бэлтгэж, Эр Етэй хамт завдан очиж да етай уулзаад, тэндээс нэг лавдуун томоотой хуульч багшийг олж, баахан мөнгө атгуулаад, алуулах ялаас мултруулаад, Рүн Нин хоёр ордоноор заргын яаманд гуйлгая. Дайдаа урьдаар хэдэн лан мөнгө гаргаад гадаа байгаа яамны зарц нарт атгуулчих. Тус болно шүү” гэцгээв. Шюэ Има: “Та нар тэр айлыг нь олоод хөдөөлүүлэх мөнгө өгөө, бас итгэмжийн мөнгө ч баахныг өгчих. Хүмүүс заалдаж нэхэхгүй бол хэрэг баахан удааширна” гэсэнд Бао Чай орхиулын цаанаас: “Ээжээ, болохгүй. Ийм хэрэгт зоос өгөх тутам хүндэрнэ. Харин зарц хөвгүүдийн саяын хэлсэн зүйтэй шүү” гэсэнд Шюэ Има уйлсаар: “Би бас энэ амийг орхиё. Тэр газар нь завдан хүрээд хүүтэйгээ нэг уулзаад хамт үхье” гэсэнд Бао Чай сандран хориглож, орхиулын дотроос хүн дуудаж: “Эр Етэй хамт хурдан яв” гэв. Бяцхан охид Шюэ Имаг түшиж дотогш оруулав. Шюү Көг гадагш гарах гэтэл Бао Чай: “Ямар л мэдээ чимээ байвал нааш нь түргэн хэлүүлж бай. Та нар гаднах хэргийг мэдтүгэй” гэсэнд цаадах нь: “За” гээд гарав.

Энэ зуур Бао Чай, эхийгээ аргадан тайтгаруулж байтал Жинь Гүй завшаан ашиглаж Шян Линг өдөж хэрүүл үүсгэв. Тэрбээр: “Та нар эднийг хүн алаад, ямар ч юм бололгүйгээр нийслэлд ирсэн гэж ямагт магтдаг билээ. Тэгтэл дахиад хүн аллаа. Алив баян хөрөнгөтэй, эрх сүртэй, сайн садан бат түшигтэй гэж дандаа ярьдаг боловч өнөөдөр балгардан бачимдаад барьсан тавьснаа мэдэхээ байжээ. Маргааш да е ийм тийм болоод ирж чадахгүй бол та нар хувь хувиа хөөгөөд, би ганцаар үйл тамаа эдэлнэ” гээд бархирав. Түүний энэ үгийг сонсоод Шюэ Има муужран унав. Бао Чай арга алдран бачимдана. Яг ийнхүү тэвдэж байтал Ван Фүрэнь том шивэгчнээ явуулж сураглуулжээ. Бао Чай дотроо Рүн Гуофүгийн хүн болохыг мэдэвч ил болгоогүйн дээр бас бачим түгшүүртэй цаг тул арга буюу тэр шивэгчний зүг харж:

-Одоо энэ хэргийн эх сүүл нь ялгараагүй байна. Манай ах гадуур явж байхдаа хүн цохиж алаад хошууны яаманд баригдан очсон гэх төдий л сонсоод байна. Ямар ял авахыг мэдэхгүй. Эр Е сая сураглахаа явсан. Баттай мэдээ сонсвол, дайдаад түргэн мэдүүлнэ. Чи хариад, дайдаа санаа тавьсанд талархаж байгааг минь хэлж өгөөрэй. Хойшид бид тэндэх Лао е нарыг олонтоо зовоох биз гэсэнд шивэгчин, мэдлээ гээд явав. Түүнээс хойш хоёр хоног өнгөрөв.

Энэ зуур эх, охин хоёр аргаа баран сууж байтал гэнэт зарц хөвгүүн дугтуйтай бичиг авчирч дотогш оруулав. Бао Чай задлан үзвэл, түүнд ингэж бичжээ.

-Их ахын хүн амины хэрэг бол санаатай алсан биш, тэр цагийн нь эндэл байжээ. Өнөө өглөө Шюэ Кэгийн нэрээр нэг айлтгал бичиж барьсан бөгөөд одоо бас цохлоогүй байсаар. Ахын анхны өчиг тун бүтсэнгүй. Энэ айлтгалыг зөвшөөрсний дараа дахин нэг удаа сайн шүүвэл амь гарч болно. Барьцаалан зээлдүүлэх пүүсээс таван зуун лан мөнгө аваад хурдан явуул. Хойшлуулж огт болохгүй. Дайдаагийн санаа амар байхыг хүснэ. Бусад зүйлийг бяцхан зарцаас асуугтун! гэжээ.

Бичгийн үг үсэг бүрийг Бао Чай эхдээ уншиж өгсөнд тэрбээр нулимсаа дуслуулан: “Үүнээс үзвэл, үхэх, амьдрах нь ялгараагүй л юм байна” гэсэнд охин нь: “Ээж минь, битгий сэтгэлээ зовоо. Зарц хөвүүнээс асуу гэсэн байна шүү дээ, түүнийг дуудаад асуу” гэв. Зарц ч төдөлгүй орж ирэв. Шюэ Има: “Чи да е-гийнхаа учрыг тодорхой яриач” гэсэнд Зарц хүү: “Тэр үдэш би, да е, Эр Е хоёрын ярилцахыг сонсоод айж, ухаан балартжээ” гэв. Зарц хөвгүүн юу ярьсныг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!


Тайлбар:

  1. Зочин мэт харилцан хүндэтгэнэ-эр эм хоёр нэг нэгнийгээ зочин шиг л хүндэлнэ гэсэн санаа. Энд Фөн Же, Дай Юйгээр тоглоом хийжээ.
  2. Өгүүлэгч түшмэл-Хуучин тушаалын нэр. Энд сайн хавсран туслагч гэсэн санаагаар хэлжээ.
  3. Булган сүүл алтан тарз-Хаан эзний шадар түшмэдийн малгайн чимэг. Энд Нин, Рүн хоёр ордны садан төрөл нь цөм том түшмэл байсныг хэлсэн ажээ.
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж