“Газар хөдлөлтийн гамшиг ба хариуцлагатай иргэн” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

“Газар хөдлөлтийн гамшиг ба хариуцлагатай иргэн” хэлэлцүүлэг боллоо

“Газар хөдлөлтийн гамшиг ба хариуцлагатай иргэн” хэлэлцүүлэг боллоо

Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийг орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах өдөр болгон иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу нэгдсэн зохион байгуулалтад хамрагдаж гамшгаас хамгаалах дадлага сургуульд хамрагддаг уламжлалтай.

Мөн 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгохоор шийдвэрлэсэн. Ийм өдөртэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зэргээр олон төрлийн арга хэмжээг зохион байгуулан газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болон орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах өдөр энэ сарын 27, 28-ны өдрүүдэд тохиож байгаа юм. Энэ өдрийг угтан Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Газар хөдлөлтийн гамшиг ба хариуцлагатай иргэн” сэдэвт олон нийтийн нээлттэй лекцийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

НОБГ-ын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд өнөөдөр зохион байгуулсан олон нийтэд зориулсан нээлттэй лекцэнд нийслэлийн ЕБС-иудын 200 орчим удирдлага хамрагдан газар хөдлөлтийн гамшгийн тухай ерөнхий ойлголт, олон улсын туршлага, болзошгүй гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар мэдлэг, ойлголтыг авсан юм.

Илтгэлийг “Газар хөдлөлтийн гамшигт бэлэн байдлаа хангадаг хариуцлагатай иргэнийг бэлтгэх нь”, “Үндэсний резилиенс чадвар иргэн бүрээс хамаарна” зэрэг сэдвээр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, Резилиенс хамтарсан судалгааны төвийн дарга, доктор С.Баттулга нар тавьсан бол Японы Опен их сургуулийн профессор доктор Юмико Нара “Гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн хүчийг ашиглах нь” сэдвээр илтгэл тавьж, газар хөдлөлтийн гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул, гамшгийн үед хэрхэн бэлэн байх талаар Японы гамшгийн сургамжаас хуваалцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж