Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр / 2018.03.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах мэдээллийг өгөв.
Хар тамхитай холбоотой хэргээр 68 хүнийг шалгаж байна
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас он гарсаар нийт 38 хэрэгт 68 хүнийг хар тамхины хэргээр холбогдуулан шалгаж байна. Энэ сарын 14-ны байдлаар гэхэд нийт 28 хүнд хар тамхитай холбоотой хэргийг шалгаж байгаа.
Тухайлбал, 2018 оны гуравдугаар сарын 6-7-ныг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3,26-р хорооны нутаг дэвсгэрээс европын холбооны улсаас хууль бусаар оруулж ирсэн мансууруулах төрлийн бодис худалдаалдаг бүлэг этгээдийг эд мөрийн баримттай нь баривчилжээ. Тэд Монгол Улсын иргэн 20-49 насны залуус байжээ.
Мөн энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс манай улсад ургадаг мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар бэлтгэж борлуулдаг Г-г гэгчийг илрүүлэн баривчилсан.
Энэ төрлийн гэмт хэрэгт Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2.4, 192.3.5 зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ялаар шийтгэгдэж шүүхээс оргон зайлсан ялтан Я гэгч нь хамсаатан долоон этгээдийн хамтаар хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэж бусдад худалдаалж байхыг олж тогтоосон. Эл хэргийг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж байна.
Үлэг гүрвэлийн олдворуудыг хууль бусаар хилээр гаргасан нь тогтоогдсон
Монгол улсын хилээр хууль бусаар үлэг гүрвэлийн олдворуудыг гадагш гаргасан гэх асуудлаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас шалгалт явууллаа. Энэ хүрээнд Монгол улсаас БНСУ, Франц улс руу гаргасан үлэг гүрвэлийн олдворууд нь Монгол Улсын хилээр хууль бусаар гаргасан байсныг шалгалтын явцад тогтоогдсон. Одоогоор холбогдох байгууллагууд Монгол руу буцаан авах үйл ажиллагааг эхлүүлсэн байна. БНСУ-ын шүүхээс Монгол улс үлэг гүрвэлийн олдворуудаа буцаан авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд буцаах боломжтой’ гэсэн хариуг илгээсэн. Эдгээр олдворууд нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрээс гарсан болох нь Палеонтологийн хүрээлэнтэй хамтарсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Мессеж зараар танилцаж эд зүйлсийг нь дээрэмджээ
Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сараас эхлэн мессеж зарын дагуу биеэ үнэлэгч охидтой танилцан ёс бусаар бэлгийн харилцаанд орж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэргүүд бүртгэгдсэн. Уг хэргийг өмнө нь ял эдэлж байсан хоёр этгээд үйлдсэн байна.
Эрүүгийн цагдаагийн албанаас энэ хэрэгт шуурхай ажиллахад таван хэрэгт долоон хохирогч тогтоогоод байна. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд нь 1989 онд төрсөн А,Ч гэгч дээрэмдэх, хулгайлах, хүчиндэх гэмт хэрэгт ял эдэлж байсан хоёр этгээд болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Дээрх этгээдүүдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн байцаах арга хэмжээг үргэлжлүүлж байна. Иймд мессеж зарын дагуу хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон охид эмэгтэйчүүд байвал Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг зөвлөлөө.
Э.Ариун