Б.Гангаамааг марканд мөнхөллөө

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Б.Гангаамааг марканд мөнхөллөө

Б.Гангаамааг марканд мөнхөллөө

Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа сэдэвт шуудангийн маркийн нээлт өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд боллоо.

Дэлхийн долоон тивийн ноён оргилд Монгол улсын төрийн далбаагаа мандуулсан амжилтаараа Б.Гангаамаа “Seven summiteer” болсон юм. Түүний энэхүү амжилтыг “Монгол шуудан” ХК марканд мөнхөллөө.

Маркын дизайнерыг Ж.Ганхуяг гаргасан бол зураачаар Ч.Бат-Эрдэнэ ажиллажээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, Спортын газраас мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажилласан байна. 

15 мянган ширхэг хэвлэгдсэн энэхүү маркыг өнөөдрөөс худалдаанд гаргасан бөгөөд нэг бүрийн үнэ 1500 төгрөг. Маркийг “Монгол шуудан” ХК-ий Улаанбаатар хотын салбар болон 21 аймгийн салбараас авч болох аж. 

Монголын маркийн түүхэнд уулын спортын “Монголын уулчид Гималайд” сэдэвтэй шуудангийн маркийг “Монголын уулчдын холбооны 50 жил”-ийг тохиолдуулан 2001 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйлгээнд гаргаж байжээ. Тэгвэл энэхүү түүхэн өдрөөс хойш 17 жилийн дараа “Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа” сэдэвт блок маркийг гаргасныг олон нийтэд танилцууллаа.

Б.Гангаамаа “Долоон тивийн ноён оргилоо гүйцээгээд ирсний дараахан надад “Монгол шуудан” ХК-иас маркний талаар санал тавьж байсан. Тухайн үед би зөвшөөрөөгүй. Тэгээд өнгөрсөн оны наймдугаар сарын 22-ны өдөр саналыг хүлээн авсан байгаа. Маркаар дамжуулан тухайн улс, орны түүх соёл үлддэг. Маркийг зурсан зураачдаа баярлалаа. Миний хувьд К2 ууланд авирахаар төлөвлөсөн байна. Энэхүү аялал ирэх зун болно.” гэсэн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж