ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел, Хятадын дарга Ши Жиньпин нар дэлхийн гангийн зах зээлд үүсээд буй эрэлтээс давсан үйлдвэрлэлийн талаар хэлэлцээд, аж үйлдвэржсэн 20 орны уулзалтын хүрээнд асуудлыг шийдэх гарц олохоор тохиролцжээ.
Хэн хэн нь бүрэн эрхийн хугацаагаа үргэлжлүүлэхээр болсон хоёр орны удирдагч утсаар ярилцахдаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх, АНУ-ын гангийн тарифтай холбоотой үүсээд буй нөхцөл байдлыг арилгахын тулд стратегийн түншлэлээ бэхжүүлэн хөгжүүлэхийг онцолжээ.
Ши Жиньпин, Ангела Меркел нар Дональд Трампын шийдвэрээр АНУ-ын зүгээс явуулж буй олон талт бодлого, үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авч, олон улсын худалдаанд олон талт үйл ажиллагаа явуулахын чухлыг дурджээ.
Хятадын дарга Ши Жиньпин ХБНГУ-ын Канцлерт хандаж хэлсэн үгэндээ “Хятад, Герман хоёр улс хэдийгээр өөр өөр үзэл баримтлалтай боловч Хятадын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд стратегийн түншлэлийг бэхжүүлснээр олон улсын шинэ харилцаанд зөвлөгч боллоо” гэжээ.
АНУ-ын албаны хүмүүс Аргентинд энэ сарын 19-20-ны хооронд зохиогдож буй аж үйлдвэржсэн 20 орны сангийн сайд нарын уулзалтын үеэр Хятадын төрийн өмчит компаниудад улсаас олгодог дэмжлэг болон хөрөнгө оруулалтын бодлогын эсрэг хариу арга хэмжээ авахаар ижил бэрхшээлтэй улс орнуудтай хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
АНУ ган болон хөнгөн цагааны импортод 10-25 хувийн татвар ноогдуулахаар болсноос АНУ болон Хятад, Европын холбооны хооронд худалдааны дайн дэгдэж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Мөн АНУ, Тайвань хоорондоо албаны хүмүүсээ илгээж, туршлага солилцохоор болсон нь Хятадын эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Тайванийг өөрийн өөртөө засах, ардчилсан муж гэж үздэг Хятад бусад улстай бие даан харилцахыг эсэргүүцдэг билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил ажлаа хүлээж авснаас хойш АНУ-ын гадаад худалдаанаас алдагдал хүлээж ирсэнд Хятад, ХБНГУ-ыг буруутгах болсон юм. Хятад хэдийгээр гангийн үйлдвэрлэлийн хэмжээг бага зэрэг бууруулсан боловч АНУ-д хангалтгүй санагджээ.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел өнгөрсөн бямба гаригт хэлсэн үгэндээ Германы зах зээлд дотоодын эрэлт өсч байгаатай холбоотойгоор гангийн нийлүүлэлт буурч байгааг дурдсан.
ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний сайд Петер Алтмайер АНУ-ын гангийн импортын татварыг чөлөөлөх асуудлаар энэ долоо хоногт Вашингтонд айлчлах ажээ. Хэрэв Вашингтон гангийн импортын татвараа цуцлахаас татгалзвал Европын холбоо АНУ-д хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм.
ХБНГУ-ын Сангийн сайд Олаф Шольц аж үйлдвэржсэн 20 орны сангийн сайд нарын уулзалтын үеэр АНУ-ын гангийн импортын татвартай холбоотой асуудлаар АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинтэй хэлэлцээ хийхээ мэдэгдсэн.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел АНУ-ын гангийн импортод татвар ноогдуулах шийдвэр гаргасан нь Дэлхийн худалдааны байгууллагын журмыг зөрчсөн хэмээгээд энэ зөрчлийг зөвхөн яриа хэлэлцээрийн шугамаар л шийдэж болно гэжээ.
Меркел мөн Хятадын Засгийн газрын гишүүдийг Берлинд хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцүүлэгт урьсан байна. Түүний урилгын хариуд Хятадын дарга Ши Жиньпин ХБНГУ-ын Канцлерыг Хятадад айлчлахыг урьжээ.