Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар ХКН-ын дарга Ши Жиньпинд хугацаагүй бүрэн эрх олгохыг зөвшөөрсний дараа намын шийдвэр гаргах удирдах түвшний халаа сэлгээ, томилгоо ид үргэлжилж байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар Ерөнхий сайд Ли Көцяныг хоёр дахь таван жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөн баталсан байна.
Мөн Гадаад харилцааны сайд Ван И-г Төрийн зөвлөхөөр томилжээ. Өнөөдөр өглөө тус хурлаар Хятадын Гадаад харилцааны сайд Ван И-г Төрийн зөвлөхөөр томилж, улсын шийдвэр гаргах түвшинд тушаал дэвшүүлсэн байна.
Хятадын дарга Ши Жиньпин намын дүрэмд өөрчлөлт оруулж, улсыг бүх насаараа удирдахаар болсноос хойш намын бүх шатан дахь хүнд суртал, авлига, хээл хахуулийг арилгах зорилгоор халаа сэлгээ хийж эхэлсэн билээ.
Хятадын гадаад харилцааны бүтэц нь шийдвэр гаргах түвшин дэх хязгаарлагдмал эрх мэдлээс болж улс үндэстний албан ёсны дипломат байр суурийг бүрэн дүүрэн илэрхийлж, чаддаггүй гэдэг шүүмжлэлд өртөж ирсэн. Төрийн зөвлөхийн албанд томилогдсоноор Ван И засгийн газрын сайд нараас илүү эрх мэдэлтэй болж байгаа ажээ.
2013 онд Хятадын Гадаад харилцааны сайдаар томилогдсон Ван И дэлхий нийтийн өмнө тулгамдсан олон асуудалд Хятадын гадаад харилцааны байр суурийг хатуу баримталж ирсэн топ дипломатч юм.
Энэ сарын 8-нд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэл гаргахдаа Ван И “Дэлхий дахинд АНУ-ын эзэлж буй байр суурийг эзлэх санаа Хятадад байхгүй. Хятадыг дайсан хэмээн цоллох нь АНУ-ын стратегийн буруу бодлого ” хэмээн хэлсэн.
Тэрбээр мөн Вашингтонд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулсан.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлаар өнгөрсөн бямба гаригт Хятадын Авлигатай тэмцэх газрын дарга Ван Цишанийг дэд ерөнхийлөгчөөр сонгосон билээ. Ван Цишанийг Хятад АНУ-ын адармаатай харилцааг сайжруулахад улсын гадаад бодлогод голлох үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа ажээ.
Харин Ван Цишаний оронд Хятадын авлигатай тэмцэх шинэ агентлаг буюу Үндэсний хяналт, шалгалтын хорооны даргаар Ши Жиньпиний туслах, ХКН-ын Сахилга Батыг Хянан Шалгах Төв Хорооны дэд дарга Ян Сяодуныг томилсон нь олон хүний хувьд санаанд оромгүй шийдвэр байсан гэнэ.
Мөн Хятадын Батлан хамгаалахын сайдад өнөөдөр Стратегийн цөмийн хүчний дарга, генерал Вэй Фэнхэг, Олон нийтийн аюулгүй байдлын яамны дэд сайд Фу Жэнхуаг Хууль зүйн яамны сайдаар томилсон байна.
Эх сурвалж: South China Morning Post