Паркийн зүүн талын замыг 1.6 жилийн хугацаатай хаана

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Паркийн зүүн талын замыг 1.6 жилийн хугацаатай хаана

Паркийн зүүн талын замыг 1.6 жилийн хугацаатай хаана

Урин дулаан цагт нийслэлд бүтээн байгуулалтын ажил ундардаг. Барилга байшин олноор баригдахын зэрэгцээ авто замуудыг өргөтгөх, засварлах ажил оволздог. Энэ жил хийгдэх зам засварын томоохон ажлын нэг нь Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын замын ажил юм. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын авто замыг хааж, Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Өчигдөр үдийн 15.00 цагийн үед тус авто замаар зорчвол хөл хөдөлгөөн ихтэй, түгжрэл ид оргилдоо байв. Ганцхан Олимпийн зам гэлтгүй бусад зам ч ачаалалтай байгаа харагдлаа. 

Хөдөлгөөнийг хаахаар төлөвлөсөн замаар өдөртөө 16-30 мянга, цагт 2500-3000 мянган машин зорчдог гэсэн тоо бий. 

Нийслэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор дээрх гүүрэн гарцыг барихаар төлөвлөж, өнгөрсөн оноос ажлыг нь эхлүүлжээ. 

Гүүрэн гарц 2019 онд ашиглалтад орно

Тус гүүрэн гарц нь ирэх 2019 онд ашиглалтад орох төлөвтэй байна. Гүүрэн гарцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая ам.доллараар барихаар төлөвлөжээ.  Хэрэв тус гүүрний зам засварын ажил эхэлбэл зарим авто замын чиглэлд өөрчлөлт орох юм.

Энэ асуудлаар Замын цагдаагийн албанаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар аль замуудад өөрчлөлт оруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна. Ирэх сарын 1-ээс өмнө гэхэд тодорхой болно” гэсэн хариулт өглөө.

Замын цагдаагийн газрын ойролцоо үндсэн гүүр, хоёр эгнээ зам, туслах замаас бүрдэх гүүрэн гарц барих төслийн хүрээнд цахилгаан, холбооны шугам сүлжээний ажил эхлэхтэй холбогдуулан Олимпийн гудамж дахь 157 модыг нүүлгэн шилжүүлжээ.

Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгох хамгийн тохиромжтой шийдэл

Энэ асуудлаар Авто замын газрын орлогч дарга Б.Индрагаас тодруулав. Тэрбээр “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой.

Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хааснаар зарим чиглэл, хөдөлгөөнд өөрчлөлт орно. Орсон өөрчлөлтүүдийг ойрын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэнэ. “Home Plaza”-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн өнгөртөл хаана. Ингэхдээ 13-р хорооллын дунд зам хаагдахгүй.

Тус гүүрийг барих ажил өнгөрсөн онд эхэлсэн ч хүйтний улиралд зам хааснаар түгжрэл улам нэмэгдэх тул барилгын ажлыг хойшлуулсан. Зам хаах учраас мэргэжлийн байгууллагууд 2-3 газар түр гүүрүүдийг барих ажлыг судалж, шийдвэрлэж байна. Энэ ажил нь Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгохын төлөө хийж байгаа томоохон ажлуудын эхлэл юм” гэж тайлбарлалаа. 

Паркийн зүүн талын замыг 1.6 жилийн хугацаатай хаахыг дэмжих үү?

Энэ асуудлаар хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын санал бодлыг сонслоо.

Баянгол дүүргийн иргэн К.Өнөрбат

Баянгол дүүргийн иргэн К.Өнөрбат ‘Паркийн зүүн талын замыг хаана гэсэн яриа гадуур гарчихсан байна. Миний хувьд бусад замын ачаалал эрс нэмэгдэнэ гэж бодож байна. Одоо ч гэсэн ачаалал нь дийлдэхгүй байхад тэр замыг хаахаар бусад замын ачаалал улам л нэмэгдэнэ шүү дээ. Миний бодлоор бусад замаар хуваагдаж л явах байх. Хамгийн гол нь хурдан хугацаанд чанартай гүүр барьж дуусгаасай гэж л бодож байна’. 

Баянгол дүүргийн иргэн Ө.Ганбаатар

Баянгол дүүргийн иргэн Ө.Ганбаатар ‘Тэр зам бол нийслэлчүүдийн хамгийн их зорчдог ачаалалтай зам. Гүүрний төлөвлөлтийг харсан л даа. Их гоё гүүр баригдах юм байна лээ. Хаахаас өөрөөр хөдөлгөөний зохицуулалт хийж дуусгах юм бол сайн л байна. Миний бодлоор бүхэлд нь зам хаах асуудлыг дэмжихгүй байна. Тэр замаар өглөө, оройдоо байнга л явдаг. Хэрэв тус замыг хаах юм бол Энхтайвны гүүрний ачаалал эрс нэмэгдэнэ. Нарантуулын урд талын замын ачаалал ч бас нэмэгдэнэ. Тэгэхээр жолооч нар цаг хугацаагаа сайн л зохицуулж байж хөдөлгөөнд оролцохгүй бол түгжрэлд их орох байх. Гэхдээ замын ачаалал багатай үед хаах хэрэгтэй байгаа юм. Иймээс энэ асуудалд зөв л шийдэл хэрэгтэй байна даа’. 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Баттөр

Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Баттөр ‘Тус замыг хаачихаар төв замуудад ачаалал нэмэгдэнэ шүү дээ. Тэр хавийн зам их түгжрэлтэй байдаг. Яахав бүтээн байгуулалт хийх гэж байвал болох л байх. Гэхдээ Нарны гүүрийг барихад нэг жил шахам л болсон. Одоо ч гэсэн түгжрээд ялгаа байхгүй л байна. Тэгэхээр аль болох хурдан чанартай бариад л дуусгах хэрэгтэй байгаа юм. Ер нь жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо соёл дутмаг байдаг.  Аль талдаа л анхаарах  нь зүйтэй. Бие биенийгээ хүндлээд зам тавиад өгчихвөл түгжрэл бага ч болов буурах байх’ . 

Хан-Уул дүүргийн иргэн Э.Энхбат

Хан-Уул дүүргийн иргэн Э.Энхбат ‘Ажлын байр маань Бөхийн өргөөнд байрладаг болохоор Паркийн зүүн талын замаар өдөр бүр л явдаг. Замын цагдаагийн тэр хэсэгт гүүрэн гарц барихыг дэмжиж байна. Гэхдээ замыг нь бүтнээр нь хаана гэдэгтэй санал нийлэхгүй байна. Манай замын компаниуд ажил зохион байгуулалт нь муу юм шиг санагддаг. Угтаа бол зөв зохион байгуулаад хэсэгчлэн хаавал болохгүй юм байхгүй. Одоо ч гэсэн түгжрэл дунд зогсож байна. Гүүрэн гарц баригдсан хойно нь түгжрэл эрс буурах байх л гэж бодож сууна’ гэсэн хариулт өглөө. 

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулахын тулд нийслэлээс томоохон ажлыг эхлүүлэх гэж байна. Харин жолооч та хүлээцтэй хандаж, Замын цагдаагийн газраас гаргах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох л шаардлагатай боллоо.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж