Монгол Улсын байнгын хөрш орнууд болох Хятад, ОХУ-ын төрийн тэргүүнүүд бүрэн эрхийн хугацаагаа амжилттай сунгалаа. Бээжин хотноо Ши Жиньпин парламентын олон мянган гишүүдийн нижигнэсэн алга ташилт дунд Хятад улсын төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогдсон. Нөгөө талд Кремлийн талбайд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон баяраа нулимс цийлэгнүүлэн мэдэгдэв.
Хятадын дарга Ши Жиньпин парламентын их хурлаар дамжуулан үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар бүх насаараа төрийн эрх барих мандатыг олгох хууль, эрх зүйн өөрчлөлтийг бий болгосон юм. Түүний эрх мэдэл таван жилийн хугацаатай хоёр удаагийн бүрэн эрхээр хязгаарлагдахгүй болсноор Ши Жиньпин насан туршдаа Коммунист намын дарга, зэвсэгт хүчний коммандлагч байх нөхцөл бүрджээ. Ингэснээр тэрбээр Мао Зедунаас хойш цэргийн хүчийг нэмэгдүүлж, эдийн засгийн хүчирхэгжүүлэн, бүх Хятадыг нэг гарын дор зангидаж чадсан хүчирхэг удирдагч болж байна.
Нөгөө талд ЗХУ задарсанаар Орос улс хүн амынхаа талыг, газар нутгийнхаа гуравны нэгийг алдсан. Харин Владимир Путин ОХУ-ыг дахин аугаа гүрэн болгох амлалт өгч анх 2000 онд сонгогдсон. Үүнээс хойш 20 шахам жилийн хугацаанд Владимир Путин ОХУ-ын төрийн эрхийг барьсаар өнгөрсөн ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуульд 76.67 хувийн саналаар дөрөв дэх удаагаа бүрэн эрхийн хугацаагаа сунгалаа. Ийнхүү Владимир Путин Йосиф Сталинаас хойш хамгийн удаан төр барьсан удирдагч болжээ.
Ши Жиньпин, Владимир Путин хоёул улс орноо дэлхийн тэргүүлэх улс болгох зорилттой.
Путинаас ялгаатай нь Ши Жиньпин Хятадын нийгэм, улс төр, цэргийн эрх мэдлийг нэг дор зангидсан хүчирхэг бүтэцтэй намыг “өвлөж” авсан юм. Энэ нь түүнд хүслээ гүйцэлдүүлэх бүрэн эрх мэдлийг олгож байна. Ши Жиньпин 2013 онд Хятадын дарга болмогцоо авлигын эсрэг кампанит ажлыг эхлүүлж, улс төр, эдийн засаг, цэрэг армийн бүхий л шатанд их цэвэрлэгээ хийсэн. Бартай зүйрлэсэн их гарын авлигачдаас эхлээд ялаатай жишсэн жижигчүүдийг ч ялгаагүй том цэвэрлэгээ нь нэг талаараа Ши Жиньпиний өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл гэх хардлагыг төрүүлдэг.
Харин Владимир Путин энэ сонгуулийн өмнө “Өрсөлдөгчөө би өөрөө бэлдэх ёстой юу?” хэмээсэн нь олны анхаарлыг татсан билээ. Гэвч түүний гол өрсөлдөгчдийн нэг авлигатай тэмцэгч, сөрөг хүчний тэргүүн Алексей Навальний эрүүгийн хэргийн улмаас сонгуульд өрсөлдөх эрхгүй болсныг дэмжигчид нь улс төрийн явуулга гэж үздэг. Бусад нэр дэвшигчдийн хувьд Владимир Путиныг ялчих хүчтэй өрсөлдөгч гэж тооцогдохгүй байв.
Ши Жиньпин 2050 он гэхэд Хятад улс дэлхийг тэргүүлэх улс болох ирээдүйн зорилтыг танилцуулжээ. Энэ нь Хятадын өнөө цагийн эрин үе дэх улс төрийн нягт нямбай байр суурь, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, ядуусын тоог үе шаттай бууруулах, гадаад ертөнц дэх байр сууриа бэхжүүлж, худалдаа наймааны шинэ үеийг авч ирэх төлөвлөгөө юм. Үүний тулд 2035 он гэхэд дахин 50 сая иргэний амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавьжээ. Тэрбээр өнгөрсөн таван жилд Хятадын даргаар ажиллах хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн 54 их наяд юань байснаас 80 их наяд юань болж өссөнийг мэдэгдсэн. Мөн 60 сая хүнийг ядуурлаас гаргаж, ажил төрөлтэй болгожээ.
Харин Владимир Путин мөрийн хөтөлбөртөө дэд бүтцийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарчээ. Үүний тулд тэрбээр залуусыг дэмжиж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах аж. Тэрбээр ярилцлагадаа ДНБ-ий өсөлт болон аж үйлдвэрлэл 1.6 хувьтай байгааг онцолж, автомашин болон химийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй энэ жил гурван хувиар өсөх таамгийг танилцуулжээ. Түүнчлэн ОХУ түүхэндээ байгаагүй их хэмжээний ургац хурааснаар үр тарианы экспортоор дэлхийд тэргүүлж байгааг бахархан ярьжээ.
Ши Жиньпин |
| Владимир Путин |
Нас: 64 настай (1953 оны зургадугаар сарын 15) Төрсөн газар: Бээжин Гэр бүл: Эхнэр, охинтой
|
| Нас: 66 настай (1952 оны аравдугаар сарын 7) Төрсөн газар: Ленинград Гэр бүл: 2 хүүхэдтэй, эхнэрээсээ салсан
|