Олимпийн аварга Юзури Ханю дэлхийн аваргад оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Юзури Ханю дэлхийн аваргад оролцохгүй

Олимпийн аварга Юзури Ханю дэлхийн аваргад оролцохгүй

Маргааш буюу энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Итали улсын Милан хотноо уран гулгалтын 2018 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-нд олимпийн хошой аварга Японы Ю.Ханю баруун хөлний шагайн бэртлийн улмаас оролцохгүй гэдгийг тус улсын холбооноос албан ёсоор мэдэгдсэн байна.

Олимпийн хошой аварга Ю.Ханю өнгөрсөн оны 11 сард NHK цомын тэмцээний бэлтгэлийн үеэр унаж баруун хөлнийхөө шагайнд бэртэл авсан. Гэсэн хэдий ч тэр Пёнчаны олимпийн наадамд оролцож эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлж Сочигийн олимпийн алтан медалиа ихэрлүүлсэн. Ингэснээр тэр 1932, 1936 онд олимпийн наадмын эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн олимпийн хошой аварга Австрийн Карл Шеферийн амжилтыг давтсан юм.

Олимпийн аварга Ю.Ханюгаас гадна энэ удаагийн ДАШТ-нийг хэд хэдэн шилдэг тамирчид оролцохгүй. Испаний шилдэг тамирчин, олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой алт, хошой хүрэл медальт Х.Фернандес, Канадын тамирчин олимпийн алт, хошой мөнгө, ДАШТ-ний 3 алт, 2 мөнгөн медальт П.Чан, Казахстаны тамирчин олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Д.Тен нарын шилдгүүд оролцож чадахгүй болсон. П.Чаны хувьд олимпийн дараа зодог тайлсан бол Д.Тен, Х.Фернандес нар өнжиж байна. Ю.Ханю 2014, 2017 онд, П.Чан 2011, 2012, 2013, Х.Фернандес 2015, 2016 онуудад дэлхийн аваргын алтан медалийг хүртэж байсан. Харин энэ удаа дээрх шилдэг тамирчид оролцохгүй болсноор 2011 оноос хойш шинэ аварга төрөх болж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж