Хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар П.Тэмүүжин шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар П.Тэмүүжин шалгарлаа

Хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар П.Тэмүүжин шалгарлаа

Монголын Үндэсний Олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа билээ.

Хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар таэквондогийн спортын тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нийт саналын тоогоор шалгарчээ. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард Индонезийн Жакарто хотноо явагдсан Азийн наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан медалийг хүртсэн юм. П.Тэмүүжин “Рио 2016” зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, таэквондогийн тамирчдаас Монгол улсын түүхэн дэх анхны ялалтыг байгуулж өсөх ирээдүйтэй тамирчин билээ. Тэрбээр энэ оны эхэнд гарсан амжилтаараа хоёрдугаар сарын шилдэг тамирчин болж байна.

Сарын шилдэг тамирчдын шалгаруулалтын удаах байрт Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, боксын тамирчин Б.Мишээлт, жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар нар орсон юм.

Мөн боксын тамирчин О.Жаргалан, Х.Энх-Амар нар Энэтхэгийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон амжилтаараа өрсөлдлөө. Хоёрдугаар сарын шилдэг тамирчин шалгаруулах шалгаруулалтад жүдо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг багтсан билээ.

Өмнөх саруудад “Сарын шилдэг тамирчин” шагналыг Д.Сумъяа (жүдо бөх), П.Орхон (чөлөөт бөх), Д.Батсүрэн (шатар), 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Хүслэн (усанд сэлэлт) нар тус тус хүртсэн.

“Сарын шилдэг тамирчин”-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг. Хоёрдугаар сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад 5800 гаруй хөгжөөн дэмжигч, 30 гаруй спортын сэтгүүлчид оролцжээ. Шалгаруулалт гуравдугаар сарын 9-16-ны хооронд болсон байна.

ХОЁРДУГААР САРЫН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН:

НИЙЛБЭР ДҮН:

О.Жаргалан – 11,5%

Б.Мишээлт – 13,7%

П.Тэмүүжин – 41,5%

М.Уранцэцэг – 12,4%

Ц.Цогтбаатар – 13,5%

Х.Энх-Амар – 7,4%

Олон нийтийн санал асуулгын дүн:

О.Жаргалан – 6,3%

Б.Мишээлт – 23,8%

П.Тэмүүжин – 46,1%

М.Уранцэцэг – 10,6%

Ц.Цогтбаатар – 9,1%

Х.Энх-Амар – 4,2%

Спортын сэтгүүлчдийн санал асуулгын дүн:

О.Жаргалан – 16,7%

Б.Мишээлт – 3,6%

П.Тэмүүжин – 36,9%

М.Уранцэцэг – 14,3%

Ц.Цогтбаатар – 17,9%

Х.Энх-Амар – 10,7%

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж