С.Баярцогт руу 10 сая доллар шилжүүлсэн данснуудыг битүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

С.Баярцогт руу 10 сая доллар шилжүүлсэн данснуудыг битүүмжилжээ

С.Баярцогт руу 10 сая доллар шилжүүлсэн данснуудыг битүүмжилжээ

Швейцарийн дээд шүүх Рио Тинто корпорацид Оюутолгой төслийг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банкин дахь түүний харилцаж байсан данснуудын үлдэгдэл 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргажээ.

Швейцарийн Прокурорын ерөнхий газар дээрх битүүмжилсэн данснуудын нэгээр  Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогт руу 10 сая ам.доллар шилжүүлснийг тогтоосон байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Англи-Австралийн уул уурхайн корпораци Рио Тинтогийн Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогтыг авлигын хэргээр шалгаж байгаа билээ.

Швейцарийн дээд шүүхийн тогтоолд Рио Тинто Оюутолгой төслийн хүрээнд 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий гүний уурхайн бүтээн байгуулалтыг явуулж буй тухай дурдсан боловч Рио Тинтог ямар нэгэн байдлаар буруутгаагүй байна.

Швейцарийн Прокурорын ерөнхий газар С.Баярцогтын авлигын хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд Рио Тинто корпорацийн төлөөлөгч ч мөн адил тайлбар өгөхөөс татгалзжээ.

Ямартаа ч Ройтерс агентлагийн сэтгүүлчийн асуултад Швейцарийн Прокурорын ерөнхий газар е-мэйлээр хариу өгөхдөө “Швейцарийн Прокурорын ерөнхий газар гадаадын засгийн газрын албан тушаалтантай холбоотой авлига, мөнгө угаасан хэргийг шалгаж байгаа нь үнэн” гэжээ.

Харин Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой Ройтерс агентлагийн сэтгүүлч холбогдох гэсэн боловч утсаа аваагүй, мессежид хариу өгөөгүй гэнэ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Швейцарийн Прокурорын ерөнхий газар Монгол Улсын Засгийн газрын экс гишүүнтэй холбоотой авлигын хэргийг 2016 оноос эхлэн мөрдөн шалгаж байгаа юм байна. Прокурорын дүгнэлтээр Швейцарийн банкин дахь дээрх данснаас С.Баярцогтын данс руу Монгол Улсын Сангийн сайдаар томилогдсон 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлсэн байна.

Дээрх данснуудыг битүүмжилсний дараа данс эзэмшигч дансны үлдэгдэл 1.85 сая ам.долларыг эргүүлэн авах гэж оролдсон гэнэ.

Швейцарийн дээд шүүх энэ хэргийг авч хэлэлцээд “Улсын сангийн сайдаар томилогдсон даруйдаа ийм их хэмжээний мөнгө шилжүүлэн авна гэдэг маш сэжигтэй хэрэг” гэж үзжээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч мэдэгдэхдээ тус байгууллага С.Баярцогттой холбоотой олон хэргийг шалгаж байгаа гэжээ.

Швейцарийн Холбооны шүүхийн дүгнэлтэд Рио Тинто шиг гадаадын том корпорацид уул уурхайн том төслүүдийн хувьцааны  хяналтын багцыг олгосонд Монгол Улсын Засгийн газар, улс төрчдийг буруутгасан байна.

Шүүхийн тогтоолд “С.Баярцогтын гарын үсэг зурсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ямар ч ашиггүй гэдэг нь олон зүйлээр тодорхой байна” гэжээ.

2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын Швейцарийн банкинд данстай тухай илчилсний дараа тэрбээр Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас огцорсон юм.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж