Дэлхийн долоон тивийн найман оргилд улсынхаа төрийн далбааг мандуулсан гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа энэхүү амжилтаараа Монголын анхны “Seven summiteer” болсон юм. Энэхүү амжилтанд 2016 оны байдлаар дэлхийн 61 орны 416 уулчин хүрсэн бөгөөд түүний амжилтыг дэлхийн 18 эмэгтэй уулчин гаргасан байдаг.
Энэхүү түүхэн амжилтыг нь “Монгол шуудан” ХК-иас “Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа” сэдэвт шуудангийн марк гаргаж, өчигдрөөс худалдаанд гаргаж эхэллээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газарт болсон энэхүү арга хэмжээний үеэр гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа.
-Таны амжилтыг үнэлсэн марк хийх саналыг “Монгол шуудан” ХК-иас хэзээ тавьсан бэ. Эндээс яриагаа эхлэе?
-2016 оны арванхоёрдугаар сард Эверестэд гараад эх орондоо 2017 оны нэгдүгээр сард ирж байсан. Тухайн үед надад анх марк хийх санал байна гэж хэлсэн. Энэ талаар сайн ойлголтгүй тул татгалзсан хариу хэлж байлаа. Дараа нь би судалсан. Маш том үнэт цаас, мөн тухайн улс, хүний түүх, соёл байдаг юм билээ. Тэгээд бараг найман сар орчмын дараа Баян-Өлгий аймагт байх үедээ шийдвэрээ гаргаж, марк гаргая гэдгээ хэлсэн.
-Маркийн дүрслэл их өвөрмөц болжээ. Антарктидийн Винсон массив, Европ тивийн Эльбрус, Африк тивийн Килиманжарио гээд таны хураасан ноён оргилуудыг дүрсэлснээс гадна мөнх цаст Эверестийг давахаар нисч буй хос хунг багтаажээ. Иргэд маркийг хаанаас авах боломжтой билээ?
-Юуны өмнө маркийн урласан зураач Ч.Бат-Эрдэнэдээ талархаж байна. Баг хамт олонд нь тусгайлан талархаж байгаагаа илэрхийлье. Маркийг Төв шууданд зарж байгаа юм билээ. Орон нутгийн иргэд тухайн аймгийнхаа шуудан холбоон дээр очоод авч болно. Би бол өөрөө маркийг борлуулах ямар ч эрх байхгүй. Тиймээс надаас илүүтэй Төв шууданд очоод авч болно.
-Та дараагийн авиралтаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаад эхэлсэн гэсэн. Мэдээж таны дараагийн зорих оргил бол Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргил. Яагаад заавал энэ оргилыг дахин сонгох болов?
-Энэ бол миний хоёр дахь том зорилтын нэг байсан. Би эхний зорилго болох “Seven semmiteer” болох байсан. Зорилгоо 2016 онд биелүүлж чадсан. Харин дараа нь хоёр дахь зорилгоо биелүүлэхээр шулуудсан. Гэхдээ үүнээс өмнө 2013 онд К2 ууланд авирах гэж оролдсон шүү дээ. Тухайн үеийн авиралтад хоёр хүн нас барж, бусад бүх уулчид буцсан. Тэр үед эхлэлээ тавьчихсан. Тэгээд л эхний зорилго биелэсэн учраас 2017 онд Монголдоо ирээд К2 ууланд авирах зорилгоо эхлүүлсэн. Тэр үеээс бэлтгэлээ эхлүүлж, 2018 онд гарах төлөвлөгөө тавьсан.
-К2 ууланд авирах авиралт хэдийнээс эхлэх бол?
-Дэлхийн ноён оргилуудын хамгийн хүнд авиралттай оргилын нэг бол К2 уул. Өндрөөрөө Эверестийн дараа хоёрт орно. Авиралтын зэрэглэлээр бол маш хүнд авиралтад ордог.
–2017 оны аравдугаар сард Отгонтэнгэр хайрханд хавтангийн нуралт болсноос 17 иргэн амиа алдсан. Тухайн үед таны өгч байсан мэдээлэлд зарим иргэд шүүмжлэлтэй хандсан. Та тайлбар хийх боломжтой юу?
