"Мон Лаа" группийн ерөнхийлөгч Х.ЭНХСАЙХАНТАЙ ярилцлаа.
-Таныг Баянхонгор аймгийн Заг сумын иргэдэд Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөөр нь компани байгуулж өгсөн гэж дуулсан. 1000 гаруй иргэн нэгдсэн гэсэн үү?
-Баянхонгор аймгийн Заг сум 1900 орчим хүн амтай. Түүний 1495 иргэн нь санал нэгтэйгээр "Загийн гол нэгдэл" хувьцаат компанийг байгуулсан. ТУЗ-өө сонгосон. Иргэн тус бүр Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө нийлүүлж, манай компанийн зүгээс 50 хувийг нь гаргасан. Одоо тус сумаас дахин 100 хүн компанид орох хүсэлтээ ирүүлээд байгаа. Энэ асуудлыг ТУЗ хуралдаж шийдвэрлэнэ.
-Компани байгуулах гол зорилго нь юу байв. Та Баянхонгор аймгийн харьяат хүн үү?
-Миний аав Баянхонгор аймгийн Заг сумын хүн л дээ. Би эцэг эхээс 13-уулаа. Миний хувьд сайн сайхан яваагаа аавдаа харуулж амжаагүйдээ харамсч явдаг. Аавынхаа нутагт ямар нэгэн үр өгөөжтэй зүйл хийх юмсан гэж бодоод л явдаг байсан. Хөдөөгийнхөн малаа дагаж амьдралаа авч явдаг. Зуд зурхан болно. Мал ахуй нь бага болоод ирэхээр амьдрал нь хүнд болдог. Мөн сум бол бага хэмжээний төсөвтэй. Баяр наадам, аливаа тэмдэглэлт ой болохоор санхүүгийн боломж маш бага байдаг. Ингээд нутаг усныхаа өнгөтэй өөдтэй яваа хүмүүсээ л царай алддаг. Энэ бол аль ч газар байдаг зүйл л дээ. Манай компанийн хувьд бол 1999-2009 он хүртэл малжуулах төсөл, баяр наадам тэмдэглэх зэрэгт нутаг усныхандаа тусалдаг байсан. Сүүлд бодож байхад сумандаа мөнгө өгөөд л байдаг. Гэтэл тэр мөнгө хаачсан бэ, байхгүй. Энэ сумыг хүнээс мөнгө гуйдаггүй болгох юмсан гээд ноолуурын үйлдвэр, махны үйлдвэр, ноосны үйлдвэр олон л юм хийе гэж бодлоо. Сум маань жижигхэн, зах зээлгүй учраас болохгүй байсан. 2010 онд Хүний хөгжил сангийн мөнгө олгох талаар яригдаж эхэллээ. Бөөнөөрөө 40-өөс дээш хүн нэгдэж юм хийх боломжтой болж ирсэн. Ингээд Заг сумандаа очиж нутгийнхантайгаа уулзалт зохион байгууллаа. Тэгтэл сумын Соёлын төвд багтахгүй, урд өмнө нь хэзээ ч цуглаж байгаагүй хүн цугласан. Миний хувьд бол "Бүгдээрээ нийлээд юм хийе. Би та нарыг дэмжье. Та нар Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө оруул. Та бүхэн 21 мянгаа оруулбал, би 10500 төгрөг оруулъя. Ингээд 31500 болгоё. Бүгдээрээ сумаа хөгжүүлье" гэж хэлсэн. Тэд дэмжсэн.
-Төрөөс халамжийн мөнгө олгох болоод, дээр нь таныг дэмжээд өгөхөөр тэд санал нэгтэйгээр нэг баг болж чаджээ. Та бүхэн зөвшилцөөд чацаргана, төмс хүнсний ногоо тарих нь илүү үр өгөөжтэй гэсэн шийдэлд хүрэв үү?
-Чацаргана тарьсан. Яагаад чацаргана тарих болов гэхээр нэгдүгээрт, хөрс голохгүй ургадаг. Хоёрдугаарт, халуун хүйтний температур хамгийн өндөр газар хамгийн их тос, "С" витамин гаргадаг сортын чацаргана ургах боломжтой. Гуравдугаарт, жимсээ авах үед борлогдохгүй гэж айх юм байхгүй. Жишээлбэл, манайд Япон, Хятад улсаас чацаргана авах гэж ирдэг. 100, 1000 тонныг авъя гэдэг. Харин манайд бөөнөөрөө, их хэм жээгээр олдоц ховор байдаг. Тиймээс чацаргана тарихаар шийдсэн юм.
-"Загийн гол нэгдэл" ХК маань хичнээн га газарт чацаргана, төмс хүнсний ногоо тарьсан бэ?
