Биатлоны дэлхийн цомын 2017-2018 оны улиралд багийн буухиа уралдаан 4 удаа зохиогдсон. Сүүлийн гараа нь Осло хотноо өнгөрсөн ням гаригт болж Норвегийн шигшээ баг түрүүллээ. Ингэснээр Норвегийн эрэгтэй буухиа шигшээ багийн тамирчид 3 дахь алтан медалиа хүртэж байна.
Л.Биркеланд, Х.Л’Абе-Лунд, Т.Бьо болон Й.Бьо нараас бүрдсэн Норвегийн залуус үнэхээр супер байсан. Эрэгтэй багийн буухиа уралдаанд өрсөлдсөн нийт 25 улсын шигшээ багаас Норвегийн залуус багаараа ердөө 3 сум алдсан нь тус гараанд хамгийн бага сум алдсан баг болсон. Х.Л’Абе-Лунд 2 сум алдсан бол ах Т.Бьо нэг сум алдсан.
Эрэгтэй багийн буухиа уралдааны медаль хүртсэн баг:
- Норвеги – 1 цаг 13 мин 13.7 сек (3 сум алдсан)
- Австри – +50.3 сек (5 сум алдсан)
- Орос – +56.9 сек (4 сум алдсан)
Ийнхүү Норвегийн эрэгтэй буухиа баг “гэртээ” болсон гараанд түрүүлж эх орон нэгтнүүдээ баярлууллаа. Тус гараанд түрүүлснээр Норвегийн шигшээ баг энэ улирлыг багийн буухиа уралдаанд нийлбэр дүнгээр итгэл төгс тэргүүлсэн.
Б.БЯМБАБАЯР