-Байгалийн үзэгдлийг бид дүгнэхгүй шүү дээ. Энэ ослыг урьдчилж хэн ч мэдэхгүй. Тухайн үед ослын дараа Засгийн газраас мэдээлэл хийж байсан. Харин үүний дараа сэтгүүлчид надаас яриа авахыг их хүссэн. Би ч хэвлэл мэдээлэлд ярилцлага өгье гэж бодоогүй. Дараа нь телевизээр ярьсан зүйлээ олон удаа сонслоо. Сэтгүүлчид надад дөрвөн асуулт тавьж, түүнд нь хариулсан. Харин зарим нэг хүмүүс миний хэлсэн зүйлд эмзэглэсэн байсан. Би тухайн үед талийгаач Н.Сүрэнжавыг танихгүй гэж хэлээгүй шүү дээ. Энэ хүнийг танилгүй яахав гэсэн. Харин нэг ч удаа хамт ууланд явж үзээгүй гэдгийг хэлсэн. Мэдээж энд тэнд таарах үе байсан. Тиймээс би тэр хүнийг дүгнэж чадахгүй шүү дээ. Одоо нэг зүйлийг санадаг юм. Би тухайн үед албан тушаалыг нь Уулын клубүүдийн холбооны тэргүүн гэж андуурч хэлж байсан. Тэгэхээр би тэр хүнийг ямар байгуулагад харьяалагдаж яваа гэдгийг мэдэхгүй юм чинь дүгнэхэд хэцүү шүү дээ. Бусдаар бол сайн мэдэхгүй гээд хэлчихсэн чинь түүнийг ташаа болгож, иргэдэд хүргэсэн байсан.
-Та амь үрэгдсэн иргэдийн гэр бүлийнхэнтэй нь уулзаж байсан уу?
-Би Эрдэнэтийн С.Баттөрийн ар гэрийнхэнтэй уулзсан. Талийгаач бид Чуйн нурууны Актру хайрханд хамт авиралт хийж байсан. Мөн Сэнгүүн талийгаачийн ахтай нь аялал, жуулчлалын байгууллагад хамт ажилладаг болохоор ойр байдаг.
-Одоо та К2 ууланд авирахаар төлөвлөчихлөө. Мэдээж энэ хүнд авиралт ирэх зунаас эхэлж, хоёр сар орчим үргэлжилнэ. Хэзээ гэр бүлтэй болох вэ?
-Одоогоор төлөвлөсөн зүйл алга даа. Мэдээж миний хоёр дахь том зорилго К2 ууланд авирах байсан. Олон жил тээж явлаа. Дахиад нэг зүтгээд үзье гэж бодож байна. Үүнийгээ биелүүлчээд дараа нь болох байхдаа. (инээв)
-Уулчин хүний хамгийн сайхан мөч. Магадгүй таны хувьд дэлхийн ноён оргил Эверестийн авиралтын тухайд илүү зүйл хэлэх болов уу?
-Мэдээж хүрэх гэсэн оргилдоо, хүрч, зорьсон амжилтаа биелүүлэх шиг сайхан зүйл байхгүй. Эверестэд авирах үед бэлтгэл сайн байсан. Дэлхийн туйл учраас мэдээж хүнд байлгүй яахав. Харин Эверестээс буух үед ходоод өвдсөн. Уулчин хүн бүр гарах гэсэн оргилдоо буучаад явах нь сайхан даа.
-Таны аав ууланд авирах охиноо их дэмжиж байсан гэсэн. Отгонтэнгэр хайрханы бэлд өссөн хүний хувьд илүү нөлөөлсөн байх?
-Би өөрөө л уулын спортод дурласан юм. Өөрийн дуртай зүйлээ хийж байгаа учраас аав хориглоогүй байх. Анх юу хийж явааг минь харчаад гайхсан гэдэг. Харин сүүлдээ намайг зөнгөөр минь орхисон. 2016 онд Эверестид авирч ирсний дараа аав минь бурхан болсон.
-Та www.gangaamaa вэб хуудсаар уулын спортын тухай мэдээллийг иргэдэд өгч байна. Тэгэхээр иргэд ууланд авирахыг мэргэжлийн болон сонирхогчийн талаас нь харж байна уу?
-Энэ вэб сайтаар дамжуулан өөрийн чадах гэж байгаа оролдож байгаа зүйлээ хүмүүст хүргэхийг хичээж байна. Бас үүгээр дамжуулаад сургалт хийх, авиралт зохион байгуулах гээд төлөвлөсөн зүйл байгаа.