-120 га газарт 160 мянган чацаргана тарьсан. Суулгацаа ОХУ-аас оруулж ирсэн. Одоогийн байдлаар чацаргана маань гөлөглөсөн нь 60 хувь, гөлөглөх гэж байгаа нь 30 хувьтай байгаа. Энэ бол маш том амжилт гэж бодож байна. Энэ жил нэмж 100 мянган чацаргана тарина. Чацаргана гурваас дөрвөн жилийн дараа үр жимсээ өгнө. Тэр хүртэл энэ хүмүүс маань орлогогүй сууна гэдэг хэцүү шүү дээ. Тийм болохоор бид хамгийн сайн сортын төмс 100 тонныг 30 га газарт тарьсан. Сайн ургаж байгаа. Мөн бид Швейцариас Дэлхийн ургамал судлалын академийн Ерөнхийлөгчийг урьж авчраад чацарганаа үзүүлсэн. Тэд үнэхээр гайхаж хүлээж авсан. Тэд "Ингэж хүмүүст тусалж болдог юм байна. Бид санхүүжилтийг нь хийгээд, танай аль нэг сумыг дааж аваад, энэ туршла гаар чинь хүмүүст тусалъя" гэж байсан.
-Энэ хувьцаат компанийг байгуулснаар хичнээн ажлын байр бий болов?
-"Загийн гол нэгдэл" хувьцаат компанид байнгын ажлын байр 60, түр ажлын байр 50 орчим байгаа.
-Компанийн ТУЗ-ийн гишүүнд сумын иргэдээс ямар ажил эрхэл-дэг хүмүүсийг нь сонгосон бэ?
-Компанийн ТУЗ-д сумын одоогийн удирдлага, эмч, багш, нутаг усандаа хүндлэгддэг сайн хүмүүс нь орсон. Мөн би өөрөө ТУЗ-ийн нэг гишүүн нь. Бидний тооцоолсноор эхний гурваас дөрвөн жилд манай компани менежментийг нь авч явна. ТУЗ болон иргэд хяналтаа тавина. Одоогоор хүмүүс маань 100 хувь сэтгэл хангалуун байгаа. Бид Заг суманд хийсэн ажил маань болж байгаа юм чинь дараагийн суманд болох нь уу гэж судалж үзсэн. Ингээд саяхан дахин гурван суманд компани байгуулаад ирлээ. Эдгээр сумдад 900,700,1200 хүнтэй компани байгуулсан. Миний бодож төлөвлөж байгаа юм бол ойрын дөрөв таван жилдээ аймгийн 21 сумаа бүгдийг нь нэг нэг компани болгоё. Бүгдэд нь чацаргана тарья. Хажуугаар нь давхар нарийн ногоо тарья. Ингээд аймгаа нарийн ногоогоор хангадаг болъё гэж байгаа юм. Манай Заг сум 400 орчим өрхтэй. 150 өрх нь сумын төвд байдаг. Долоо найман жилийн дараа зөвхөн чацарганаараа сумын төвийн 150 айлыг орон сууцжуулах боломжтой юм байна гэсэн тооцоотой байгаа. Нарийн ногооноос орох орлогоороо иргэддээ тухайн жил жилд нь ашгийг нь өгөөд явна. Нэг иргэн компанидаа 220 мянган төгрөг хувьцаа болгон оруулсан. Хойтон гурван сард төмсөө борлуулад дуусахад нэг иргэнд 220 мянган төгрөг оногдоно гэж тооцоолж байгаа. Бид төмсөө бөөндөхгүй. Бүх сумдаар тарааж борлуулах төлөвлөгөөтэй байгаа.
-Шинээр компани байгуулж байгаа гурван сумандаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх үү, зөвхөн чацаргана, төмс хүнсний ногоогоо тарих юм уу?
-Чацаргана болон төмс хүнсний ногоогоо мөн тарина. Чацаргана маань гурав, дөрвөн жилийн дараа үр дүнгээ өгнө. Түүнийг хүлээж суухгүйгээр эхний ээлжинд нэг суманд нь ноосны үйлдвэр байгуулаад эсгий хийхээр төлөвлөсөн. Энэ зун 60-аад тонн ноос худалдаж авсан. Дараагийн суман дээр жижигхэн махны үйлдвэр байгуулна. Тэнд хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийнэ. Баянхонгор аймгийг хангачих хэмжээний юм хийнэ гэж төлөвлөж байгаа. Чацаргана үр ашгаа өгөөд эхлэхээр анх оруулсан мөнгөнөөсөө хэд дахин их орлого орно шүү дээ. Тэр орлогоор нь сумын төвийг орон сууцжуулъя гэж байгаа.
-Таны ажигласнаар өнөөгийн хөдөөгийн залууст юу дутагдаж байна?
-Орон нутгийн залууст чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй, ажлын байр хомс байна. Үүнээс шалтгаалан залуус архи их ууж байна. 11 дүгээр ангиа төгссөн залуус сумын төвөөс жаахан зайдуу гараад архи уудаг. Эмэгтэйчүүд нь нэг гэртээ цуглаад хов ярьдаг. Сүүлийн 20 жил ийм л байгаа. Залуус маань ажил хийж сайн сайхан амьдрахыг хүсч байна. "Загийн гол нэгдэл" компани сумын төвөөс 20 километр зайтай. Тэгэхэд сум бараг тэр аяараа нүүгээд ирчихэж байгаа байхгүй юу. Анх мод тарих гэж байхад найман настай балчраас, наян настай буурлууд хүртэл ирсэн. Үнэхээр гайхалтай. Зарим нь дэлгүүр нээж байна, хуушуур буузаа хийгээд зарж байна. Тэд ажилтай, орлоготой, хамт олонтой болохыг хүсч байгаа нь харагдаж байна шүү дээ. Тэдэнд орчныг нь бүрдүүлж өгөх нь маш чухал юм.
-Улс орноо хөгжүүлэхийн тулд яг юу хийх шаардлагатай гэж та боддог вэ?
-Хөгжлийг би хүний хүмүүжил гэж боддог. Хүмүүс янз бүрээр л тайлбарладаг л даа. Өндөр байшин барилга, боловсрол гээд л. Иргэдээ хүмүүжилтэй л болгоё. Тэгэхийн тулд ажилд сургая. Итгэл үнэмшилтэй болгоё. Боловсрол бол стандарт. Монгол Улсад 160 дээд сургууль байна. 12 дугаар анги төгсч байгаа хүүхдүүдийн 90 хувь нь их, дээд сургуульд ордог болсон. Тэгээд яг мэргэжлээрээ ажиллаад, сурсан мэдсэнээ улс эх орондоо зориулаад явж байгаа хүмүүс маш цөөн бий. Хамгийн чухал юм бол хүмүүжил. Хүмүүжилтэй ард түмэнтэй улс орон хөгжинө. Ардчилал хэрэгтэй юү гэвэл ус агаар шиг хэрэгтэй. Гэхдээ хүмүүжилгүй ардчилал бол зүгээр л хүн дүрстэй малнуудын цуглаан болж хувирч байгаа юм. Бат-Үүл баатар хэлж байсан шүү дээ. Ийм ардчилал бид хүсээгүй юм гэж. Үнэхээр бид ийм анархизм ардчилал, ийм зэрлэг капилизмын ардчилалыгхүсээгүй. Хүмүүсийнхээ амьдралыг сайн сайхан болгох гэж, улс орноо хөгжүүлэх гэж ардчилал хийсэн. Гэтэл манайд энэ бүхэн нь бараг байхгүй болоод байна. Миний ойлгоод байгаагаар нэн түрүүнд хүмүүжил хэрэгтэй. Хүмүүжлийг бий болгохын тулд боловсролын системд оруулж өгөх ёстой. Боловсрол гэхээр Харвардад 100 мянган доллар төлөөд суралцуулах, эсвэл нэг сая таван зуун мянган төгрөг төлөөд их, дээд сургуульд орохыг хэлэхгүй. Хүмүүжлийг бий болгохын тулд боловсролд мөнгө хаях хэрэгтэй. Тэр дундаа ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтад энэ бүхэн шаардагдаж байна. Тэнд багшлах багш нарыг хамгийн өндөр цалинтай байлгах. Тэгээд тэдэнд өндөр стандарт тавих нь чухал юм. Багш нар өндөр хариуцлага ёс суртахуунтай, өндөр мэдлэг ур чадвартай байх ёстой. Үүнийг л ойрын 10 жилд хийж чадах юм бол манай улс Японы ард түмэн шиг болж чадна. Уул уурхайгаас мөнгө орж ирнэ. Үүнийг зөв юманд зарцуулах ёстой. Хамгийн түрүүнд боловсролын салбар шүү дээ. Сургууль, цэцэрлэгийг маш олноор нь байгуулах хэрэгтэй. Ингээд ирвэл бид наад тал нь 12 жил, цаад тал нь 15 жилийн дараа гэхэд үнэхээр гайхамшигтай ард түмнийг бэлтгэж чадна. Бидний үр хүүхдийг ингэж бэлтгээд өгөөч гэж төр засгаасаа хүсч байгаа юм л лаа. Дараа нь тэр боловсролтой, тийм хүмүүжилтэй хүмүүс чинь улс орноо илүү их хөгжүүлээд цааш нь аваад явна шүү дээ.
-Та бизнесмэн хүн. Мэдээж "Мон Лаа" группийн ард олон зуун айл өрхийн амьдрал байгаа. Бизнесийнхэн аль нэг намын харьяалалд орсноор тендерт ялах, бизнесээ өргөжүүлэх зэрэгт нь илүү дөхөм болдог гэдэг. Энэ үнэн үү?
-Ер нь тогтсон бизнес хийж байгаа, арга эвээ олчихсон компаниудад бол энэ нэг их ач холбогдолгүй. Харин шинээр гарч ирж байгаа, эсвэл дунд хугацаанд явж байгаа компаниудад бол үнэхээр үнэн. Хэн нэгнийг дэмжихгүй, аль нэг намыг дагахгүй бол бизнес нь явдаггүй. Ер нь энэ бол ганцхан Монголд байдаг зүйл биш шүү дээ. Дэлхий даяар л байгаа. Бид л ганцхан өөрсдөдөө байгаа юм шиг яриад байгаа болохоос, хүн төрөлхтний зохиосон систем, тоглоомын дүрэм шүү дээ. Түүгээр л явна. Энэ асуудал Америкт байж л байна, Хятадад ч байж л байна.
-Баянхонгор аймгийн Заг сум "Загийн гол нэгдэл" ХК-тай боллоо. Нутгийн иргэд ажил төрөлтэй, хамт олонтой, зорилготой боллоо. Одоо та бүхний цаашдын зорилго юу вэ?
-Баянхонгор аймгийн 20 суманд бүгдэд нь компани байгуулаад өгөх юмсан гэж бодож байгаа. Болж өгвөл өөрөө байгуулах бодол байна. Ингэхийн тулд мэдээж хөрөнгийн чадвар хэрэгтэй болно. Ямар ч байсан нэг сумыг төгс болгох гээд хичээж байна. 2014-2016 он гэхэд энэ сум гайхамшигтай болно. Гайхамшигтай болгоно. Монгол Улс 330-аад сумтай. Нэг компани нэг сумыг иргэдтэй нь аваад явахад манай улс маш хурдан хөгжинө. Мэдээж аж ахуйн нэгжүүд, бизнесийн байгууллагууд ороод ирэхээр өрсөлдөөн бий болно. Илүү хурдтай хөгжинө. Нөгөө нэг миний эрхэм зорилго бол хүчирхэг Монголыг бий болгохын тулд би юу хийж чадах ёстой юм бэ. Мэдээж хүн үр хүүхдээ сайн сайхан явуулахын төлөө хөдөлмөрлөдөг, тэмцдэг. Тэгэхээр миний хүүхэд хүүхдийн маань хүүхэд тийм хүчирхэг улсад амьдраасай. Тэр улсыг бий болгохын тулд бид одооноос эхлээд өөрсдийнхөө чадах чинээгээр зогсолтгүй хөдөлмөрлөх юмсан. Түүнээс биш субботник хийх тухай яриагүй шүү дээ. Мэдээж одоо сайхан амьдрахын төлөө ярьж байгаа. Хөдөлмөрлөөд ашгаа ол, үр шимыг нь хүрт. Гэхдээ илүү их хөдөлмөрлөөд тэр хугацааг илүү нааш нь болгох нь л хамгийн чухал. Ер нь зөв удирдаад, зөв чиглүүлээд явах юм бол болно л доо. Төр, засагт гарч байгаа хүмүүстээ бид буруу сонголт хийгээд, буруу хүмүүс гаргаад байвал хэцүү. Тэд нар нь тендер, хувийн орон сууц, хувийн компани зэрэг ойрын юм бодоод "Намгийн мэлхий далай байдгийг мэддэггүй нь гайхамшигтай" гэдэг шиг байвал манай хөгжил удаан явна. Дэлхий өөрөө хөгжиж байна. Монгол орон хүссэн хүсээгүй хөгжинө. Гэхдээ удаан уу, хурдан уу гэдэг асуудал л байгаа юм. Миний тооцоогоор 2025 он гэхэд одоогийн Өмнөд Солонгосын хэмжээнд оччих болов уу гэж мөрөөдөж байна. Солонгосууд бүгдээрээ хөдөлмөрлөж байж хөгжсөн. Харин манайх хэд нь хөдөлмөрлөж байгаад тийм болгох вэ гэвэл сонин л доо. Уг нь бүгдээрээ хөдөлмөрлөж байгаад хөгжвөл илүү их ашигтай. Амьдрах чадвартай болно.