Хуулийн дагуу уяачдыг 100 мянган төгрөгөөр торгоно

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Морин уралдаан: "Дүнжингарав-2018"

Хуулийн дагуу уяачдыг 100 мянган төгрөгөөр торгоно

Хуулийн дагуу уяачдыг 100 мянган төгрөгөөр торгоно

   

Гуравдугаар сарын 18-ны өдөр буюу ням гарагт Дүнжингарав 2018 уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагджээ. Уралдааны хөтөлбөрийн дагуу 17.00 цаг гэхэд шагнал гардуулаад өндөрлөх ёстой байв. Гэтэл тус уралдаан 22.00 цаг хүртэл  үргэлжилж, харуй бүрийд болсон уралдааны үеэр есөн хүүхэд унаж, гурван хүүхэд  бэртэж, эмнэлэгт хандсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн.Тэгвэл тус уралдаан дээр хяналт тавин ажилласан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай цөөн хором ярилцлаа.

-‘Дүнжингарав 2018” хурдан морины уралдаан шөнийн цагаар  болсон нь олны бухимдлыг хүргээд байна. Энэ уралдааныг зохион байгуулахад танайх оролцсон гэсэн. Танай зүгээс ямар оролцоотой байсан бэ?

-Гуравдугаар сарын 18-ны өдөр  Говьсүмбэр аймгийн Баянтал гэдэг газар “Дүнжингарав 2018”  хурдан  морины уралдаан болсон. Нийтдээ дөрвөн насны морьд уралдсан. 2018 оны Засгийн газрын 19-р тогтоолтой холбогдуулан уралдаанд 12 наснаас дээш  насны хүүхэд уралдах зохицуулалтай байгаа.Энэ хүрээнд уралдаж байгаа хүүхдүүдийн насны хязгаарт хяналт тавих, насны  шаардлага хангасан хүүхдийг бүртгэх, нөгөө талаасаа уралдаанд стандартад тогтоосон  хувцас хэрэглэлтэй оролцож байгаа зэргээр манай байгууллага хяналт тавьж ажилласан. Нийт 307 хүүхэд хурдан морь унахаар бүртгүүлсэн. 16 хүүхэд мориноос унасан. Гурван хүүхэд хүнд гэмтсэн. Тэднээс нэг хүүхэд Улаанбаатар ирж, ГССҮТ-д эмчилгээ хийлгэж  байгаа. Мөн  нэг хүүхдийн шилбэний яс хугарсан. Өөр нэг хүүхэд ухаан алдаж унасан. Тэдгээр хүүхдүүд аймгийн төвийн эмнэлэг дээр эмчилгээ хийлгүүлж, бие нь сайжирч байгаа гэсэн мэдээлэл өгсөн.

-Юунаас болж ийм олон хүүхэд унаж бэртэв. Магадгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй шөнөөр зохион байгуулсантай холбоотой юу?

Морь машин хоёр хоорондоо  холилдоод үзэгдэх  орчин хязгаарлагдаж, асар их тоос боссон. Энэ тоосон дунд хүүхэд машинаа харалгүй мөргөж, мориноосоо унаж байгаа юм. Зохион байгуулалтын хувьд тун хангалтгүй байсан. Уралдаж байгаа  морины тоотой, дагаж яваа машины тоо тэнцүү байсан гээд л бод л доо. Их насны морьдын уралдаан  дээр  гэхэд  морьтой уралдаж байгаа хүүхэд урд яваа  машинаа харахгүй мөргөж ухаан алдсан тохиолдол гарсан.Тийм учраас  соёолон насны уралдааныг цуцалж өгөөч, цаг орой болсон байна гэх хүсэлтийг зохион байгуулагч Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/ болон уяач нарт тавьсан. Гэтэл  бодит байдал  дээр уралдааныг үргэлжүүлээд дууссан. Бидний үгийг хүлээж аваагүй.  Хүүхдийн байгууллагын ажилтны  хувьд бид 22.00 цаг өнгөрч байхад   мориноос гээгдсэн хамгийн сүүлийн хүүхдүүдээ аваад бариа руу орж ирсэн.

-Уралдаанч хүүхдүүдийн  насны тухайд?

-Манайх 12 наснаас  доош хүүхдийг огт бүртгээгүй. Гэтэл уяачид төрсний гэрчилгээ дээр хүүхдийн зураг байдаггүйг далимдуулж, 12 нас хүрсэн хүүхдийн гэрчилгээг авчраад унаач хүүхдүүдэд цээжлүүлээд бүртгүүлсэн байгаа юм. Жишээлбэл, өнөөдөр хотод эмчилгээ хийлгэж байгаа 11 настай хүү байна. Гэтэл Төв аймгийн уяач залуу авчраад 12 настай хүүхдийн гэрчилгээгээр бүртгүүлээд уралдуулсан. Одоо энэ хүүхдийн даатгалтай холбоотой, эмчилгээтэй холбоотой зардлыг шийдэж өгье гэхээр боломжгүй болсон. Даатгуулагч этгээд  нь өөрөө тэр гэмтсэн хүүхэд биш учраас хэцүү.  Энэ нөхцөл байдлыг нягтлаад үзсэн чинь манай  цахим бүртгэлийн  систем дээр бүртгэлтэй, сүүлийн хоёр жил дараалж хурдан морь унаж байгаа 11  настай хүүхэд байсан гэдэг нь тодорхой болсон. Уралдаанд нийт 307 хүүхэд бүртгэгдсэн.12 настай 85 хүүхэд,13 настай 62 хүүхэд, 14 настай 49 гэх бүртгүүлсэн

-Харанхуй шөнөөр уралдаан зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндийн хохироосон асуудалд хэн хэнтэй хариуцлага тооцох ёстой вэ?

Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 28-нд өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон. Яагаад хориглосон бэ гэхээр уралдаанд 12 наснаас доош хүүхэд оролцуулах нь амь  нас эрүүл мэндэд  нь  аюултай л гэсэн үг.  Тэгэхээр мэдээж уралдаанд журамд зааснаас  бага насны  хүүхдийг уралдуулсан уяачидтай хариуцлага тооцно.

-Тэрхүү уяачид ямар арга хэмжээ авах вэ?

-Хүүхдийн эрхийн байцаагч зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу  энэ асуудал дээр зөрчлийн хэрэг нээгээд гэмт буруутай этгээдэд хуулиар хүлээлгэх   хариуцлагыг оногдуулна. Зөрчлийн тухай хуулиараа 100 мянган төгрөгөөр л торгоно.

-Төв аймгийн хэн гэдэг уяач юм. Нэрийг нь хэлж болох уу?

Төв аймгийн уяач Ч.Отгонбаяр. Хэрэв хүүхдийн бичиг баримтыг нь хуурамчаар бүртгүүлээгүй байсан бол ийм асуудал гарахгүй байх байсан юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж