Дэлхийн энхийн их наадам Улаанбаатар хотноо болно

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн энхийн их наадам Улаанбаатар хотноо болно

Хүннү гүрний 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгал буюу Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жил зэрэг түүхт ойнуудыг тохиолдуулан наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

2007 оноос хойш Америк, Япон, Өмнөд Солонгос, Канад, Кени, Малайз, Бразили зэрэг дэлхийн 20 гаруй оронд Дэлхийн энхийн их наадам амжилттай зохион байгуулагдаж, бүс нутгийн энх тайван, эв нэгдлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулжээ. Энхийн их наадмыг дан ганц урлаг соёлын арга хэмжээ, баяр наадам цэнгүүн хэмээн ойлгож болохгүй. Энэ бол нийгэм, хүмүүсийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлдэг цогц үйл ажиллагаа юм. Манай улсад болох “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ын хүрээнд  гэхэд Нийгэмд үйлчлэх хөтөлбөрүүд хэрэгжиж, Олон улсын удирдагчдын бага хурал болно.

Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадмын хүрээнд:

Хот, хөдөөд ажилласан залуус аймаг сумандаа үлгэр жишээ болсон тэргүүн туршлагуудыг судлан бүртгэж, шилдгийн шилдэг 40 төсөл санаачилгыг олон нийтэд зарлах гэж байна. “Бид хөгжлийн эзэд” нэртэй энэ хөтөлбөрөөс хөгжлийн загвар болохуйц шилдэг гурван төсөл тодрох юм.

Дэлхийн 10 гаруй орны оюутан залуус “Соёлын солилцооны хөтөлбөр”-т хамрагдаж, Монголчуудын өв соёл, ёс заншилтай танилцаж, манай залуустай ойртон нөхөрлөж байна.

Нийгэм тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдэх зорилготой “10 төгрөгний аян” хөтөлбөр нь бид зүрх сэтгэлээрээ нэгдэж чадвал, ирээдүй болсон хүүхэд багачууддаа бодит хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй, дэмжлэг хэрэгтэй хүн бүрт гар сунган туслах боломжтойг батлан харуулж байна.

Олон Улсын Удирдагчдын бага хурал нь 2008 онд Сайн засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэхээр хуралдаж байсан бол энэ удаа “Зүүн хойд Азийн энх тайван ба Монгол” сэдвийн дор бүс нутаг, тэр дундаа Өмнөд Хойд Солонгосын найрамдалт харилцаанд Монгол Улсын нөлөө, оролцоог тодотгон гаргаж ирэхээр төлөвлөөд байна.  

“Энхийн Их Наадам” олон нийтэд үйлчилж, тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгааг шийдвэр гаргах төвшинд танилцуулж, бүс нутаг, даян дэлхийн асуудлыг олон улсын хэмжээнд хэлэлцэж, олж авсан, бүтээж босгосон энх тайвнаараа бахархан баярлах боломж хүмүүст олгодгоороо хүн төрөлхтөнг зүрх сэтгэлээр нь нэгтгэж чадсан томоохон арга хэмжээ юм.

“Энхийн их наадам” төрийн бус байгууллагын сайн дурын ажилтан залуус саяхан “Цэмцгэр Монгол наадам” төслөө амжилттай хэрэгжүүлж дуусаад, одоо “Хүн гүрнээс гаралтай энхийн их наадам”-даа бэлтгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж